2025.06.19
Б.Түвшин: Хоол идэхийн тулд НДШ төлдгийг болиулах гэхээр сангийн орлого буурч, тэтгэвэр бага тогтоно гэж айлгаад байж болохгүй
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2025.06.18/ хуралдаанаар Б.Түвшин нарын 41 гишүүний санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг дэмжлээ.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Бүх төрлийн орлогоос нь нийгмийн даатгалыг "хуу хамдаг" болсон. Өнөөдөр дэлхий дээр 40 хувийн татвар өгөөд ашигтай үлддэг ямар ч бизнес байхгүй. Хувиараа хөдөлмөр эрхэлсэн ч хоёр талаас нь шимтгэл авдаг. Унаа хоолны мөнгөнөөс хүртэл НДш авдаг. Хоол идэхийн тулд НДШ төлөх нь зөв үү. Одоо үүнийг хасаад тооцох гэхээр сангийн орлого буурч тэтгэвэр бага тогтоно гээд айлгаад байж болохгүй биз дээ. Яг энэ өндөр ачаалал чинь хэвээрээ байгаад байвал аж ахуйн нэгжүүд ч хаалгаа барилаа, иргэдийн орлого ч буурч байна.
Хуулийн төсөлд тусгаж буй нэмэлт, өөрчлөлтүүд:
- Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, иргэнтэй хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах;
- Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур мөнгөн хэлбэрээр олгосон (хоол, унаа, түлээ нүүрс авахад зориулан) хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах;
- Ажил олгогчийн НДШ төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох гэсэн чухал заалтууд багтаж байгаа юм.

Сэтгүүлч