Монгол банкны ерөнхийлөгчийн хэлснээр инфляци нэг оронтой тоонд баригдах зүйл биш
2010.11.02

Монгол банкны ерөнхийлөгчийн хэлснээр инфляци нэг оронтой тоонд баригдах зүйл биш

Нийгэмд тулгамдаад байгаа шийдвэрлэвэл зохих зарим асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигтай ярилцлаа.
sedvanchig_suugaaa -Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаатай холбоотой мөнгөний нийлүүлэлт нэмэгдлээ. Гэсэн хэдий ч инфляцийг нэг оронтой тоонд барьж болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлж байсан. Энэ хэр үндэстэй амлалт юм бол?

-Инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг амьдрал дээр хэцүү. Юмны ханш гэдэг зах зээлийн эрэлт хэрэгцээ, иргэдийн худалдан авах чадвартай харилцан уялдаж тогтдог зүйл. Тэгэхээр зөвхөн мөнгөний бодлогоор инфляцийг барина гэдэг өрөөсгөл ойлголт. Мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлөх л байх л даа. Гэхдээ үүнийг Монголбанкны ерөнхийлөгч болон Монголбанкныхан амаар хэлээд нэг оронтой тоонд барьчихдаг зүйл биш юм. Тэр тусмаа эдийн засаг ингэж тэлж байгаа энэ үед. Монгол улсад орж ирж байгаа мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Уул уурхайн том төслүүд эргэлтэнд орж, Монгол улсын эдийн засаг тэлж байгаатай холбоотойгоор мөнгөний урсгал наашаа яваад байна шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй газар бизнес явдаг, идэвхиждэг бичигдээгүй хуультай. Төрийн бодлого, мөнгөний бодлогоор 100 хувь зохицуулагдахгүй. Тэр тусмаа манайх шиг ийм чөлөөт, хяналтгүй эдийн засагтай оронд шүү. Манай улсын тухайд орж, гарч байгаа мөнгөний урсгал, дээрээс нь бараа таваарын эрэлт, нийлүүлэлт бүгд чөлөөтэй шүү дээ. Гаднаас ямар хэмжээний валют орж ирээд ямар мөнгөнд хувираад, ямар хэлбэрээр  гараад явчихаж байгаа, ямар хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн гадагшаа яваад тэрний оронд ямар хэмжээний мөнгө орж ирж байгааг төр 100 хувь хяналтандаа авч чадаагүй байгаа ийм нөхцөлд инфляцийг барих нь битгий хэл зах зээл дэх мөнгөний дүнгээ зөв тооцож чадаж байна уу гэдэг ч эргэлзээтэй юм.

-Монгол Улс хямралаас гарсан гэсэн нэг хэсэг байхад, хямрал дуусаагүй гэсэн хэсэг байх шиг. Тэгэхээр таныхаар монголчууд хямралаас гарсан уу?

-Тэрийг өнөөдөр хэн ч баттай хэлж чадахгүй шүү дээ. Өнөөдөр манай эдийн засаг хямралтай байна. Барилгын салбарынхаа бизнесд төрөөс мөнгө гаргаж жаахан худалдан авалт хийлээ шүү дээ. Түүнээс биш баригдчихсан байгаа орон сууц борлогдож байгаа юм байна уу? Дээрээс нь банкны салбарыг хар. Малчдаасаа аваад өрөнд баригдчихсан байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид ч ялгаагүй банкны өрөнд орчихсон, банкууд нь эрсдэлээс айгаад хангалттай зээл гаргаж чаддаггүй. Ийм байхад хямралаас гарсан гэж ярьж болох уу?. Ерөнхийдөө Монголын эдийн засаг, төсөв тэлж, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа нь тодорхой. Тэр агуулгаараа арай ч зогсонги биш байна л даа.

-Төрийн албан хаагчдыг цомхотгоё гээд байдаг. Гэсэн атлаа цалинг нь нэмээд төрд ажиллах сонирхолтой иргэдийг улам даллаад байгааг юу гэж ойлгох вэ?

-Таны хэлж байгаа ерөнхий санааг дэмжиж байна. Ер нь бол төрийн захиргааны алба нэлэнхүйдээ нүсэр бүтэцтэй болчихсон юм билээ. Манайх шиг 2.7 сая хүн амтай улсад төрийн 150 мянган албан хаагч гэдэг бол их тоо. Хүн амынхаа тоотой харьцуулахад төрийн албан хаагчид хэдэн хувийг эзэлж байна гэдгээр нь төрийн албаны бүтээмжийг харж болдог юм билээ. Тэгэхээр ийм баялаг бүтээдэггүй, ажлын байр бий болгодоггүй төрийн албаны орон тоо данхайгаад байгаа нь буруу юм. Төрийн албаныхан маань өөрөө татвар төлөгчдийн мөнгөөр л амьдралаа залгуулж байгаа хүмүүс шүү дээ.  Ингэж төрийн албаны бүтэц орон тоог нэмэгдүүлж байгаа нь Засгийн газрын зардлыг ихэсгэж, төсөвт ачаалал өгөх, инфляцийг хөөрөгдөх гол шалтгаан болоод байна. Үүнээс үүдээд инфляцийг хүчээр барих гэсэн Монголбанкны мөнгөний хатуу бодлого нь эргээд арилжааны банкны зээлийн хүү буурахгүй байх бас нэг шалтгаан нь болж байна. Энэ тал дээр Засгийн газар санаачлагатай ажиллахгүй байна. Гол нь энэ орон тооны давхардлуудыг арилгах хэрэгтэй. Нэг хүний хийх ажлыг гурван хүн хийдэг байдлыг цэгцлэх ёстой юм. Тухайлбал яамдууд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гэсэн гурван удирдлагатай. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг л гэхэд дарга, орлогч дарга дотроо бас газрын дарга, орлогч гэсэн ийм давхардсан бүтэцтэй байхад ажил урагшлахгүй. Нэг хүний ажлыг гурван хүнээр хийлгэж байхаар өндөр цалин өгөөд нэг хүнээр хийлгэх нь зүйтэй юм.  Ер ажлын ачаалал багатай хүн өөр л юм боддог байхгүй юу. Яаж хулгай хийх, шахааны ямар бизнесс хийх вэ, хэнээс авилга авах вэ гэх мэт.. боломж гарахыг хараад сууж байдаг, тэр ч байтугай төрийн албан хаагч нэрээр хувийн компанийн төлөөллийг хэрэгжүүлдэг, улс төрийн өндөр албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй сууж байдаг хүмүүс ч төрийн албанд шургалсан байдаг бололтой юм. Гэхдээ үүнийг бүх төрийн албан хаагч нарт хамруулж байгаа юм биш, тодорхой хэсэгт нь хамрах асуудал. Цалингийн хувьд нэмэх асуудлыг буруу гэж бодохгүй байна. Хамгийн гол нь миний түрүүний ярьсан ажлын байрны давхардлыг  арилгах хэрэгтэй. Тэгээд ч Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж бусад улс оронтой харьцуулахад дэндүү доогуур байна. Чөлөөт эдийн засагтай улс оронд дундаж цалин 300 мянган төгрөг гэдэг бол амьдралаа залгуулахад хүрэлцэхгүй мөнгө шүү дээ.

-Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөл бий болдог. Үүнийх нь гайг нөгөө хувийн хэвшлийнхэн үүрдэг. Ийм байж болох уу. Үүнийг нь төр зүгээр хараад суугаад байх уу?

-Тэгэхээр төрийн албан хаагчдын цалин нэмэх сургаар бизнес эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ гэдэг өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэхгүй юм. Энэ бол цэвэр тухайн бизнес эрхлэгчдийн ёс зүйн асуудал. Хэн ч бодсон “цалин нэмэгдчихлээ, үнээ жаахан өсгөөд өгчихье” гэж сэтгэж ашиг харах нь буруу юм. Тийм болохоор манай бизнес эрхлэгчид жаахан ч гэсэн иргэдээ боддог, улс эх орноо гэсэн сэтгэлтэй баймаар байна. Цалин нэмэгдэх асуудал хувийн хэвшлийнхэнд дарамт болдог гэдэг бол яах аргагүй үнэн. Би өөрөө хувийн хэвшилд ажиллаж байсан хүний хувьд мэдэж байна. Ер нь монголд цалингийн хэмжээ бага шүү дээ. Тийм болохоор заавал төрийн албан хаагч гэлтгүй нийтээр нь нэмээд явах нь зөв гэж би боддог. Нэмэх боломжоо бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлийнхний тухайд бүтээмжээ дээшлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх тал дээр менежмент хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бүтээмж муутай ажлын байр зах зээлийнхээ хуулиар шахагдаад ирж байгаа юм. Энэ бол чөлөөт өрсөлдөөний зах зээлийн хууль.

 

ТӨРИЙН МӨНГӨӨР АМИА АРГАЦААСАН БАЙДАЛТАЙ ХОЛ ЯВАХГҮЙ

-Арилжааны банкуудын хөрөнгийн чадамжтай холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж байна. Энд банкуудыг нэгтгэх асуудал нэлээд хурц яригдаж байх шиг. Гэсэн атлаа ажил хэрэг болгохгүй байгаа нь юутай холбоотой юм бол?

-Манай санхүүгийн салбарын бүтэц зөвхөн арилжааны банкууд дээр суурилчихсан бүтэц байгаа юм. Тэгээд арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн чадамж бага, түүнийгээ дагаад найдвартай үйл ажиллагаатай биш байна. Ер нь иргэдийн хадгаламж, гадны зээл тусламж, төрийн захиргааны харилцах данс, мөн төрийн сангуудын болон төсөл хөтөлбөрүүдийн мөнгө, энэ бүхэн л арилжааны банкуудыг авч явж байна шүү дээ. Гадаад зах зээл дээр босгосон мөнгө болон томоохон зээл тусламжаар орж ирж байгаа их хэмжээний мөнгийг эргэлтэнд оруулах, хөрөнгө мөнгөтэй холбоотой эрсдлийг дааж ажиллаж чадах банк цөөн байна шүү дээ. Иймээс арилжааны банкуудыг томруулж, аль болохоор нэгтгэх нь зөв юм. Ингэснээр тухайн банкны эрсдэл даах чадамж нэмэгдэнэ шүү дээ. Түүнээс биш төрийн мөнгөөр амиа аргацаасан байдалтай удаан явахгүй. Үүнээс гадна төрийн мөнгийг байршуулчихаад эргээд нөгөө мөнгөөрөө улс төрийн болон төрийн албан тушаалтанд нөлөөлж байгаа нь төрийн бодлогыг сулруулаад байна гэж бодож явдаг. Бас төрийн мөнгийг байршуулж байгаад банкаа дампууруулчихдаг. Жишээ нь “Төв ази”, “ХОТШ”, “Ардын банк”, хамгийн сүүлийн жишээ бол “Зоос”, “Анод” байна. “Зоос”, “Анод”-ын тухайд бүр их сонин. Банкыг нээлттэй компани болгож хөрөнгийн биржээр дамжуулж мөнгө босгосон хойноо дампууруулсан. Бас нэг асуудал бол дампуурах нь тодорхой болчихсон байхад төрийн мөнгийг байршуулаад байсан байгаа юм. Жишээ нь “Алт” хөтөлбөрийн мөнгө, “Монгол Улсыг хөгжүүлэх сан”-гийн мөнгө, Төрийн захиргааны байгууллагуудын харилцах дансны үлдэгдэл гээд олон хөрөнгө байсан. Тэгээд энэ бүгд явсаар байгаад “Зоос” дээр 100 тэрбум, “Анод” дээр 150 тэрбум, нийлээд 250 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөр төлүүлж, төрийн нуруунд үүрүүлчихсэн. Энэ байдал давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Тийм болохоор чадамжийг нь нэмэгдүүлэхийн тулд нэгтгэх нь зөв юм.

-Хадгаламж дахь мөнгөнд төрөөс баталгаа гаргаж байгаа нь эрсдэл даах чадварыг сулруулахаас гадна банкуудын нэгдэх үйл явцад төр өөрөө саад болоод байгаа хэрэг биш үү?

-Банкууд бие биеэсээ харилцан хамаардаг эмзэг салбар л даа. Ухаандаа энд нэг банк дампуурахад нөгөөдөө хүндээр тусч байдаг. Тийм болохоор л тэр эрсдлийг тооцож хадгаламж, харилцах дансанд төр баталгаа гаргасан юм шүү дээ. Тэгээд ч бүх харилцах данс, хадгаламжинд баталгаа гаргасан байснаа сүүлд өөрчилсөн. Анх банк иргэдийн мөнгийг ямар ч өндөр хүүтэй хадгалсан байсан хамаагүй дампуурсан тохиолдолд төр 100 хувь төлөхөөр хийсэн байсныг Монголбанкны бодлогын хүүтэй тэнцэх хэмжээнд л төр баталгаа гаргахаар болгосон. Үүнийг зөв, буруу гэж дүгнэхэд хараахан эрт байна. Баталгааны хуулийг  эргэж харах ёстой.

 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГЫГ ӨӨРЧЛӨӨГҮЙ ЦАГТ ХОТЫН УТАА АРИЛАХГҮЙ

-“Утаагүй Улаанбаатар” буюу “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулахаар тодорхой асуудлыг тусгасан. Хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа яваа бол.? Өвөл ирж, өнөөх л утааны асуудал сэтгэл түгшээж эхэллээ.

-Утаа хэн хүний сэтгэлийг түгшээсэн асуудал болоод удаж байна. Энэ тал дээр төрөөс олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлага байдаг ч үр дүнд хүрээгүй. Тэгэхээр утаагүй болъё гэж байгаа бол гэр хорооллоо барилгажуулах хэрэгтэй. Ингэж байж л асуудал бага ч гэсэн цэгцрэх байх. Бусад асуудлыг дараа нь шийдэж болно. Ер нь бол төр энэ асуудалд дорвитой арга хэмжээ авах цаг болсон.

-Жил бүрийн төсөвт агаарын бохирдлыг бууруулахаар хөрөнгө суулгадаг. Гэтэл мөнгө нэмж гаргахын хэрээр агаарын бохирдол буурах бус харин ч нэмэгдсээр байгаа. Үүнд тайлбар хийгээч?

-Төсвөөс гаргаж байгаа мөнгө утааг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй байгаа нь мэдээж. Хэдийгээр жил бүр төсөвт мөнгө нэмж суулгадаг ч цаад асуудал нь өөрөө тэр хэмжээний мөнгөөр шийдвэрлэчихээргүй асуудал шүү дээ. Дараагийн нэг асуудал бол тэрийг хэрэгжүүлж байгаа аргад байна. Бас л нөгөө төсвийн мөнгийг зувчуулдаг, нааш цааш нь хийдэг тэр байдал нөлөөж байгаа. Олон жил Сангийн яаманд чухал ажил хийж байсан одоо ч хариуцлагатай алба хашиж байгаа нэгэн.. би нэрийг нь хэлээд яахав. Бид хоёр гадаадад явж байгаад дэлгүүрт утаагүй түлш зарж байгааг хараад “Үүнийг л манайхан хийгээд сурчихвал утаанаасаа амархан салж болохоор байна даа” гээд би асуулаа. “Утаагүй түлш төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд мөнгө гаргаад л байдаг. Үр дүн нь хаана байна?” гэсэн чинь нөгөө хүн маань тэр төсөл хөтөлбөрийн чинь мөнгөний 50 орчим хувь нь л үндсэн ажилдаа зарцуулагдаж, үлдсэн нь дарга нарын халаас руу ороод байгаа юм чинь үр дүн гэж яриад яах юм бэ гэж байсан. Тэр бол худлаа ярихааргүй хүн л дээ. Төрийн бодлогыг шат шатанд иймэрхүү байдлаар унагаад байгаа нь үр дүн гарахгүй байгаа гол шалтгаан болоод байна.

-Утааг арилгах зорилгоор төсөвт суулгаж байгаа мөнгө хаанаа ч хүрэхгүй байгаа юм бол “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр цаасан дээр буусан мөрөөдөл болж үлдэх магадлал өндөр юм биш үү?

-Зөвхөн төсвөөр энэ асуудлыг шийдэхгүй юм байна, тийм учраас тусгай хөтөлбөр боловсруулж, уул уурхайгаас гарч байгаа баялгаа тухайлбал нүүрсээ барьцаалж мөнгө босгоод асуудалд нэг мөр хандъя гэсэн яриа явж байсан. Энэ бол тийм ч болохгүй зүйл биш л дээ. Ер нь тэгээд нэг их муу амлаад яах уу, яваандаа асуудлыг шийдэхийн төлөө төрийн бодлого чиглэх болно. Уг нь уул уурхайгаас мөнгө орж ирж байна шүү дээ. Тэр мөнгөө л зөв зүйтэй, ашигтай зүйлд нь хяналттай зарцуулах хэрэгтэй байна. Тэгж эс чадаад нөгөө мөнгөө нохойн замаар оруулчихвал ёстой нөгөө “баялгийн хараал” нэрвээд, нөгөө авлига хээл хахуул нь бүр цэцэглээд, эдийн засаг нь жинхэнэ утгаараа уруудаад эхэлбэл засахад хүнд болно шүү. Ерөнхийлөгч сая парламентын 20 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр их тодорхой хэлсэн шүү дээ. “Өнөө хүртэл Монгол улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрөөс авлигачид гурван тэрбум долларыг зувчуулсан байна. Хэрэв энэ гажуудлыг бид засахгүй юм бол энэ авлигын хэмжээ хэд дахин нэмэгдэх нээ” гэж. Үүнийг би хувьдаа цаг үеэ нэлээд мэдэрсэн хүний үг болов уу гэж хүлээж авсан шүү. Африкийн Ботсван гэж улс байна. 1961 онд байхаа, тусгаар тогтносон, далайд гарцгүй, дээрээс нь 2 сая хүн амтай, парламентын засаглалтай улс. Мал аж ахуй, ашигт малтмал буюу алмазын том ордоос эдийн засгаа бүрдүүлдэг. Африкийн ийм жижиг улс хүртэл  богино хугацаанд хурдацтай хөгжиж болсон сайн жишээ. Засаг захиргааныхаа бүх нэгжүүдийг хатуу хучилттай замаар холбочихсон, ажилгүйдлээ шийдчихсэн, нэг хүнд ногдох бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр манайхаас гурав дахин их. Ингэж хөгжсөн нууц нь маш энгийн. Ерөөсөө л ашигт малтмалаас олсон орлогоо төр нь бүрэн хянаж маш зөв зарцуулсан байдаг юм билээ. Энэ мэт зөв хөгжсөн орны туршлагаас бид суралцах хэрэгтэй байна.

-Орон нутгаас шилжин ирэх явдал сүүлийн үед сэтгэл зовоосон асуудлын нэг болж байна. Энэ тал дээр төр ямар бодлого явуулж байна вэ?

-Энэ төвлөрөл бол шуудхан хэлэхэд ядууралтай холбоотой. Уг нь бол нэг газар төвлөрүүлэх биш сум орон нутагт нь ажлын байр бий болгох хэрэгтэй юм л даа. Төрөөс явуулж буй жижиг дунд үйлдвэрийн бодлого ч үүнтэй уялдаатай явах учиртай. Тэгэхээр орон нутагт ажлын байр бий болгож, тэндээ орлого олдог тийм л төрийн болоод хувийн хэвшлийн бодлого байх ёстой болов уу.

-Цаг зав гаргаж, төрийн бодлогын талаар илэн далангүй яриа өрнүүлсэнд баярлалаа.

-Манай нэгэн ухаантай хүн “Бид эх орондоо эзний сэтгэлээр хандахгүй юм бол гадны хүн зочны сэтгэлгээгээр хандана шүү” хэмээн хэлснийг санаж явцгаая.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.