Эрүүл мэндийн сайд С.Ламбаа уламжлалт анагаах ухааныг дэмжих чиглэлээр ажиллаж байна
2011.01.11

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа уламжлалт анагаах ухааныг дэмжих чиглэлээр ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өнгөрсөн 10-ны өдөр  Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын Манба дацан төвийн эмнэлэг, уламжлалт эмийн үйлдвэр, Шинжээч Оточ лабораторийн үйл ажиллагаа, “Оточ манрамба” дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцав. lambaa_otoch

 

Эрүүл мэндийн сайд салбарын бодлого, үйл ажиллагаандаа уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, энэ чиглэлээр эмчилгээ үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг дэмжих талаар олон ажил тусган хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, 2009 онд “Уламжлалт анагаах ухааны анхдугаар чуулган” хуралдсан бол 2010 онд “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдан гарч, улмаар “Уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага” боловсрогдон батлагдах шатандаа орж, “ УАУ-ны зонхилон тохиолдох өвчний ангилал зүй”-г боловсруулах ажлыг салбарын мэргэжилтнүүд эхлүүлээд байгаа юм.

 

С.Ламбаа уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, уламжлалт анагаах ухааны түүхэн судрууд бүхий номын санг үзэж сонирхож явахдаа тэвэр дүүрэм зузаан түвд судраас орчуулга хийж суугаа оюутан залуусаар бахархах сэтгэл төрснөө илэрхийлж, оюутнуудыг уламжлалт анагаах ухаанд сургаж байгаа сургалтын цогц арга барил нь ёс зүйтэй мэргэжилтнийг бэлтгэн гаргах үндэс болж өгнө гэдэгт итгэж байгаагаа онцолсон юм. Оточ Манрамба дээд сургуулийн суралцагсад УАУ-ны талаар бичигдсэн монгол төвдийн олон эрдэмтдийн бичиж туурвисан төвд эх сурвалж бичгүүдийг мэргэжлийн түвшинд ашиглаж чаддагаа, түүнийг амьдралд хэрэгжүүлж байгаагаа сайдыг айлчлах үеэр танилцуулсан юм.

 

Манба дацан хийд нь 1990 онд, харин Оточ Манрамба Дээд Сургууль 1991 онд байгуулагдан УАУ-ны бакалаврын зэрэгтэй их эмч, сувилахуйн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэж байгаа бөгөөд сайдыг айлчлах үеэр тус хийдийн тэргүүн хамба, гэвш Д.Нацагдорж УАУ-ны өнгөрсөн 20 жилийн түүхэн хөгжил дэвшлийн талаар бүрэн цогц мэдээллийг өгч, УАУ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээ ард иргэдэд ямар түвшинд, ямар чанартай, хүртээмжтэй хүрч байгаа хийгээд УАУ-аар эмчлүүлэх иргэдийн хэрэгцээ хэрхэн өсөж нэмэгдэж байгаа талаар ярилаа. Оточ Манрамба Дээд Сургуулийг дүүргэсэн олон эмч 6 жилийн хугацаанд УАУ болон Өрнийн анагаах ухааны өндөр мэдлэг чадвар, дадлыг эзэмшиж эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ амжилттай ажиллаж, УАУ-ны олон төрөл зүйлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаатай сайд газар дээр нь үзэж танилцсан байна. Өнгөрсөн хугацаанд Манба дацан эмнэлэг нь дотоодын  зуу гаруй мянган хүнд, гадаадын 3000 гаруй хүнд УАУ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгийг тус хийдийн тэргүүн хамба, гэвш Д.Нацагдорж яриандаа цохон дурьдсан байна.

 

Эрүүл мэндийн сайд болон Эрүүл мэндийн яамны албаны хүмүүсийг Манба Дацан хийдэд очих үеэр тус хийдийн лам нар Монголын ард түмний эрүүл мэнд, урт удаан наслах, өвчин зовлонгүй аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөж Манла бурхан болон, Анагаах ухааны Шанлон, Дамжан сахиуснуудад Гүсүнтүгийн мандал өргөж даатгал хийв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.