Тэмдэгтийн хураамжийн хуулийн төслийн тухайд Ажлын хэсэг байгуулахаар болов
2010.11.16

Тэмдэгтийн хураамжийн хуулийн төслийн тухайд Ажлын хэсэг байгуулахаар болов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар  эхлээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /шинэчилсэн найруулга/, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тtbb_horooөслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Эдгээр нь Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн хуулиуд юм.

 

Хуралдаан даргалагч Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, хуулийн төслүүдийг нэгбүрчлэн хэлэлцээд явах тухай дуулгаж, асуух асуулттай гишүүдийн нэрсийг авч байлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, биднийг хуулиа ингээд байнга өөрчлөөд байдгаас болоод гадныхан хөрөнгө оруулалтаас татгалзаад байдаг юм биш үү хэмээн хуулийн төсөл санаачлагчдаас асууж, эдгээр хуулийн өөрчлөлт нь төвлөрлийг сааруулах, иргэдийн хурлын эрх мэдэл нэмэгдэхэд нөлөөлж байна уу, үгүй юу гэдгийг лавлаж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Зоригт эрчим хүчний зөвшөөрөл, газар ашиглалтын зөвшөөрөлтэй холбоотой асуулт асуусан бөгөөд энэ нь гишүүдийн анхаарлыг нэлээн татсан.  Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төслөөр бол   энэ талаарх зарим зүйл заалт нь бодит байдалд төдийлөн хэрэгжих боломжгүй гэмээр байсан тул хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгүүд яаралтай засч залруулахыг Байнгын хорооны дарга онцолж байв.

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан төсөл санаачлагчаас архи, согтууруулах ундааны хураамжийн талаар тодруулан асуусан. Сангийн яамны ажилтны хэлснээр бол, 90-ээд аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан байдаг ч   үйл ажиллагаа явуулж буй нь цөөхөн байдаг аж. Зөвшөөрлийн хугацаа 3-5 жил  гэнэ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, 200 сая төгрөг төлөөд архины үйлдвэрлэл явуулах эрх авдаг юм байж.  Бизнест хөлөө олоод зүгширсэн нь тэсч үлдээд, шинэ тутам нь хоцроод үлдэх гээд байгаа юм биш үү. Тэмдэгтийн хураамжийн хуулийн төслийг буцаахад гэмгүй гэж байсан.

 

Харин энэ асуултад хариулт болгож Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ, архины үйлдвэрүүдийн хувьд 200 сая төгрөг байгаа, архи худалдан борлуулах аж ахуйн нэгж, газруудын хувьд   50 сая гэж байгаа. Спиртийн үйлдвэрлэл дээр бол энэ лицензээ аваад үйл ажиллагаа явуулдаг тодорхой хэдэн газрууд байна. Ер нь бол Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан. Улс монополь эрхтэй байх тал дээр. Тэгээд ч аль ч улсад спирт, архины үйлдвэр монополь байдаг, харин борлуулдагууд нь тусгай гэсэн зарчмаар явдаг. Ер нь энэ бол бодлогын асуудал байх ёстой хэмээн хариулж байлаа.

 

Байнгын хорооны үг хэлсэн гишүүд энэ үеэр асуулт асууж, саналаа илэрхийлэхдээ Засгийн газар том компанийг ивээн тэтгэсэн, жижиг бизнес эрхлэгчдэд хүндээр туссан хуулийн төслийн өөрчлөлт оруулж иржээ гэж байв. Зарим гишүүн хуулийн төсөл санаачлагчдаас та нар ер нь өөрчлөх ёстой л гээд байгаагаас биш   энэ хуулиа сайн судалсан юм уу ч гэж асуусан.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөн энэ талаар нэг бодолтой буйгаа хэлээд  энэ хууль батлагдвал орлогын чухам хэдэн хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд очих вэ зэрэг тооцоог нарийвчилсан эсэхийг асуусан.

 

Сангийн сайд хариулахдаа, энэ хуулиар багавтархан хураамж төлөөд цаашдаа үйл явцдаа хариуцлага нь алдраад явдаг хариуцлагын асуудлыг л голчлон тусгахыг хичээсэн. Хариуцлага гэдгийг л гаргаж ирэхийг анхаарсан хэмээн хариулж байв.

 

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, иргэдийн хамгийн их сонирхдог асуудал бол тэмдэгтийн хураамж юм гээд спиртийн томоохон үйлдвэрлэгчдэд ногдох хураамж 200 сая гэдгийг Сангийн яам ер нь тооцож тавиагүй байна. Тэмдэгтийн хураамжийн хуулийн төслийг буцаах саналтай байна, та бүхэн дахин боловсруулж, янзлаач ээ гэж байлаа. Гишүүн Б.Чойжилсүрэн ч мөн буцаах саналтай байгаагаа хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, зарим татвар замбараагүй байна, харилцан адилгүй байгаа нь харагдаж байна, тэгэхээр буцаах, буцаадаггүй юм бол ажлын хэсэг гарган төвөгтэй асуудлууд дээр нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн юм.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, гишүүдийн ярьж байгаа нь үнэн, тэгэхээр хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг оновчтой, амьдралд нийцтэй болгохын тулд Ажлын хэсэг гаргаж ярилцах нь зөв байх гэсэн юм. Ингээд Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх дээр санал хураахад байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг  авсан юм.  Гэхдээ ажлын хэсэг томилон Сангийн яамтай хамтарч ажиллахаар болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.