Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна
2011.01.19

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.baigal_nuur

Тогтоолын төсөлд Говьсүмбэр, Дорноговь аймгуудын зарим сумдын хэсгийг хамран орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, Арван наймын Богд уул, Дундговь, аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, Дэлгэрхаан уул, Малгарын уул, Говь-Алтай аймгийн Хар-Азаргын нуруу тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим сумдын нутгийг дамнан орших Бага газрын чулуу түүний орчмын газар нутгийг дурсгалт газрын ангилалаар  тус тус улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулахаар тусгасан байна. Тогтоолын төсөлд тусгагдсан нэр бүхий газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөллийн улмаас байгаль орчин доройтож экосистемийн тэнцвэрт байдал алдагдах явдлыг багасгаж, ан амьтан өсч үржих, орогнон амьдрах тохиромжтой нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Д.Энхбат нар БОАЖ-ын дэд сайд Ч.Жаргалсайхан, газрын дарга А.Намхай нараас асуулт асууж хариулт авлаа.

 

Улс орны хэмжээнд дархан цаазат газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс бол нинжа нар. Тэд байгаль орчныг бүрмөсөн устгаж, сүйтгэж байна. Ойрын таваас арван жилд тусгай хамгаалалттай газрыг яаж өргөтгөхөв, аль чиглэлд ямар саад байна гэдэг дээр анхаарч ерөнхий зураглал гаргах хэрэгтэй. Түүнчлэн экологийн прокурор, цагдаагийн асуудлыг тусгайлан бэлтгэж оруулж ирээчээ. Засгийн газар “Алт” хөтөлбөрийн үр дүн, гарсан хохирлыг нь  дүгнэж цэгнээд хаах болоогүй юу. Эдгээр асуудлыг нэгтгээд цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй байна. Байгаль хамгаалалтай холбоотой нэлээд олон хууль батлагдан гарсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Урт нэртэй хуулиа буруу тайлбарлаад байгаа нь улс орны хөгжлийг буруу зүг рүү чиглүүлж байна. Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс баялаг, түлш эрчим хүчний яамд  энэ хуулийг өөр өөрөөр тайлбарлаад байдаг.Өөрсдийн эрх ашгийн сонирхол болж байвал хууль юу ч биш болжээ гэсэн шүүмжлэлийг гишүүд  хэлж байлаа.

 

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлая гэсэн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь  дэмжиж Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Батболд танилцуулахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.