2010.11.12

Холбоо мэдээллийн хувьд нэг улсын хараат болж болзошгүй байна

Үндэсний аюулгүй байдлын нэгэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь мэдээллийн аюулгүй байдал. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс болж олон сөрөг ур дагавар гарч байсан баримтууд байдаг. Тухайлбал: Англи Улсад HUAWEI компанийн нийлүүлсэн тоног төхөөрөмжид мэдээлэл хулгайлах чип илэрч байсан гэнэ. Тэгвэл Карибын тэнгисийн зөрчилдөөний үеэр АНУ, ЗХУ-ын хооронд холбооны хэрэгсэл 12 цаг саатаж, цөмийн мөргөлдөөн гарах дээрээ тулж байжээ. Үүнээс сургамж авч АНУ-ын ерөнхийлөгч захирамж гарган Үндэсний холбооны системийг байгуулан Засгийн газрын мэдээллийн технологийн төслүүдээ зөвхөн үндэсний үйлдвэрлэгч компаниуддаа өгдөг болсон байна.

Тэгвэл манайд ямар байгаа билээ. Мэдээлэл, холбооны технологийн хурдтай хөгжил, түүнийг хууль бусаар ашиглах хэдэн түмэн арга бий болсон өнөөгийн нөхцөлд Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын ойлголт маш сул, төрийн стратеги бодлого бүрэн боловсруулагдаагүй, ихэнх байгууллага мэдээллийн аюулгүй байдлыг хангах цогц удирдлагагүй байгаа аж. Ийм дүгнэлтийг үндэсний аюулгүй байдлын болон мэдээлэл холбооны мэргэжилтнүүд хийж байна.

Энэ талаар өчигдөр Төрийн ордонд эхэлсэн "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" сэдэвт сургалт семинараар ярилцаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа дээрх сургалт-семинараар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Ц.Даваадорж “Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулга", Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдлын судалгааны төвийн дарга О.Машбат "Оршин тогтнохуйн аюулгүй байдал", Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт Д.Адъяабазар "Дотоодын аюулгүй байдал" гэсэн сэдвээр илтгэл тавилаа.

 

Мөн ШУТИС-ийн Мэдээллийн технологийн профессор Т.Халтар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт Д.Энхбат "Мэдээллийн аюулгүй байдал" сэдвээр тус тус илтгэл тавьж чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сургалтын үеэр мэдээллийн аюулгүй байдал сэдвээр ярилцах үед аливаа улс өөр аль нэг улсаас тоног төхөөрөмж худалдан авах замаар мэдээллийнхээ нууцлалын асуудлыг хангаж чаддаггүй, харин үндэсний алгоритмаа зохион, худалдаж авсан төхөөрөмжтэйгөө уялдуулан хэрэглэх замаар нууцлалын асуудлаа шийддэг гэдгийг илтгэгчид хэлж байлаа. Мэдээллийн технологийн хөгжил асар хурдтай явж байгаагаас ямар ч мэдээллийг тайлах боломжтой болж байгаа юм. Холбоо, мэдээлэлжүүлэлтийг эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой салбар гэж үздэг. Тиймээс мэдээллийн хувьд нэг буюу нэг хэсэг улсаас хараат байх болох нь мэдээллийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг байна.

 

Манай улсын хувьд зах зээл нь бага учраас холбоо, мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа оператор компаниуд техник хэрэгслээ сонгохдоо үнийн хямдыг нэгдүгээрт тавьж байгаагаас холбоо мэдээллийн салбарт нэг улсын хараат болох байдалд хүрч байгаа аж. Энд ганц жишээ хэлэхэд Мобиком, Скайтель, Жимобайль, Юнителийн дамжуулах, холбох зэрэг төхөөрөмжүүд бүгд Англид нийлүүлсэн тоног төхөөрөмждөө мэдээлэл хулгайлах чип суурилуулсан байсан гээд байгаа БНХАУ-ын HUA­WEI компанийн болон мөн БНХАУ-ын ZTE компанийн тоног төхөөрөмж байна. Тэр ч байтугай манай төрийн өмчит Мэдээлэл холбооны сүлжээ компанийн олон улсын орох гарах ярианы тариф хянах төхөөрөмж ч хүртэл ZTE компанийнх байна. Түүнчлэн БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл"-ийг гүйцэтгэх тендерт мөн л ZTE компани шалгарчээ.

 

Ингэж нэг улсад үйлдвэрлэсэн төхөөрөмжийг хэт хяналтгүй ашиглаж байгаагаас мэдээлэл алдагдах, устгагдах, өөрчлөгдөх эрсдэлийг ихэсгэдэг аюултай юм.

 

Мэдээллийн аюулгүй байдал зөвхөн төрийн мэдээллийн аюулгүй байдлаар хязгаарлагддаггүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх, язгуур эрх ашгийн бүрэлдэхүүн хэсэг болсон үндэсний эв нэгдлийг алдагдуулахад ч нөлөөлдөг гэд-гийг семинар-сургалтын үеэр ярьж.сонгуулийн үеийн сурталчилгаа, захиалгат нэвтрүүлэг үзэгчдэд хэрхэн нөлөөлдөгөөс үүнийг харж болох юм гэдгийг жишээ болгон дурдлаа.

 

Үүнтэй холбоотой бас нэг жишээ хэлэхэд "Нийтийн мэдээллийг ашиглан хууль бус оролдлого хийгүйгээр дайсныхаа тухай мэдээллийн 80-аас багагүй хувийг олж авч болно". Аль-Кайдагийн террорист сургалтад ийм заавар байдаг ажээ.

Ш.Эрдэнэчимэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.