Монгол улсын 2011 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ
2010.12.22

Монгол улсын 2011 оны төсвийн төсөлд хийсэн дүн шинжилгээ

2011 оны төсвийн төсөлд зардлыг ихээхэн нэмэгдүүлж тооцсоноос төсвийн алдагдал ДНБ-ний 8,6 хувьд хүрч огцом өсжээ. Хэрэв төсөв энэ хэвээрээ батлагдвал эдийн засгийн эрс сэргэлт болон эдийн засагт сул орон зай байхгүйгээс шалтгаалан одоо байгаа инфляцийн дарамтыг улам бүр нэмэгдүүлэхээр байна.mongol_tugrug


Төсвийн энэхүү төсөл нь өнгөрсөн хавар батлагдсан Төсвийн Тогтвортой Байдлын тухай хуулинд заасан макро эдийн засгийн тогтвортой байдлыгхангах, инфляцийг тогтоон барих зэрэг төсвийн удирдлагын зарчмуудтай зөрчилдөж байна. Төсвийн “Тогтвортой Байдлын тухай” хуулийн дагуу төсвийн тодорхой бодлого, төсвийн удирдлагын зарчмууд хангагдаж байх ёстой. Тухайлбал, төсөв нь өнгөрсөн зун УИХ-аас баталсан Төсвийн дунд хугацааны мэдэгдэлтэй (ТДХМ) нийцсэн байх учиртай. Дэлхийн банкнаас хийсэн дүн шинжилгээнээс харахад өргөн барьсан төсвийн төсөл батлагдсан нөхцөлд Монгол Улс 2006-2008 оны өндөр өсөлтийн жилүүдийг давтаж, 2008-2009 онд гарсан хямрал дахин гарахгүй гэх баталгаа байхгүй болно.


2011 оны төсвийн төсөл нь ТДХМ-д тусгасан удирдамжаас зөрж байна. Нэгдүгээрт, 2011 онд төсвийн нийт алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьтай тэнцүү байхаар төлөвлөсөн нь ТДХМ-д төевийн алдагдлын дээд хязгаар 5 хувь байна гэж зааснаас нэлээд их зөрүүтэй байна. Энэ нь ОУВС-гийн төсвийн нийт тэнцэл 2010 онд 2.2 хувийн алдагдалтай гарна гэсэн урьдчилсан тооцооноос огцом муудсан үзүүлэлт болж байна. Мөн түүнчлэн, 2011 оны төсвийн төсөлд тусгасан орлого, зарлагын аль аль нь ТДХМ-ийн суурь хувилбарт заасан үзүүлэлтүүдээс хамаагүй өндөр байна. 2011 оны төсвийн төсөлд тусгаснаар төсвийн зарлага ДНБ-ий 50.5 хувьд хүрэхээр байгаа нь ТДХМ-ийн 40.4 хувиас үлэмж өндөр үзүүлэлт юм.
2011 оны хувьд урсгал зарлагын өсөлтийн гол хүчин зүйлүүд гэвэл 2010 онтой харьцуулахад цалин хөлсний зардал 22 хувиар (төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны 10 дугаар сараас 30 хувиар нэмсэнтэй холбоотой), бэлэн мөнгөний шилжүүлгийн зардал бараг 50 хувиар өссөн байна.


“Бидний тооцоолцсоноор 2011 оны эцэст инфляци одоогийн түвшин буюу 10 хувь дээр дахин15 хувь нэмэгдэнэ. Иймд инфляци, төсвийн зарлагын бодит үнэ цэнийг богино хугацаанд үнэгүйдүүлж, улмаар тараасан бэлэн мөнгөний ач тусыг багасгаж, тусламж дэмжлэг хамгийн их хэрэгцээтэй байгаа хэсэгт хүндээр тусна.”


Үүний зэрэгцээ, төгрөгийн бодит ханшийн чангаралт нь эрдэс баялгийн бус олон улсын худалдаанд гарах боломжтой салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуй болон боловсруулах гэх мэт бүтээгдэхүүнийг нь дэлхийн зах зээл дээр борлуулдаг бусад салбарууд хамгийн түрүүнд нэрвэгдэх болно.


“2011 оны төсвийн төслийг өргөн барьсан хэлбэрээр нь баталснаар Монгол Улс 1960-аад оны Голланд гэх мэт байгалийн нөөцөөр баялаг олон улс орнуудын баримталж байсан шиг хэн бүхний мэдэх тэр л алдаатай замыг дагана гэсэн үг. Нидерланд улсын алдаатай бодлогыг нийтэд хамааруулан Голланд өвчин гэж нэрлэдэг.” Эдгээр улсуудын алдаа юу байсан бэ гэхээр их хэмжээний татаас, шилжүүлгийг иргэддээ олгож, цалин хөлсний өсөх спиралийг бий болгосон нь дараа нь хяналт тавихад бэрхшээлтэй болгосон. Мөн дотоодын хөрөнгийн (жишээлбэл, орон сууцны) үнэ өсч, олон улсын худалдаанд гарах боломжтой салбарын ашигт ажиллагаанд маш их сөргөөр нөлөөлсөн.


Инфляцийн түвшин эрс өндөр байсны өөр нэг хор уршиг нь үндэсний мөнгөн тэмдэгт, санхүүгийн салбарт итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй юм. Монгол Улсын банкны салбар хэврэг хэвээрээ байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээ муудсан, чанаргүй зээлийн багц өндөр, засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо муу, банкны хяналт шалгалтын түвшин доогуур зэрэг олон асуудлууд шийдвэрлэгдээгүй байна.


Дэлхийн эдийн засгийн орчинд томоохон эрсдэлүүд хэвээр байна. Олон улсын санхүүгийн болоод өрийн зах дээр тодорхой бус байдал ноёлсон хэвээр байгаа, хөгжингүй улс орнуудын эдийн засгийн онцгой их уналт, худалдааны нөхцлийн гадаад цочрол (бараа түүхий эдийн үнэ дахин нэг супер мөчлөгт орж байх шиг байгаа бөгөөд өнгөрсөн жилээс хойш үргэлжилж байгаа үнийн өсөлтийн ямар хэсгийг суурь нөхцлүүд тодорхойлж байгааг хэлэхэд хэцүү), банкны салбар дахь дотоодын итгэлийн цочрол зэрэг нь эдийн засгийн уналтыг дахин үүсгэх гадаад эрсдэлийн хүчин зүйлүүд болж байна. Энэ нь ихээхэн эрсдэлтэй төсөв бөгөөд Дэлхийн банкны баг өмнөх жилүүдийн үнийн өсөлт, бууралттай холбоотой сургамжаасаа энэхүү төсвийн саналыг сайжруулж, засна гэдэгт Монголын талд найдаж байна.

 

Эх сурвалж.  “Бизнес таймс”

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.