
Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд БНУУ-ын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхлаа
Өнөөдөр /2025.04.08/ Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламент Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаевад бараалхлаа.
Уулзалтын эхэнд Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаева, хүндэт зочдыг тавтай морилохыг уриад, Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблейд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцож буйд талархал илэрхийлэв. Тэрбээр, олон жилийн түүхтэй манай хоёр улсын найрсаг харилцаа нийгэм, цаг үеийн хөгжлийн өөрлчөлтөд улам бүр бэхжин, өргөжин тэлж буйг онцлон тэмлэглэв. Түүнчлэн өнгөрсөн оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, онцлох үйл явдал болсныг тодотголоо.
Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, манай хоёр улсын харилцааны эрх зүйн таатай орчныг бэхжүүлж, хууль тогтоох дээд байгууллага хооронд харилцан айлчлал хэрэгжүүлэх, туршлага солилцох зэргээр нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн хэмээн Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаева дурдлаа. Мөн өнгөрсөн 10 дугаар сард болсон Олий Мажилисын ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн, Монгол-Узбекистаны бүлгийн дарга С.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцсоныг тэмдэглээд, цаашид парламент хоорондын олон талт харилцааг идэвхжүүлснээр нийгэм, эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал амжилттай хэрэгжиж, Узбекистан улс дахь Элчин сайдын яам үүдээ нээсэн онцлох үйл явдлуудын араас хүрэлцэн ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, халуун дотно угтан авсанд талархал дэвшүүлэв. Тэрбээр үргэлжлүүлэн, өнгөрсөн 2024 онд манай хоёр улс парламентын сонгуулиа тус тус амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоныг тодотголоо.
Түүнчлэн Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар Ассамблей Ташкент хотноо амжилттай үргэлжилж, Узбекистан улс Төв Азийн орнуудаас Ассамблейг зохион байгуулж буй анхны улс болж буйд баяр хүргэлээ. Уг Ассамблейн үеэр бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд парламентуудын гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг баталгаажуулж, хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход чухал үр дүнтэй уулзалт хэлэлцүүлгүүд өрнөж байгааг тэмдэглэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, санаачилгын хүрээнд холбогдох яам, агентлагийн төлөөлөлтэй санал солилцсон хэмээн дурдлаа. Цаашид өсөн нэмэгдэх эдийн засгийн өгөөж бүхий, харилцан ашигтай хамтын ажиллагааг онцлох салбаруудад эрчимжүүлснээр бүс нутгийн түншлэлийг бэхжүүлэх давуу талтайг талууд онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Олий Мажилисын сенатын танхимын дарга Танзила Нарбаеваг ирэх онд Монгол Улсад болох Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохыг урив. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Н.Наранбаатар, Б.Пунсалмаа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар нар байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.