О.Батнайрамдал:Риотинто алдаа завхарлаа залруулж, Монголын талд гарсан хохирлыг тайлбарлаж, барагдуулах ёстой
УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай Оюу толгойг тойрсон асуудлаар удаа дараа мэдээлэл хүргэж, асуудлыг ил гаргаж байгаа. Дээрх асуудлууд шийдэгдэж амжаагүй байтал дахин олон улсын шүүх дээр Рио Тинто компани очоод байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Зургаадугаар сарын 18-ны өдөр олон улсын Ройтерс агентлаг Рио Тинто компани Америкийн хөрөнгө оруулалтын “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.доллар буюу 496.0 тэрбум төгрөгийн төлбөр өгөхөөр тохирч байгаа талаар мэдээлсэн байна. 2022 оны 12 дугаар сар хүртэл Канад болон Америкийн хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалдаг Оюу толгойг эзэмшдэг “Туркис хилл” гэж компани байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргагч “Pentwater Capital Management” тэргүүтэй хөрөнгө оруулагчид энэхүү компанийн 10-12 хувийг эзэмшдэг байлаа.
Дубайн гэрээгээр санхүүжиж байсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хугацаанаас хоцорч, зардал үлэмж хэмжээгээр нэмэгдсэнийг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх ноцтой асуудлаар “Pentwater Capital Management” тэргүүтэй эдгээр хөрөнгө оруулагчид Риотинто болон түүний хуучин менежментийг АНУ-ын Нью-Иоркийн шүүхэд өгсөн байсан. Дөнгөж өчигдөрхөн Риотинто компанийн зүгээс “Pentwater Capital Management” тэргүүтэй жижиг хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.доллар олгох тохиолцоонд хүрэх санал тавьсан байна.
10-12 хувийг л эзэмшдэг “Pentwater Capital Management” тэргүүтэй гадаадын жижиг хөрөнгө оруулагчид ингэж асуудлыг гаргаж тавиад шүүхдээд, хохирлоо барагдуулж байхад бүхэл бүтэн 34 хувийн хувьцааг эзэмшдэг Монголын хохирлыг хэрхэн тооцож, хариуцлага нэхэх юм бэ? Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ?
Бид Монголын эрх ашгийг хангаж ажиллах ёстой. Цаашдаа ОюуТолгойн засаглалын болон менежментийн асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг хийж, ойлголтоо нэгтгэхгүй бол гаднын хэвлэлээс мэдээлэл авдаг байдал үргэлжилсээр байна.

Сэтгүүлч