Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж аймгийн төвийн багийн иргэдтэй уулзалт хийлээ
2025.04.17

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж аймгийн төвийн багийн иргэдтэй уулзалт хийлээ

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 2025 онд бүсийн аймаг, сумдынхаа бүх багийн иргэдтэй уулзах зорилгоор “Эргэх холбоо-Багийн уулзалт”-ыг намрын чуулган завсарласан цагаас эхлэн зохион байгуулж буй юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдийг ашиглан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллаж аймгийн төвийн багийн иргэдтэй уулзалт хийлээ.

Чойбалсан хот - Засаг захиргааны хувьд Хэрлэн суманд хамаарагддаг. 40 гаруй мянган хүн амтай Эрдэнэт, Дарханы дараа орох манай томоохон хотуудын нэг бөгөөд засаг захиргааны үндсэн нэгж болох 11 багаас бүрдэнэ. Төмөр замын хоёр дахь том зангилаа хот төдийгүй авто болон агаарын тээврийн чухал зангилаа газар юм.

Зүүн бүсийн гишүүд бид амралтын өдрүүдээр Хэрлэн сумын 11 багийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Чойбалсанчууд хот доторх болон “тамын 50” гэж нэрлэгдсэн авто замын шинэчлэл, инфляци, бүсчилсэн хөгжил, татвар - нийгмийн даатгалын шинэтгэлтэй холбоотой олон асуудлаар асуулт асууж, санал хүсэлтээ уламжиллаа.

Тус хотод улсын төсвөөр хот доторх хатуу хучилттай авто замын шинэчлэл, ус хангамжийн шугам сүлжээ, 1000 айлын орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээ, аймгийн төвийн 1800 айлын орон сууцны хорооллын цахилгаан хангамж, инженерийн шугам сүлжээ, 320 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл гэх мэт томоохон ажлууд 2025 онд туссан байна.

Мөн Дорнод аймагт ажиллах үер Социал демократ Монголын Залуучуудын Холбооны Дорнод салбарын үйл ажиллагаатай танилцаж, залуустай уулзалт хийсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан