Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьлаа
2010.10.29

Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьлаа

Ц.Элбэгдорж: “Оюутнуудын цалин, тэтгэмжийн асуудлыг Ерөнхийлөгчийн цалинг нэмэгдүүлэхээс урьтаж Улсын Их Хурал шийдвэрлэх ёстой гэж би үзэж байна”


elbegee_01Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Их Хурлын “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьлаа.

Уг хоригт, “Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2008 оны түвшнээс 3 дахин өсгөхөөр заасан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалинг Засгийн газрын тогтоолоор, түүнчлэн, төрийн  албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалинг Улсын Их Хурлын тогтоолоор, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Монгол Улсын иргэн, оюутан залуус, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “хуульд заасан тохиолдолд эд мөнгөний туслалцаа авах”, 7 дахь хэсэгт зааснаар “сурч боловсрох эрхтэй” байна. Оюутан залуусын эдгээр эрхийг хангаж, хэрэгжүүлэх зорилгоор, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан, “Дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх асуудал, Засгийн газрын байр сууринаас болж ихээхэн хойшилж байна.
Оюутан залуусын цалин, тэтгэлэг, тэтгэмжийн хуулийг хэлэлцэн батлаагүй байхад, Ерөнхийлөгчийн цалинг нэмэгдүүлэхээр Улсын Их Хурал шийдвэрлэсэн нь шударга ёс тогтоох, иргэддээ ялгамжгүй үйлчлэх төрийн зорилгод нийцэхгүй. Оюутнуудын цалин, тэтгэмжийн асуудлыг Ерөнхийлөгчийн цалинг нэмэгдүүлэхээс урьтаж Улсын Их Хурал шийдвэрлэх ёстой гэж би үзэж байна.
Иймд “Монгол Улсын Үндсэн хууль”-ийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 8, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын Их Хурлын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх хэсгийн “ТӨ-1”-д хамаарах хэсгийг хүчингүй болгохоор хэсэгчлэн хориг тавьж байна” гэжээ.

Олон нийттэй харилцах мэдээлэл боловсруулах алба

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.