2010.10.29

“Дэлхийн улс орнуудын парламент” шинэ номын нээлт боллоо

Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 20 жилийн ойд зориулан УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаачдын баг    “ Дэлхийн улс орнуудын парламент” энциклопеди номыг  бүтээж уншигчдын хүртээл болголоо. Өнөөдөр 14 цагт  Төрийн ордон дахь  УИХ-ын номын санд тус номын нээлт болж, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог нар нээж үг хэллээ.

Энэхүү хураангуй лавлах номонд дэлхийн 193 орны талаархи товч мэдээлэл, төрийн байгуулал, парламентын тогтолцоо, 2 орны харилцаа, хамтын ажиллагааны талаархи  мэдээллийг багцлан, судалгааны түвшинд боловсруулалт хийж оруулсан болно.

Номын “Товч лавлах” хэсэгт тухайн улсын түүх,  газар зүйн байршил, хүн ам, хэл, соёл, шашин шүтлэг, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг оруулсан бол “Төрийн байгуулал” хэсэгт  засаглалын хэлбэр, тогтолцоо,  Үндсэн хуулийн зохицуулалт,төрийн институци хоорондын харилцаа зэрэг мэдээллийг, “ Парламент” хэсэгт парламентын засаглалын онцлог,  чиг үүрэг, сонгуулийн тогтолцоо зэрэг мэдээллийг, мөн  “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа” хэсэгт  тухайн оронтой Монгол улсын тогтоосон дипломат харилцаа , хамтын ажиллагаа болон парламент хоорондын харилцааны асуудлыг тус тус оруулсан болно.

Энэхүү номыг бүтээх санаачлагыг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн Эрх зүй, төрийн байгуулалт, гадаад бодлогын судалгааны хэсэг гаргасныг УИХ-ын Тамгын газрын удирдлагууд хүлээн авч дэмжлэг  туслалцаа үзүүлсэний үр дүнд  зохиогчдын баг болон редакцийн баг 7 сарын турш  нөр их хөдөлмөр зарцуулан гадаад хэлнээс мэдээлэл хөрвүүлэх, судалгааны хэмжээнд болосвруулалт хийх зэргээр ажилласныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Судалгаанд авагдсан нийт 193 орноос Австрали, далайн орны-14 орон, Ази тивийн 43 орон, Америк тивийн- 35 орон,Африк тивийн -53 орон, Европ тивийн- 48 орны талаархи мэдээллийг энэхүү номноос авч болно.

Номын зохиогчдын багт доктор проф. (PhD)  Ю.Эрдэнэтуяа, Монгол Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, 1990-1992 оны Ардын Их Хурлын депутат Б.Буяндэлгэр, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, доктор, профессор О.Нямдаваа, , докторант  Ш.Хишигсүрэн, Б.Хатантуул,  судлаач  У.Мөнхбат,  К.Пүрэвсүрэн  нар  ажиллажээ.

Мөн редакцийн багт  Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,  гавъяат хуульч  Ц. Шаравдорж   болон   УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С. Магнайсүрэн, Судалгааны төвийн дарга доктор (Ph.D) Ц. Норовдондог, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц. Нарантунгалаг,  Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх  докторант Л. Өлзийсайхан  нар ажиллаж ,  УИХ-ын гишүүн, гавьяат хуульч, доктор проф. Д. Лүндээжанцан ариутган шүүсэн болно.

Энэхүү ном нь дэлхийн улс орнуудын парламентын  тогтолцооноос гадна төрийн байгуулал болон бусад ерөнхий мэдээллийг  системтэй, цэгцтэй агуулсан тул бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид болон олон улсын харилцаа, парламент судлал, улс төр судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачид,  оюутнууд, мөн  гадаад харилцаа, хамтын ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага, иргэдэд мэдээллийн лавлах болон ашиглагдаж  уншигчдын ширээний ном болно гэдэгт найдаж байна.

Монгол улсад дэлхийн бараг бүх орныг багтаасан төрийн байгуулал, парламентын тогтолцооны талаархи  бүрэн хэмжээний мэдээллийг  агуулсан лавлах ном одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд  УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн санаачлан гаргасан энэхүү бүтээлийг Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан төр засагтаа  өргөн барьсан бэлэг, парламент судлалд оруулсан  томоохон хувь нэмэр хэмээн үнэлж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.