Р.Буд гишүүн хуралдааныг хаяж гарлаа
2010.12.30

Р.Буд гишүүн хуралдааныг хаяж гарлаа

Өчигдөр  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг хойшлуулахаар тогтов.  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нөхцөл хараахан бүрдээгүй хэмээн үзэж хэлэлцэхийг хойшлуулахаар тогтсон байсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлыг хэлэлцэх, эсэх дээр санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч  санал хураалтын явцад гишүүдийнbud олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Үүний дараа Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад гишүүд үндэсний хөтөлбөрийн нэр хэр зөв зохистой байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийлцгээж, тодорхой саналууд хэлж байлаа. Тухайлбал, Д.Батбаяр, П.Алтангэрэл нарын гишүүд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөр”, Г.Баярсайхан гишүүн “Ногоон эдийн засаг руу шилжих үндэсний хөтөлбөр”, Н.Ганбямба гишүүн “Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах “ хөтөлбөр гэсэн нэртэй байх нь оновчтой гэж үзэж байсан. Ер нь зөвхөн үндэсний хөтөлбөр гээд явуулчихаж болохгүй. Зарим оронд уур амьсгалын өөрчлөлтийг хүн төрөлхтний гамшиг гэж ч нэрлэсэн байдаг. Төслийн нэр дэндүү хуурай, мөлгөр байна гэсэн шүүмжлэлийг гишүүд гаргаж байв.

 

Харин Л.Гансүх сайд тайлбартаа, тэмцэх гэдэг үг дэлхий нийтийн жишигт зохицохгүй хатуудна. Харин уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох  гэсэн санаанууд  байж болох юм. Гадна талд энэ нэр томьёололоор арав гаруй жил нэрлэгдээд явж байгаа гэсэн юм. Ингээд ажлын хэсгээс оруулж ирсэн “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад уг санал гишүүдийн дэмжлэг авсангүй.

 

Хуралдааны үеэр Р.Буд гишүүн хуралдааныг хаяж гарсан. Тэрбээр усыг нь шахаагүй хөтөлбөрийг заавал хэлэлцүүлэх гээд зүтгүүлээд байх юм. УИХ-аас чанартай хөтөлбөр гарах ёстой. Энэ хөтөлбөрт чинь ямар ч хэрэггүй заалтууд их орсон байна. Энэ асуудлыг хэлэлцэлгүй бүр хойшлуулмаар байна. Энийг чинь ард түмэн уншина шүү дээ. Ард түмэнд тустай юм хийх хэрэгтэй. Хөтөлбөрийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад зарим заалтыг өөрчлөх шаардлагатайг хэлж байсан. Юу ч өөрчлөгдөөгүй хэвээрээ байна гэсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.