Засгийн газар “багц хуулийн төсөл” гэсэн төслийн шинэ хэлбэр бий болгох саналтай байна
2010.12.29

Засгийн газар “багц хуулийн төсөл” гэсэн төслийн шинэ хэлбэр бий болгох саналтай байна

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газраас санаачлан боловсруулсан Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.zg_batbold1

Манай улсад одоогоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа 400 гаруй хуулийн давхардал, хийдэл, хууль хоорондын зөрчлийг арилгах ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх, эрх зүйн шинэтгэлийн шинэ үеийг эхлүүлэхэд нэгэн зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч буй тул “багц хуулийн төсөл” гэсэн хуулийн төслийн шинэ хэлбэрийг бий болгохоор Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Одоогоор манай улсад иргэн, эдийн засгийн холбогдолтой 30 хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгахын тулд 30 хууль болон тэдгээртэй холбоотой 71 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болоод байгаа. Ийм олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, тус бүрийг нь УИХ-аар хэлэлцүүлэхэд ихээхэн цаг хугацаа шаардлагатай, түүнчлэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь харилцан уялдаатай, нэг зорилготой өөрчлөлтүүд байдаг тул нэгтгэн нэг хуулийн төсөл болгож, дээрх 101 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсрулах боломжийг “багц хуулийн төсөл” гэсэн хуулийн төслийн энэ хэлбэр хангана гэж Засгийн газар үзэж байгаа аж. Хуулийн ийм хэлбэрийг ХБНГУ, ОХУ, Австри зэрэг улсад өргөн хэрэглэдэг юм байна.

Түүнчлэн хууль санаачлагч нь хуулийн төслийн талаархи хэлэлцүүлгийг заавал зохион байгуулж, дүнг төслийн танилцуулгадаа тусгах байх, хэлэлцүүлгийн хэлбэрийг хуульчлах, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн саначилсан хуулийн төслөө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэр дээр ирүүлж байх, Засгийн газрын санал дүгнэлт өгөх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж хугацааг тодорхой болгон санал дүгнэлтийг ажлын 30 хоногийн дотор өгдөг байх, мөн УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхэд үзэл баримтлалыг заавал хавсаргадаг байдлыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүний санаачилсан хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх үед уг хуулийн төсөлд Засгийн газраас өгсөн санал дүгнэлтийг холбогдох Засгийн газрын гишүүн танилцуулж байх, багц хуулийн төслийг хэлэлцэхдээ нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй ижил журмаар байнгын хороо санал дүгнэлт гаргадаг байхаар тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.