Дорнын уудам талаас Ардчилсан намын “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг  гараагаа эхэллээ
2011.01.26

Дорнын уудам талаас Ардчилсан намын “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг гараагаа эхэллээ

Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа Эдийн засгийн хувьсгал 2011 оноос эхэлж Монгол хүн бүр Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчинтой болох хөтөлбөрийг Ардчилсан нам дэвшүүлээд явж байна. Хөтөлбөрийн хүрээнд хэлэлцүүлгийн баг 21 аймагт ажиллах бөгөөд тухайн аймгийн иргэд зөвхөн аймгийнхаа өмнө цаашилбал сумынхаа, өдөр бүр өөрт тулгамддаг асуудлаа дээрх чиглэлийн хүрээнд гаргаж, тэрхүү асуудлууд тухайн цаашид шийдвэрлэх бодлогын асуудал болж байгаа гээд энэхүү хөтөлбөр өөрөө олон талын ач холбогдол өндөр болж байгаа юм. “Монгол Хүн 2020” хөтөлбөрийн анхны хэлэлцүүлэг 22,23-ны өдрүүдэд Наран ургах зүг Дорнод аймгаас гараагаа эхэлж хэлэлцүүлэгт Хэрлэн, Баянтүмэн, Булган, Чулуунхороот, Баяндун, Баян-Уул, Матад, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан  сумын 300 орчим төлөөлөгчид оролцлоо.

an_eruulhunХэлэлцүүлэгт Ардчилсан намын Дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, Нийслэлийн Ардчилсан намын Дарга Л.Түвдэндорж болон Дорнод аймгийн ҮЗХ-ны гишүүд, мөн тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, “Монгол Хүн 2020” хэлэлцүүлгийн ажлын албаны гишүүд оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж ЕНБДарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Ардчилсан нам Дорнод аймгаас “Монгол хүн -2020” хэлэлцүүлэгийг эхлүүлж байна. Дорнод аймаг бол Монгол орны хувьд стратегийн өндөр ач холбогдолтой нутаг. Хөрсөн дороо ийм баялагтай нутаг оронд амьдарч байгаа иргэд та бүхэн яагаад ч ядуу, ажилгүй, орлогогүй, аюултай орчинд амьдрах учиргүй. Тиймээс энэ хөтөлбөрт та бүхэн сум орон нутагтаа тулгамдаад байгаа асуудлыг л гаргаж тавь. Харин сум бүрийн иргэн, бүрийн санал, санаачлага оролцсон энэ дэд хөтөлбөрүүдийг бид нэгтгэн бүхэл бүтэн улсын хэмжээний “Монгол хүн 2020” хөтөлбөрийг гаргаж ирэх юм” гэсэн нь хөтөлбөрийн зорилго, цаашдын чиг хандлагыг илэрхийлж байлаа. Хэлэлцүүлэгт оролцогч гишүүдэд Монголын лектор төвийн захирал Ц.Баатархүү хувь хүний хөгжлийн асуудлаар лекц уншиж, ажлын хэсгийн баг танилцуулга хийж дараах 5 чиглэлээр дэд хэсэгт хуваан хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

 

“Эрх чөлөөтэй- Монгол хүн “ хэлэлцүүлэгийн хэсэгт орж ажилласан төлөөлөгчид сум орон нутагт дахь Нутгийн өөрөө удирдах ёсны талаар болон орон нутгийн төсвийг хуваарилахад иргэдийн оролцоо байдаггүй, нэг намын ноёрхолоор төсвийн асуудлыг шийддэг зэрэг асуудлыг голчлон хөндөж байсан юм. Харин эндээс орон нутгийн эрх мэдлийг орон нутагт нь шилжүүлж, иргэдийн шийдвэр гаргах төвшин дэх оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг анхааруулж байсан юм.

“Эрүүл чийрэг-Монгол хүн” хэлэлцүүлэгийн ажлын хэсгийнхэн эрүүл мэнд гэсэн салбарт зөвхөн хүн эмнэлэгийн орны хүрэлцээ, тоног төхөөрөмжийн хангамжыг ярих биш харин ч спорт заал, эрүүл саруул байхад шаардлагатай олон зүйлийг авч ярих хэрэгтэй гэж байсан юм. Үүнд хүн бүрийг спортоор хичээллэх бололцоог бүрдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэхийг илүүд үзэх хэрэгтэйг онцолж байсан юм.

an_eruulhun022010 оны байдлаар тус аймагт  Хүн амын дотор өвчлөл 32,7 мянган тохиолдол бүртгэгдэж 10,0 мянган хүн тутамд 4415.3 өвчлөл, халдварт өвчин 1900 тохиолдол бүртгэгдэж 10,0 мянган хүн тутамд 256.05 өвчлөл оногдож өмнөх оноос халдварт өвчин 1.21 хувиар буурчээ.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлгүүдэд амбулаториор 301.0 мянган хүнд үзлэг хийж, эмнэлэгт 16.3 мянган хүн хэвтүүлэн эмчилжээ. Хүн амын нас баралт 507 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн амд 6,83 болж өнгөрсөн оныхоос 70 тохиолдлоор нэмэгдсэн байна.

“Эрдэм боловсролтой –Монгол хүн” хэлэлцүүлэгийн хэсгийнхэн бидний ирээдүй болсон үр хүүхэд өнөөдөр ямар орчинд сурч боловсорч, ямар багшаар хичээл заалгаж байгааг огтхон ч мэддэггүй байдлыг хурцаар шүүмжилж байсан бөгөөд энэ хөтөлбөрийн амин сүнс нь багш бэлтгэхээс эхэлнэ гэдгийг сануулсан. Мөн багшыг бэлтгэхэд монгол улсын их дээд сургуулиудийн боловсролын системийг ихээхэн өөрчлөх шаардлагатай болох тухай ч дурдаж байсан. Харин энэ хөтөлбөрийн үр дүнд монгол хүн бүр хүүхэддээ эрдэм чадвартай багшаар хичээл заалгаж, өөртөө ч төрдөө ч хэрэгтэй хүн болгох нь монгол орны хөгжлийн амин сүнс байх ёстой хэмээж байсан юм.

Одоогийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 26 сургуулийн 522 бүлэгт 14,3 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд 23 дотуур байранд 1368 хүүхэд амьдарч  байна. Ерөнхий боловсролын сургуульд ажиллагсдын 60,0 хувь буюу 804 багш хүүхэд багачуудад эрдэм ном зааж  байгаа юм. Аймгийн 23 цэцэрлэгийн 127 бүлэгт  3,6 мянган хүүхэд хүмүүжиж 263 үндсэн болон туслах багш ажиллаж байна.

“Аюулгүй орчинтой- Монгол хүн” ажлын хэсэгт аюулгүй орчин гэдэг ойлголтод сүүлийн үед Монгол орны өнцөг булан бүрт нүүрлээд байгаа экологийн сүйрэл, байгаль орчны тэнцвэргүй байдал үүсч байгаатай холбоотой асуудлыг хөндөн ярьлаа. Тухайлбал, Дорнод аймгийн хувьд Алт болон түүхийн нефтийн орд газартай. Түүнийг дагаад хайгуул, олборлолт хийх нэрийдлээр Хятадын компаниуд байгаль орчинд нөхөн сэргээлт огт хийдэггүй, гол мөрнүүд ширгэж байгааг чухалчлан дурдаж байсан.

“Ажил орлоготой -Монгол хүн” хэлэлцүүлэгийн хэсэг уул уурхай, дэд бүтэц, ХАА, МАА, ЖДҮ гэсэн хэсгүүдэд хуваагдан ажиллаж, энэ сэдвүүдийн хүрээнд ярилцсан юм. Өнөөдөр Дорнод аймаг 2010 оны эцсийн байдлаар 21.5 мянган өрхөд 74,4 мянган хүн амьдарч байгаагийн 55,0 хувь нь аймгийн төвд, 19,8 хувь нь сумын төвд, 25,2 хувь нь хөдөө амьдарч байна. Хүн амын 61.7 хувь нь хөдөлмөрийн насныхан байдаг байна. Ажил идэвхтэй эрж байгаа 786 хүн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст  бүртгүүлжээ. Эдгээр хүмүүсийн 13.9 хувь нь өмнө нь ямар нэг ажил эрхэлж байсан, 86.2 хувь нь анх удаа ажил хайж байгаа хүмүүс юм.

 

Дээрх хүмүүсийн 65.9 хувь нь 16-34 насны залуучууд байна. Ажил эрж бүртгүүлэгсдийн 13.9 хувь нь дээд, тусгай дунд боловсролтой хүмүүс байгаа ажээ. Дорнод аймаг шиг байгалийн баялагтай нутгийн хувьд ажилгүй хүн, ажилтай хүн нь ч цалин мөнгө нь бага байгаа нь өрхийн орлогод ихэээр нөлөөлж, ядуухан амьдарч байгаагаа ч төлөөлөгчид нуугаагүй юм.

Ийнхүү сум орон нутагтаа тулгамдсан асуудлаа ний нуугүй ярилцсаны маргааш хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид өөр өөрсдийн салбарын дагуу Байгаль орчны газар, Дорнод аймгийн төв амбултори, 8-р сургууль, ХХҮХэлтэс, Шаталсан сургалттай техник технологинй коллежид очиж ажил байдалтай нь танилцан мэргэжлийн хүний үгийг сонслоо.

Оройн 17:00 цаг “Монгол хүн 2020” хэлэлцүүлэгт зориулсан урлагийн тоглолт болж, тоглолтонд СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, дуучин Н.Баянмөнх, х.Отгонжаргал, залуу дуучин х.Чулуунчимэг, дуучин Эгшиглэн, Lumino хамтлаг оролцож, ая дуугаа өргөн нэгэн үдшийг доргиолоо. Хэлэлцүүлэгт хамрагдсан иргэд хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийлж гагцхүү энэхүү хөтөлбөрт тусгагдсан иргэн бүрийн санал жинхэнэ утгаараа ажил болох ёстой, үүний төлөө хамтран зүтгэхээ ч энэ дашрамд илэрхийлж байлаа.

Ийнхүү Ардчилсан намын “Монгол хүн 2020” хөтөлбөрийн эхний хэлэлцүүлэг “Монгол Хүн 2020 - Дорнод” хэлэлцүүлгээр Дорнийн уудам талд болж, Ардчилсан хувьсгалын хоёрдахь давалгаа Эдийн засгийн хувьсгал наран ургах зүгээс гараагаа амжилттай эхэллээ. Цаашид хэлэлцүүлгийг Дорнод аймагт байгуулагдсан ажлын хэсэг сум бүрээр өрнүүлэх бөгөөд гарсан санал бүрийг нэгтгэн боловсруулах юм.

Хэлэлцүүлгийн үеэр сумын төлөөлөгчилтэй ярилцсан юм.

Дорнод аймгийн Чулуунхороо сумын ИТХ-ын дарга Д.Ганболд:

-Дорнод аймагт “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг АН-ын төв байгууллагаас хүрэлцэн ирж зохион байгуулж байгаад баяртай байна. Энэ хэлэлцүүлэгт би сумаасаа ирж оролцож байгаа. Манай намаас энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон маш зөв асуудал. Миний хувьд “Аюулгүй орчин-Монгол хүн” хэсэгт хамрагдаж байна. Аюулгүй орчин гэдгийг би байгаль орчин талаас нь илүү авч үздэг. Сүүлийн жилүүдэд байгаль, экологи, бэлчээр талбай маш их сүйтгэгдэж, доройтох болсон. Мэдээж ингэж доройтож байгаад хүмүүс буруутай. Иймээс байгаль орчныг эрүүл байлгахад хувь хүн бүрийн оролцоо чухал. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийг их сайн хийх хэрэгтэй. Мөн мал аж ахуй маш их өсч, бэлчээрийн доройтол явагдаж байна. Энэ бүхнээс шалтгаалж би “Аюулгүй орчин-Монгол хүн” хэсэгт хамрагдсан.

-Танай суманд байгаль орчны доройтол хэр нүүрлэж байна вэ?

-Чулуунхороо суманд одоохондоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага байхгүй. Гол нь мал аж ахуйн эрс өсч бэлчээрийн доройтол явагдах болсон. Сүүлийн жилүүдэд хур бороо элбэг байгаа. Гэхдээ мал аж ахуйн салбар одоогийнх шиг өссөөр байвал бэлчээрийн доройтол бий болох нь тодорхой байна. Тийм учраас бэлчээрийн доройтол үүсэхээс сэргийлж бэлчээрийг хувиарлаж, булаг шандыг хамгаалж хаших шаардлагатай.

“Эрх чөлөөтэй монгол хүн- 2020” хэлэлцүүлгийн хэсгийн төлөөлөгчи Булган сумын иргэн Б.Чимгээ

-Манай сумаас зургаан хүн сумаа төлөөлж ирсэн. Ардчилсан намаас энэ хэлэлцүүлгээр бидэнд санаанд оромгүй сайхан мэдээлэл, зөвлөмжийг өгч байна. Гол нь хүний эрх чөлөө гэдэг асуудлыг хөндсөн. Бидний хувьд мэдээлэл бол маш чухал. Яагаад гэхээр мэдээлэл муу байгаагаар далимдуулан ИТХ гэх мэт хурал, зөвлөгөөн дээр төлөөлөгч нарын санал хүсэлтийг харгалзаж үздэггүй. Тийм учраас хуралд оролцож байгаа төлөөллүүдээс санал хүсэлтийг нь авч байвал зөв зүйтэй юм болов уу гэдэг санал оруулж байна.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.