Ц.Нямдорж сайдын хуулийн төслийг УИХ буцаалаа
2011.01.16

Ц.Нямдорж сайдын хуулийн төслийг УИХ буцаалаа

УИХ-ын 2011 оны нэгдүгээр сарын 14-ны өдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.chuulgan_2010_05

 

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар тус тус танилцууллаа.

 

Хууль тогтоомжийн төсөл боловсруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчмын гол суурь нь хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хуулйн төслийн үр дагаварыг тал бүрээс нь нарийн сайн тооцоолж, асуудлыг зөвхөн хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай тохиолдолд хуулийн төсөл боловсруулдаг байх нь зүйтэй. Ингэснээр хуулийн чанар сайжрах, хууль амьдралд хэрэгжих бодит нөхцөл бий болох, улсын төсвийн зардал хэмнэгдэж, аж ахуйн нэгж, иргэдэд үүсэх зардал, ачаалал багасгах зэрэг ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад тавих нарийвчилсан хэл, найруулга зүй, бүтэц, хэлбэрийн шаардлагын талаар одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд нарийвчлан зохицуулсан байдаг. Гэтэл эдгээр шаардлага нь цэвэр техник, арга зүйн шинжтэй тул хуульчлан тогтоох шаардлагагүй байна гэж үзэж  Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалыг баталдаг байхаар төсөлд тусгажээ. Хуулийн төслийн чанарыг сайжруулах, аливаа хуулийн төсөл бүтэц, хэлбэрийн хувьд ижил байх, хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх ажлыг сайжруулах зорилгоор хууль санаачлагч нь уг аргачлалын дагуу хуулийн төслийг боловсруулдаг байхаар төсөлд тусгасан байна.

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад төсөлд шинэ зохицуулалт оруулах шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлж энэ төсөлтэй хамт хэлэлцүүлэх түүнчлэн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг, Ч.Сайханбилэг, Ж.Батсуурь, Д.Зоригт, Я.Батсуурь, Ц.Бямбацогт, Д.Ганхуяг, Ц.Баярсайхан нар өөрсдийн байр сууриа илэрхийлж  Хууль зүйн сайдаас асуулт асууж хариулт авсан.  Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн санаачилсан хуулийн төслөө хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэр дээр ирүүлж байх, Засгийн газрын санал дүгнэлт өгөх хугацааг ажлын 30 хоногийн дотор өгдөг байхаар оруулж ирсэнд гишүүд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын ганц гишүүн бүхнийг мэдэж цензурддэг байж болохгүй. Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах ёстой. Хууль, тогтоолын төслийг өргөн мэдүүлэхэд институцын харилцаа байх хэрэгтэй. Хуулийн төслийн 80-аад хувийг Засгийн газраас санаачлан оруулж ирдэг.Тэгээд заасан хугацаанд саналаа өгдөггүй. Хууль өргөн барьсаны дараа ганц хоёр хуудас өгөх жишээтэй. Энэ нь маш их хүндрэл үүсгэдэг. Төсөл санаачлагч Засгийн газрын тэргүүнд эхэлж хандах ёстой. Өнөөдөр батлагдан гарсан хууль олон нийтийн шүүмжлэлд их өртдөг, богино настай байгаа. Нэг хуулийг олон хүн зэрэг санаачлаад явдаг. Хууль тогтоох байгууллага өөрөө асуудлаа шийдээд явах ёстой. Хуульд  тавьдаг шаардлагыг Засгийн газрын тогтоолд заагдсан аргачлалаар дагаж мөрдөхийг буруу гэж үзэж байна. Их хурлын дотоод ажил руу хутгалдмааргүй байна  гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байлаа.

 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж, санал дүгнэлтийг ажлын 30 хоногт өгөх нь зөв үү, буруу юу гэдгийг хэлэлцүүлгийн явцад яриад явж болно. Хуулийг чанартай, бичлэг нь зөв, хоёрдмол санаагүй болгох зорилгоор энэ хуулийн төслийг хийсэн. Нэг л үгийг буруу бичих, буруу хэрэглэвэл ямар их хохирол дагуулдгийг бид мэднэ. Манай яам  Ипотек, Концессийн тухай хуулиудын төслийн бичлэг нь болохгүй болохоор  өөр дээрээ авч  засч янзлаад оруулсан. Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг засч өгсөн. Их хурлын гишүүдийн эрхэнд халдлаа гэж үзэж байгаа бол хэлэлцүүлгийн явцад нэгбүрчлэн ярьж хэлэлцэх, хууль тогтоомжийн аргачлалыг их хурал өөр дээрээ авч батлах нь нээлттэй байгаа. Засгийн газар батлах уу, Их хурал батлах уу гэдэг дээр эргэлзэж байгаа бол Засгийн газрын аргачлалыг та бүхэн үзчихээрэй. Их хурлаас санаачилсан хуулинд  Засгийн газар санал өгөөд тэр саналыг авалгүй батлагдчихсан хууль олон байгаа гэсэн юм.

 

Ингээд  хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн  байнгын хорооны томьёоллор санал хураалт явуулахад санал өгсөн  гишүүдийн 54,8 хувь нь  хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.