
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өнөөдөр /2025.05.27/ өргөн мэдүүллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаар: Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, олон улсын сайн жишигт хүргэнэ гэж тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Хуулийн төслөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэнийн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулсан талаар үзэл баримтлалд дурджээ.
Хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа иргэний шийдвэр гүйцэтгэх албыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, олон улсын жишигт нийцүүлж, цэргийн албаны хууль тогтоомж хамаарахгүй, урамшуулалд суурилсан шуурхай, үр дүнтэй тогтолцоог ялгамжтай байдлаар бий болгосон зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь цэргиийн байгууллагын статусгүй байхаар, уг байгууллагын албан хаагч нь цалингаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авахаар төсөлд тусгаж, ингэснээр улсын төсөвт үүсэх зардлыг хэмнэнэ гэж тооцсон байна.