ТББХ, ИЦББХ:Төрийн процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн мэдээллийг сонсов
2025.05.28

ТББХ, ИЦББХ:Төрийн процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн мэдээллийг сонсов

УИХ-ын Төрийн байгуулалтын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодын өнөөдрийн /2025.05.28/ хамтарсан хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн үйлчилгээг хүн төвтэй болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүйгээр хангах, санал, дүгнэлт гаргах бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонсов.

Хуралдааны эхэнд Үндэсний статистикийн хорооны хорооны дарга Б. Батдаваа процессын дахин инженерчлэлийн үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж буй талаараа танилцуулаа.

Тэрбээр, Үндэсний статистикийн хороо НҮБ-аас санал болгож буй статистикийн үйл ажиллагааны ерөнхий загварт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд статистикийн бизнес процессыг дахин төлөвлөж мэдээлэл цуглуулалтаас тархаалт хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулж, статистикийн үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлсэн. Мөн дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулж статистикийн мэдээлэл цуглуулалтыг хянах цахим системүүдийг ашиглалтад орууллаа. Ингэснээр энэхүү системүүдээс үүссэн өгөгдөлд үндэслэн мэдээллийн чанарыг сайжруулах төсөв цаг хугацааг хэмнэж байна. Гуравдугаарт, үндэсний өгөгдлийн замын зураглалыг боловсруулж, төрийн зарим байгууллагын мэдээллийн санг нэгтгэж төрийн нэгдсэн өгөгдлийн сан болон төрийн метан өгөгдлийн нэгдсэн сангийн цахим талбаруудыг ашиглалтад оруулсан. Эдгээр цахим талбаруудын мэдээлэлд тулгуурлан хэрэглэгчид олон хэмжээст нарийвчлал бүхий өгөгдөл ашиглан шийдвэр гаргах, судалгаа, шинжилгээ хийх боломжтой болсон. Дөрөвдүгээрт, 2024 онд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.

Ингэснээр статистикийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагад нэг шат ахилаа гэх зэргээр танилцуулаад Монгол Улсын статистикийн систем нь мэдээллийн хамрах хүрээ нээлттэй байдлын үнэлгээгээр дэлхийд 11 дүгээр байрт, Зүүн Азид 2 дугаарт, Дэлхийн банкны гүйцэтгэлийн үнэлгээгээр Зүүн Ази, Өмнөд Ази, Номхон далайн орнуудаас 7 дугаар байрт, дэлхийн эдийн засгийн байгууллагын үндэсний тооцооны өгөгдлийн чанарын үнэлгээгээр Ази, Номхон далайн улсуудаас 9 дүгээр байрт, хүн амын статистикийн чанарын үзүүлэлтээр Ази, Номхон далайн улсуудаас 8 дугаар байрт тус тус эрэмбэлэгдэж байгаа. Бид Монгол Улсын статистикийн системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисстой хамтран цогц үнэлгээ хийж хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг мөн зохион байгуулж байна хэмээв.

Түүний дараа Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч З.Цэдэнжав Үндэсний аудитын газраас бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор процессын дахин инженерчлэл хэрхэн хийж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, Үндэсний аудитын байгууллагын хууль эрх зүйн хүрээнд цахим технологи ашиглах үйл ажиллагааг 2021 оноос эхлүүлсэн. Одоогоор мэдээллийн 12 системийг ашиглаж ажиллаж байгаа. Аливаа аудитын үйл ажиллагаа төлөвлөлтийн үе шатаас эхлээд тодорхой стандартын шаардлагыг хангаж явах, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцүүлэн гаргасан стандартаа мөрдөн хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний аудитын газар стандартын олон улсын 10 гаруй стандартыг нутагшуулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна. Төрийн аудитыг чанарын хяналтаас чанарын удирдлагын тогтолцоо руу шилжүүлэх процессыг эхлүүлсэн. Мөн манай байгууллага 2025-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөгөө шинэчлэн баталсан. Нэн удахгүй аудитын үйл ажиллагаа болон хүний нөөцийн чадавхаа дээшлүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор цахим аудитын платформ тогтолцоо руу шилжих ажлыг хэрэгжүүлж, процессын дахин инженерчлэлийн хүрээнд чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоогоо бэхжүүлэн, 2025 он онд аудитын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулна гэв.

Улмаар Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц. Эрдэнэбат, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Төрийн хэмнэлт бүтээмжийн зөвлөлийн мэдээллийг албаны дарга С. Тэнгис нар процессын дахин инженерчлэл болон хүн төвтэй үйлчилгээний талаар, болон өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний танилцуулсан юм. Хуралдаан үргэлжлэн Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн тайланг сонслоо. Тайланг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Анар танилцуулсан юм.

Тэрбээр, төрийн процессын дахин инженерчлэл гэж юу вэ, төрийн процессын дахин инженерчлэл хийсний үр дүн, энэхүү ажлыг хийх ямар нөхцөл, шаардлага үүссэн талаар болон тулгамдаж буй бэрхшээл, дүгнэлтийг талаар онцоллоо. Тухайлбал, төрийн процессын дахин инженерчлэл гэдэг нь төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаа, ажлын урсгал, төрийн үйлчилгээг дахин зохион байгуулж, илүү үр ашигтай бүтээмжтэй, хүнд сурталгүй, дижитал суурьтай болгох менежментийн арга юм. Энэ нь 1990-ээд онд хувийн хэвшилд амжилттай хэрэгжсэн Business Process Reengineering онолоос гаралтай ажээ. УИХ-аас 1996 онд баталсан 38 дугаар тогтоолд төрийн үйлчилгээг, процессыг сайжруулах зорилгоор төрийн процессын дахин инженерчлэл ашиглах талаар тодорхой тусгасан байдаг. Төрийн процессын дахин инженерчлэл хийсний үр дүнд үйл ажиллагааны зардал 30-50 хувь буурч, цаг хугацааны хэмнэлт буюу процессын цикл хугацааг 40-65 хувь хүртэл бууруулах боломжтой. Мөн бүтээмжийн өсөлт 20-40 хувиар, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэж, авлига, хүнд суртал буурдаг нь судалгаагаар тогтоогджээ. УИХ-ын Тамгын газраас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээний тайланд дэвшилтэд технологид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн албаны шинэчлэлийг хийх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөн үе шаттай байхаар дахин инженерчлэл хийж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх гэсэн зорилтын хэрэгжилт 13,4 хувь буюу үр дүнгүй хэмээн үнэлжээ гэх зэргээр танилцуулаад процессын дахин инженерчлэл гэдэг бүх юм нь тэгээс эхлэхийг хэлж байна. Тиймээс нэн түрүүнд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсний дараа арга зүй, үзэл баримтлалыг баталж, хүн төвтэй гэх ойлголтоо батлах зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэн гэв.

Эдгээр танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Уянга, С.Цэнгүүн, Б.Хэрлэн, Г.Уянгахишиг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, төрийн процессын дахин инженерчлэлийг төрийн яам, агентлагийн данхар бүтцээс эхлэх ёстой юм. Чиг, үүргийн давхардал хэрээс хэтэрч байна. Жишээ нь Барилга, хот байгуулалтын яам гэж байсаар байхад “ 20 минутын хот-Үндэсний хороо” гэх давхардсан байгууллагууд байна гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Баярбаатар төрийн албаны реформыг эхлүүлэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтын ялгааг гаргаж, бүтцээ системчлэх хэрэгтэй гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. Хуралдааны төгсгөлд Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нар ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын тогтоол боловсруулан хэлэлцэн батлах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.