Онцгой комисс цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ
2010.12.31

Онцгой комисс цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ

Улсын Онцгой комисс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ оны отгон буюу 20 дахь хуралдаанаа хийж цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ.

ontsgoi_kommis

Өнөөдрийн байдлаар  манай орны нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймгийн Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг  цастай байна.

15 аймгийн 86 суманд байдал хүндрэх нөхцөл бүрдсэн бөгөөд Завхан, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим сумын нутагт цасны зузаан 20 см хүрч хатуурчээ.

Хөвсгөл аймагт 100 орчим мал хорогдсон, орон нутагт байршуулах нөөцийн өвс, тэжээлийг хуваарийн дагуу хүргэсэн тухай албаны хүмүүс хэллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг шуурхай, боломжит бүх хэлбэрээр хүргэж байгалийн аюулт үзэгдлийг аль болох хохирол багатай давах, аюултай үзэгдлийн мэдээг орон нутгаас байнга авах, Онцгой байдлын газар, хэлтсүүдийг албаны бэлэн байдалд ажиллуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлгээ үргэлжлүүлэхийг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд холбогдох байгууллагад үүрэг болголоо.

2011 оны 1 дүгээр сарын 1-нээс 6-ны  өдрүүдэд цас орж хүйтрэн, хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж болзошгүй учир хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарах, шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулах, зам даваа хаагдахаас сэргийлж, хаагдвал тухай бүр шуурхай нээж байхыг даалгав.

Хүйтний эрч чангарах тул дулааны цахилгаан, эрчим хүчний байгууллагын найдвартай байдлыг хангах, хэрэглээний халуун, хүйтэн усаар тасалдуулахгүй байхыг яам, аймгуудийн дарга нарт үүрэг болгосон байна.

Салхи өмнө зүгээсээ шуурах магадлалтай байгаа учир малчид хашаа, саравчиндаа хаалт хийх, малаа ойр хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдахаас сэргийлэхийг Улсын Онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа.

2010 онд гарсан шүлхий, тарваган тахлын халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэхэд зарцуулсан мөнгө, шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөр, оны сүүлийн хагаст гарсан гамшгийн голомтод ажилласан аврагч, алба хаагчдын томилолт, урамшууллын зардлыг олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад  даалгав.

2011 оны 1 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

1 дүгээр сарын 1-4, 6-9-нд төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шууран, салхи 2-4, 7-8-нд говь талын нутгаар, 5-6-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ.

Хүйтний эрч 1 дүгээр сарын 3-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар чангарч шөнөдөө Идэр, Тэс  голын сав, Дархадын хотгороор 40-45 градус, Увс нуур, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 33-38 градус, бусад нутгаар 24-29 градус хүйтэн. Хүйтний эрч 3 дугаар 10 хоногийн дунд үе хүртэл чангарсан хэвээр байх төлөвтэй байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.