“жендерийн ялгаварлан гадуурхалт агуулсан” зар сурталчилгааг хориглох боломжгүй хэмээн үзэж байна
2011.01.18

“жендерийн ялгаварлан гадуурхалт агуулсан” зар сурталчилгааг хориглох боломжгүй хэмээн үзэж байна

ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2011.01.18/ хуралдаанаар Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуjenderульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Зар сурталчилгааны тухай хуулийн Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд хориглох тухай 6.5.7 дахь заалтад “жендерийн ялгаварлан гадуурхалт агуулсан” зар сурталчилгааг хориглох заалт оруулахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны гишүүд энэ заалт найруулгын хувьд учир дутагдалтай, мөн ойлгомжгүй байна гэж үзэж байсан. Жендерийн ялгаварлан гадуурхалт агуулсан зар сурталчилгаа гэдгээ нарийн тодорхойлох шаардлагатай гэж гишүүдийн олонхи хэллээ. З.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг нарын гишүүд  энэ заалтыг хэрэгжих боломжгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв. Шар айргийг зөвхөн эрчүүдэд зориулж сурталчилдаг бол жендерийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэйчүүдэд зориулан сурталчлах уу, эсвэл шинэ машин худалдах гээд сурталчлаад зогсож байгаа загвар өмсөгч бүсгүйчүүдийн дэргэд заавал эрэгтэй модель зогсох ёстой юу гэх мэт олон асуултыг араасаа дагуулж байгаа учир жендерийн тэгш байдлын гадуурхалт агуулсан зар сурталчилгаа гэдгийг хэрхэн ойлгохыг тодорхойлохгүйгээр цаашид хэлэлцэх боломжгүй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзлээ. Энэ хуулийн заалтыг ажлын хэсэг дээр ярьж дахин боловсруулах шаардлагатай гэсэн саналыг гишүүд 100 хувь дэмжсэн юм.

 

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20.3-т УИХ-д өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөлд хавсаргах бичиг баримтыг дурьдсан байдаг бөгөөд дээрх нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шаардлагатай арга хэмжээний санал, түүнтэй холбогдон гарах төсөв, санхүүгийн зардлын тооцооноос гадна “жендерийн дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн зөвлөмж”-ийг хавсаргадаг болохоор тусгажээ. Байнгын хорооны гишүүд бүх хуулийн төсөлд жендерийн дүн шинжилгээ, үнэлгээ хийх боломжгүй гэж үзлээ. Газрын тосны тухай хуулийн төсөлд хэлэлцлээ гэхэд жендерийн дүн шинжилгээ хийх шаардлага байх уу, үгүй юу гэдгийг бодох л асуудал гэж гишүүд үзэж байсан. Манай улсад жендерийн үнэлгээ хийх аргачлал ч байхгүй гэсэн. Ингээд дээрх хуулийн төсөл олонхийн дэмжлэг авсангүй.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр Комиссын гурван гишүүний нэг нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг хариуцах”-аар болж байгаа юм. Энэ хуулийн төслийг гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм.

 

Харин Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд дэмжсэнгүй. Иргэний хуулийн 515 дугаар зүйл. Өвлөх үндэслэлд “нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан тохиолдолд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй эхнэр буюу нөхөр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хамтын хөдөлмөр, үйл ажиллагаанаас шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгө, анх гэр бүл болоход нь зориулагдсан орон сууц, гэр, хашаа, байшинг давуу эрхээр өмчилж болно” гэсэн хэсэг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. Гэтэл энэ заалт Иргэний хуулийн зарим заалт, хэсэгтэй зөрчилдөж байна гэж гишүүд үзлээ. Эхнэр, нөхрийн аль нэг нь нас барвал эд хөрөнгийг үлдсэн нь давуу эрхтэй авахаар хуульчилбал, хамгийн наад зах нь насанд хүрсэн хүүхдийнх нь өв залгамжлалын асуудал орхигдоно гэж тэд үзэж байсан. Гэтэл хүүхдээс гадна тэр хүний төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэх мэт хуувь ёсны өвлөгчид бий. Тиймээс давуу эрхээр өмчилнө гэсэн заалт оруулж суурь хуультай зөрчилдүүлж болохгүй гэж гишүүдийн олонхи үзсэн юм. Ингээд дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж гишүүдийн олонхи саналаа өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.