Д.Зоригт сайдыг огцруулахыг гишүүд дэмжсэнгүй
2011.01.18

Д.Зоригт сайдыг огцруулахыг гишүүд дэмжсэнгүй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нарын өргөн барьсан Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хариуцлага тооцож, огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.
zorigt_d_sad
УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хэлэхдээ өнөөдрийн хуралд УМХЕГ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний Аудитын газрын дарга нарыг заавал байлцуулаач гэсэн хүсэлт тавьсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11-ийн 3-т заахдаа байгаль хамгаалахтай холбоотой ашигт малтмалыг хайх болон ашиглах үйл ажиллагааны хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ гэж заасан. Өнөөдөр тус улсад мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай, Ойн тухай хууль болон бидний хэлэлцээд яриад байгаа урт нэртэй хуулийн хэрэгжилтэнд ямар хяналт тавьсан бэ? Хориглосон талбайд хайх болон олборлолт явуулахгүй байх заалтыг хэрэгжүүлэхэд хууль хяналтын байгууллага хир хяналт тавин ажиллаж байгааг тодруулахад, хайгуул явуулж байгаа аж ахуй нэгж нь тухайн газар олборлолт явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Харин Засгийн газраас тухайн газрынхаа хил заагаа тодорхойлоод өгвөл хяналт тавихад дөхөм болно. Тэгэхгүй бол хил зааг нь тодорхойгүй учраас хяналт тавьж, эцсийн шийдвэр гаргахад хүндрэлтэй байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга хэллээ. Ц.Сэдванчиг гишүүн хэлэхдээ манай ажил хариуцдаг төрийн албан хаагчид ажил хариуцддаггүй болсон юм билээ.Чухам юу хариуцдаг нь тодорхойгүй байдаг. Би тодорхой асуулт асуусан.Усны тухай хуулинд усны сав гэдгийг тодорхой заагаад өгсөн. Ойн сан болон гол мөрний урсац бүрэлдсэн эх гэдгийг бас заагаад өгсөн. Тодорхойлоод өгсөн талбайд ашигт малтмал эрхлэх зөвшөөрөл өгөхийг хориглоно гэж заагаад өгсөн. Энэ хуулийн заалт биелэгдсэн үү гэж асуугаад байна гэлээ.УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, тус байнгын хороонд ажлын хэсэг ахлаад ажилласан. Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар өмнөх салбарын сайд нь хариуцлага алдсан бол дараагийн салбарын сайд хариуцлага хүлээнэ гэж байгаа. Нэгэнт эрчим хүчний салбарын сайд алдаа гаргасан учраас дараа дараачийн бүх сайдууд хариуцлага хүлээгээд, энэ салбарт сайд байхгүй байх нөхцөл гарч ирж байгаа юм уу? Асуудалд ингэж хандаж, аливаа нэгэн зүйлийг шалтаг болгон тэр буруутай, энэ буруутай гээд байвал эцэс төгсгөлгүй үргэлжилсэн маргаан болно гэлээ.

УИХ-ын гишүүн А.Телейхан, гишүүдээс тавьсан долоон үндэслэл бүхий асуудлыг судалж үзэхэд ерөнхий санаа нь Монгол улсад хариуцлаггүйн зуд боллоо. Хариуцлагыг бүх түвшинд сайжруулах шаардлага байна гэж ойлгож, дэмжсэн. Цаашид хариуцлагаа дээшлүүлэх, аливаа албан тушаалд томилогдсон бол эргэж ажлаа дүгнүүлж, сайн муугаа дуулж, хариуцлагатай байх ёстой гэдэг дээр санал нэг байна. Ганцхан Зоригт сайдтай холбоотой биш бүх түвшинд байгаа.

Харин Д.Зоригт сайдтай холбоотой уг асуудлыг судалж үзэхэд хууль зөрчсөн гэх үндэслэл алга, огцруулах шаардлаггүй гэж үзэж байна гэлээ. Харин Н.Батбаяр гишүүн эсрэг байр сууриа илэрхийлж, Д.Зоригт сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа. Үнэхээр нийгмийн уур амьсгал ямар байгаа билээ, монгол хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ. Төр засагт итгэх итгэл ямар байгаа билээ. Засгийн газар ард түмнийхээ төлөө ажиллаж байна уу, эсвэл гадаадын компаний төлөө ажиллаж байна уу гэдгийг бүгд л хэлж байгаа. Дээр нь хамтарсан Засгийн газар нэрийн дор УИХ-ынхаа дээр гараад суучихсан, УИХ-аа тоглоомын хүүхэлдэй болгочихсон. Дөнгөж сая тус байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаа хар. Хөгжлийн банкны тухай ярихад хуулиа УИХ-аар өргөн бариагүй байж, Хөгжлийн банкны тендер шалгаруулаад гадны хүнийг сонгосон байна. Хуулийг уландаа гишгэснийг баталж байна. Үүнийг засаж залруулье, дохио өгье. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэгчээр хариуцлаггүй байгаа Засгийн газарт сануулга өгье гэсэн зорилгоор дэмжиж байна. Олон түмний анхааралд өртчихөөд байгаа, амьдрал ахуйд нь муугаар нөлөөлөөд байгаа Улаанбаатар хотын утааны асуудал болон Монгол улсын газар нутгаа эс хайрлаад, малчин заяагаа доромжлоод, булаг шандаа ширгээгээд байгаа сайдыг огцруулахгүй бол өөр хэнийг огцруулах юм бэ? Хэрэв огцруулахгүй гэж үзэж байгаа бол хариуцлага тооцохгүй гэж үзэж байгаа бол ийм төртэй байх уу, үгүй юу гэж яригдана. Хэрвээ Зоригт сайдыг огцруулах асуудал манай УИХ цаг хугацааны хувьд дараагийн сонгууль хүргэх нь үү гэдэг асуудал болон хувирч байгааг манай гишүүд эрх биш мэдэж байгаа гэж бодож байна .Хэрэв би Зоригт сайдын оронд байсан бол та бүхэн ингэж үзэж байгаа бол би өөрөө саналаараа огцорье, залуу хүн байна алдаа дутагдлаа засаад УИХ-ын гишүүнээ хийгээд явье гэвэл монголчууд чамайг зоригтой хүү байна гэж илүү үнэлгээ тавих байх. Одоогийнх шиг зоригтой худлаа ярьдаг, Зоригт нэртэй хүү хол явахгүй гэлээ.

Ц.Батбаяр гишүүн хэлэхдээ хариуцлага тооцох үндэслэлгүй гэж хэлсэн гишүүдэд би гайхаж байна. Зоригт сайдын үед 43 хүн бурхан болсон нь хариуцлага тооцох үндэслэл алга гэж байгаад гайхаж байна. Улаанбаатар хотын 12260-аад айлыг гэрэлтэй болгохын төлөө ажиллаагүй, УИХ болон Сангийн яаманд энэ талаар ямар нэгэн санал оруулаагүй, сэтгэл гаргаагүй сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаад гайхаж байна. Энэ яамны тендер маш будлиантай. Төсвөөс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр их мөнгө гаргаж байгаа. Өнөөдөр 70-хан сая төгрөгний дүрмийн сантай, 16-хан хүнтэй, эдийн засгийн чадваргүй, ажлын дадлага туршлагагүй компанийг шалгаруулжээ. Түүнээс гадна Монголын төр хувийн компаний өмнө сөгдөж байна. Жишээлбэл Оюутолгойн асуудлаар УИХ-ын Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж чадахгүй жил болж байна. Дүгнэлт гаргаж чадахгүй жил болж байна. Ямар сайндаа энэ ажлын хэсгээ татан буулгаач ээ. Би тэр Оюутолгой компанийг шалгаж дийлэхгүй юм байна, болье гэсэн саналыг Байнгын хорооны даргад, УИХ-ын даргад тавиад байна. Харин өнөөдрийн хэлэлцэж байгаа өөрийн тавьсан асуудалд эзэн болно, надад хангалттай баримт бий гэлээ.

Мөн Ц.Сэдванчиг гишүүн, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Гурвын гурван гишүүн хангалттай үндэслэл гаргаад тавиад байхад харин гишүүдийн хэлж байгааг сонсоод гайхаж байна. Бидний тавьсан үндэслэл хангалттай гэж бодож байгаа. Хуулийг хэрэгжүүлэхгүй, мөрдүүлэхгүйгээр шударга ёсыг тогтооно гэж яриад яахав. Тухайлбал энэ хугацаанд 192 зөвшөөрөл авсан, ашиглалтын 32 лиценц байгаа, 150 гаруй хайгуулын лиценц байгаа. Бүгдийг хориглосон талбайд олгосон. 18 аймаг, бүх хотыг хамарсан 2.2 сая га газар байгаа. Үүнээс өөр ямар баримт байх билээ. Үүнийгээ хууль зөрчөөгүй ээ гэж хэлж байгаа бол хууль зөрчиж үү гэдгийг шалгадаг газар байдаг байх. Монгол улсад хууль гэж байдаг бол үнэн зөвийг нь тогтоолгье гэж бодож байгаа. Өнөөдөр УИХ-аас томилогдсон Засгийн газрын сайддаа хариуцлага тооцож чадахгүй бол юуны төлөө бид энд сууж байгаа юм бэ? гэлээ.

Харин С.Эрдэнэ гишүүн, өнөөдөр Монгол улсад төрийн байгууллага яаж ажиллаж байгааг харуулж байна. Үндэсний Аудитын газар шалгаад зөрчилгүй гэсэн. Зөрчилтэй, зөрчилгүйг нь дахиад шалгаж болно. 70-хан сая төгрөгний дүрмийн сантай, 16 ажилтантай, урьд өмнө ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй, ажлын дадлага туршлага байхгүй, тендерийн хуулинд заасан бүх заалтуудыг зөрчсөн компанийг шалгаруулчихаад, хууль ёсны дагуу шалгаруулсан гээд хээв нэг яриад сууж байна. 5 сая биш, 500 сая биш, 5 тэрбум төгрөгийн тендер, эхний ээлжинд. Цаашид 10-аад тэрбум төгрөг зарцуулагдахаар төсөл. Увайгүй үйлдлийг нь хариуцлага тооцох үндэслэл болохгүй мэтээр ярьж байгаа гишүүдийг гайхаж байна. Монголд төр байгаа юм бол үндсэн хуулийн зарчмаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаа барих Үндсэн хуулиар олгогдсон үүрэгтэй. Харин 5 тэрбум төгрөгний тендер будлиулах нь олигархуудад юу ч биш болсон юм байна. 43 хүний амь юу ч биш болсон юм байна. Уг асуудлаар санал бодлоо илэрхийлсэн Байнгын хорооны гишүүдийн байр суурийг хэвлэлийнхэнд бид нээлттэй мэдээлэл өгөх болно гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нарын өргөн барьсан Засгийн газрын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод хариуцлага тооцож, огцруулах тухай асуудлаар санал хураалт явуулахад 14 гишүүн оролцож, 2 гишүүнээс бусад нь сайдыг огцруулах саналыг дэмжсэнгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.