
2025.06.12
О.Саранчулуун: Хүнсний цагаан толгойг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт заавал тусгах шаардлагатай
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс уржигдар /2025.06.10/ зохион байгуулж буй Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдалд тулгамдаж буй асуудал" сэдэвт зөвлөлдөх уулзалтад оролцлоо.
Тэрбээр "Бид олон судалгаанд дүн шинжилгээ хийлээ. Монгол хүүхдүүдийн дунд Д, А амин дэмийн дутал нийтлэг, бодит асуудал болчихжээ. Үүний цаана зөвхөн хоол хүнс биш, зан үйл, дадал хандлагыг бүрдүүлэх, орчин, бодлогын хувьд орхигдсон асуудлууд байна.
Тэгвэл одоо яах вэ?
- “Хүнсний цагаан толгой”-г эрүүл мэндийн хичээлд заавал оруулъя. Сургуулийн хүүхдүүд хоол хүнснээс авах шим тэжээл, түүний ач холбогдлын талаар наад захын мэдлэг байхгүй байна. Зөв хооллох дадлыг багаас нь сургаж, түүнийг сургалтаар олгож төлөвшүүлэх цаг болсон. Ковидын буюу хат хөл хорионы үеэр гараа угаадаг дадал суулгах бодлогыг нийтэд хэрэгжүүлсэн шиг эрүүл, зохистой хооллолтын зан үйлийг дэмжсэн бодлого хэрэгтэй байна.
- Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн хоолтой сургууль- Эрүүл сургууль гэж нэрлэцгээе. Хүүхдүүд үдийн хоолоо өөрсдөө авч ирээд халааж идэх печьтэй, булантай, хооллох хангалттай цагтай орчин хэрэгтэй байна. Бид энэ жишгийг гадаадаас зөндөө харсан.
- Орчныг нь бүрдүүлж байж зан үйл, дадал хандлага өөрчлөгдөнө. Шим тэжээлийн боловсрол гэж ганц хичээл биш. Энэ бол амьдралын хэв маяг, зан үйл, итгэл үнэмшил юм. Үүнийг дэмжих орчин, сургуулийн соёл үгүйлэгдэж байна.
- Хүнсэн дээр когорт, кейс судалгаа хийх шаардлагатай.
Бид өөрсдөө цөс, элэг, хавдраар өвчилж байж хүүхдүүддээ зөв дадал суулгаж чадах уу гэдэг сорилттой тулгараад байна. Төр бодлогогүй биш, харин бид санал, санаачилга, шийдлээ нэгдэж өгөх хэрэгтэй байна" хэмээн О.Саранчулуун гишүүн тодотгов.