"Өнөөдөр" сониноос шалгаруулдаг бар жилийн есөн алдартан тодорлоо
2011.01.29

"Өнөөдөр" сониноос шалгаруулдаг бар жилийн есөн алдартан тодорлоо

Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин жил бүр цагаан сарын босгон дээр “Есөн алдартан”- ыг тодруулдаг уламжлалтай.
unuudur_aldartanМонголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх төрөл бүрийн ажил мэргэжлийн 100 эрхмийн саналаар тодруулдаг энэ арга хэмжээ хүртээмжтэй, шударга, нээлттэй болдгоороо олон нийтийн талархлыг хүлээдэг юм. Энэхүү нэр хүндтэй шалгаруулалт 10 дахь жилдээ болж, дүнгээ гаргалаа. Шалгаруулалтын дүнгээс XVII жарны “тийн урвагч” хэмээх төмөр бар жилд аль салбарынхан илүү ололт амжилттай байв, ажил үйлсээрээ монгол түмнээ хэн манлайлав гэдгийг харж болно.

“Есөн алдартан”-аар тодорсон хүмүүсийн дотор улс төрийнхөн долуулаа, спортынхон хоёулаа байна. Тэгэхээр энэ салбарт олон чухал үйл явдал болж, монголчуудын анхаарал энэ зүг рүү илүү татагдсан гэсэн үг. Засаг төр маань тогтвортой байж, олон чухал шийдвэр гаргаж хэрэгжүүлэн, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ амьжиргааг шинэ шатанд гаргахын төлөө хичээн чармайсан, спортынхон урьд жилүүдээс илүү арвин амжилттай байж, Монголынхоо нэр алдрыг дэлхийн тавцанд олонтаа цуурайтуулан, элгэн түмнийхээ баярын магнайг тэнийлгэсэн учраас тэр биз ээ. Санал асуулгад оролцсон 100 эрхэм нийт 80 хүнийг дурдан нэрлэжээ.

Тэгэхээр дор хаяж ийм тооны хүн хийсэн бүтээснээрээ монгол түмний талархал хүндлэлд багтаж байгаа юм байна гэж ойлгож болно. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн “Есөн алдартан”- ыг тасархай манлайлав. Дэвшил хөгжлийн шинэ цагийн босгон дээр ирээд байгаа монголчууд түүнд болон Засгийн газартаа ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илрэл энэ болов уу. Монголын чөлөөт бөхийн түүхэнд ойрд дуулдаагүй бахдам амжилтын эзэн болж, монгол бүсгүйчүүд эрчүүдээсээ дутахгүй авьяас билигтэй, авхаалж самбаатай, эрдэм чадалтайг нотолж чадсан С.Батцэцэгээрээ манайхан бахархаж байна. “Ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгч маань ард түмнийхээ итгэл хүндлэлийн хойморт байгаагаа бас дахин батлан харууллаа. Энэ мэтээр “Алдартан”- уудаа тус бүрт нь тодорхойлж болно. Тэдний тухай хойно өгүүлэх тул үүгээр товчилъё.

Харин Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Өнөөдөр” сонин “Есөн алдартан”-ыг шалгаруулж эхэлснээс хойших 10 жилийн түүхэнд завсаргүй 10 удаа “Алдартан”-д багтсаныг заавал дурдах хэрэгтэй болов уу. Тэр ийнхүү ховор амжилтын цорын ганц эзнээр тодроод байна.

Монгол төрийн тууштай, тулхтай, үнэнч түшээ тэрбээр цаашид “Рекорд” амжилтаа шинэчлэх биз ээ. “Есөн алдартан”-ы араас хоёр сайхан Ёкозүна маань адил оноотой жагслаа. “Алдартан”- аар нэг биш удаа тодорч байсан хоёр хүчтэн маань ийнхүү аман хүзүүнд хурдалсан ч ирэх жилүүдэд байраа ахиулах боломж, нас, хүч, ухаан дүүрэн бий. Улс төрд спорт, бизнесийн салбарт гаргасан амжилтаасаа дутахгүй бяртай яваа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Монголын улс төрийн хамгийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг С.Баяр, Н.Энхбаяр, Т.Ганди, МАХН хэмээх нэрд үнэнч үлдэхээ амлаж,

олны анхааралд өртөөд байгаа шинэхэн улстөрч Ц.Шинэбаяр, улсын наадмын торгон ногоон дэвжээнд тоот бөхийн түрүүгээр тодорч, шинэ цол хүртсэн Монгол Улсын хүчит арслан Б.Ганбат, МАХНын XXVI их хурлаар энэ намын нэгэн лидер, нөлөө бүхий зүтгэлтэн, шинэ нэртэй ууган улс төрийн хүчний ирээдүй нь мөн гэдгээ баталсан УИХ-ын эрхэм гишүүн Ө.Энхтүвшин, бизнесийн салбарт манлайлагч байж чадаж, дэлхийн дэвжээнд Монголын компани анх хөл тавьсан шинэ зам мөр гаргасан бизнесмен Ж.Оджаргал, оюуны спортын талбарт Монголын нэрийг дуурсган гайхуулж яваа шатарчин бүсгүй Б.Мөнгөнтуул, палеонтологийн салбартаа бол Нобелийнхтой адилтгаж болох нэр хүндтэй шагналын эзэн болсон нэрт эрдэмтэн Р.Барсболд нар “Алдартан”-ы хоёр дахь эрэмбэд багтсан байна. Ийнхүү нэгэн оны бахархал, хүндлэлийн эзэд тодорлоо. Монгол түмэн бүгдээрээ “Алдартан” байх болтугай. Ирэх жилийн шалгаруулалтын дараа дахин уулзахын ерөөл тавья.

“ЕСӨН АЛДАРТАН”-Ы АРААС ЖАГСАГЧИД:

10. Д.Дагвадорж
11. М.Даваажаргал
12. Х.Баттулга
13. С.Баяр
14. Б.Ганбат
15. Т.Ганди
Н.Энхбаяр
16. Ц.Шинэбаяр
17. Ө.Энхтүвшин
Р.Барсболд
18. Б.Мөнгөнтуул
19. Ж.Оджаргал
20. Х.Тэмүүжин
Ч.Сайханбилэг
Г.Эрдэнэболд.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.