2010.11.02

Хүндэвтэр нөхцөлтэй Үндсэн хуулийн журамд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш хоёр удаа нэмэлт оруулжээ. Тухайн үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын талаар янз бүрийн санал гарч байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар түүнийг улам боловсронгуй болгох талаар сүүлийн үед улс төрийн намууд, улстөрчид, эрдэмтэн судлаачид нэлээд ярих боллоо. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа парламентад хамгийн олон суудал авсан МАХН, АН-ын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд ч энэ талаар тодорхой заалт оруулсан байдаг.

 

Иймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өмнө энэхүү өөрчлөлтийг хэрхэн хийх тухай асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй гэж үзээд 2009 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр захирамж гарган Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийг Монгол Улсын гавьяат хууль Б.Чимидээр ахлуулан байгуулсан билээ.

 

Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд тун шахуу ажиллаж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг бэлэн болгосныг уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр, С.Оюун, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин, Д.Энхбат нар аравдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.

 

Дэлхийн улс орнуудын практикт нэмэлт, өөрчлөлт оруулж болох хялбар нөхцөлтэй журам тогтоосон уян хатан Үндсэн хууль, хатуу нөхцөлтэй  журам тогтоосон хатуу Үндсэн хууль үйлчилдэг байна. Хатуу нөхцөлтэй журам нь дотроо хоёр янз байдаг аж. Тухайлахад, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцэж ард нийтийн санал асуулгаар баталдаг, хоёр парламент дамжиж хэлэлцдэг, эсвэл төв парламент, орон нутгийн парламент нэг бүрээр хэлэлцдэг хүнд нөхцөлтэй,  нөгөө нь парламентын гишүүдийн гуравны хоёр, дөрөвний гурвын саналаар хэлэлцэж баталдаг харьцангүй хүндэвтэр  нөхцөлтэй журамтай байдаг.

 

Манай улс ийм хүндэвтэр нөхцөлтэй журам тогтоосон орны тоонд багтдаг юм байна.  Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн  зургадугаар бүлгийн жаран наймдугаар зүйлийн хоёрт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.“, жаран есдүгээр зүйлийн нэгд “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална” гэж заасан үндэслэл нь хүндэвтэр нөхцөлтэй журамд хамаарч байгаа тул эрхэм гишүүд энэ зарчмыг түүнийг баримталж  хуулийн төслийг боловсруулсан юм байна.

 

Мөн уг хуулийн төсөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй байх тохиолдлын хязгаарыг зааж өгсний дээр хууль санаачлагчид нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол ямар хүрээнд оруулж болохыг тогтоож өгчээ. Харин энэ хууль нь Үндсэн хуулийг хянан үзэх, өөрчлөх асуудлыг зохицуулахгүй гэж үзэж байгаа аж. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол энэ тухай хууль хүчин төгөлдөр болсон он, сар, өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин  оруулахыг хориглохоор тусгажээ.

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хуулийн төслийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс тулгуур, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуульт байгуулал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлсэн улсын гол хуулийн тогтвортой байдлыг хамгаалан хангах, нийгмийн зайлшгүй тулгамдсан асуудлаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулиа дээдэлж, түүний зургадугаар бүлгийн жаран найм, жаран есдүгээр зүйлд заасан үндэслэл, заалтыг  баримталж зөв хэрэглэх, нарийвчилсан журмыг тогтоон зохицуулахад чиглэгдэж байгаа аж.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Н.Энхболд, Р.Раш, Д.Одхүү, Д.Дондог, Г.Баярсайхан нар төсөл санаачлагчдаас зарим зүйлийг асууж тодруулав. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.