2025.04.10
Ж.Баясгалан: Мөрдөн байцаах, шүүх үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангаж ажиллаарай
УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Зарчмын хувьд улиран ажиллахыг дэмжиж байгаа. Энэ хугацаанд алдаа оноотой зүйлс байсан ч оноо нь илүү. Шударга ёс, хууль дээдлэх ёс илүү байсан гэж дүгнэж байгаа. Бүлгийн хуралд дээр танаас асуусан. Хүний эрх, эрх чөлөөг нэгдүгээрт тавиарай! Бид хууль ёсоо дээдэлдэгч хүний эрхийг хангах нь чухал. Хүний эрхийн тухай ярих үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх чөлөөний асуудал яригдана. Мөрдөн байцаалт, прокурор, шүүх явцад тэдгээр хүмүүсийн эрх, эрх чөлөөг сайн хангаж ажиллаарай гэж хүсье.
Хууль тогтоох дээд байгууллагын хувьд Прокурорын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна уу? Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн заалтан дээр маш тодорхой тусгасан байдаг. 25-аас дээш ажилтантай бол 25 хүн тутамд 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авна. Хэрэв ажиллуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хураамж төлнө гэж тусгасан. Тодорхой тоо хэлээд өгөөч. Хууль тогтоох дээд байгууллагын хувьд хуулиа биелүүлдэг байгаасай гэсэн үүднээс асууж байна. Хэрэв энэ тоо хүрдэггүй бол заавал хүргэж ажиллаарай гэж шаардаж байна.
Түүний асуултад нэр дэвшигч Б.Жаргалсайхан хариуллаа.