МАН хуулийн төсөл дээр завсарлага авлаа.
2011.01.28

МАН хуулийн төсөл дээр завсарлага авлаа.

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн заримchuulgan_pm заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт урьдчилсан тооцоогоор 19 орчим их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Гэтэл 2010-2012 онуудад төсвийн зарлага, гадаад зээл, тусламжийн хэмжээ 10 их наяд орчим төгрөгөөс хэтрэхгүй төлөвтэй байгаа аж. Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд зааснаар Засгийн газар зөвхөн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах боломжтой. Олон улсын зах зээл, донор орон, байгууллагуудаас авах хөнгөлөлттэй зээл нь үнийн дүн багатай, тусгай нөхцлүүд заавал дагуулж байдаг зэрэг хэд хэдэн сул талтай байдаг гэнэ.

 

Хөгжлийн шинж чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилтын хүрээнд үнийн дүнгийн хувьд их хэмжээний, аливаа нэмэлт нөхцөл, тусгай шаардлагагүй зээл, санхүүжилтийг олон улсын зах зээл дээрээс татах нь манай улсын хувьд чухал ач холбогдолтой болж байна. Хэдийгээр энэ төрлийн зээл нь хугацаа богино, хүү өндөртэй байдаг боловч үр ашгийг нь түргэн хугацаанд хүртэх боломжтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг сонгон, оновчтой хяналт тавин хэрэгжүүлбэл манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой юм байна.

 

Нөгөөтэйгүүр, Улсын Их Хурлаас 2010 онд Концессийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд уг хуульд төрөөс зээлийн баталгаа гаргах асуудал тусгагдсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.3-т “Засгийн газар улсын төсөвт болон төсвийн гадуур арилжааны нөхцөлтэй зээл авч ашиглах, зээлийн баталгаа гаргахыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж, хуулийн хэрэгжилтийг хангахад хүндрэл учирч байгаа тул эдгээр хууль хоорондын зөрчлийг арилган, хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болсон хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

 

Иймд дээрх шаардлагыг хангах зорилгоор Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

 

Хуулийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжин эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодит боломж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж үзжээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатар, Хуулийн төсөлд тэргүүлэх ач холбогдолтой төслүүдэд Засгийн газар баталгаа гаргаж болохоор тусгах саналтай байгаа юм байна. Тэргүүлэх ач холбогдолтой, стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжүүлэх төсөл гэдгийг нарийн тодорхойл, УИХ-аар баталгаажуулж байх хэрэгтэй гэсэн саналтай байсан. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир  Засгийн газар зээлийн баталгаа гаргах заалт Монгол Улсын эдийн засгийг хөмөрч мэднэ хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсыг хөгжилд аваачих тодорхой УИХ-ын шийдвэрээр баталгаажсан тийм обьектод Засгийн газар зээлийн баталгаа гаргах эрх олгох хэрэгтэй. Эс тэгвээс бүлэглэлүүд шантаажилж байгаад өөрийн төслөө тэргүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газраас баталгаа гаргуулж аваад байна. Одоо сул тавьбал баларна. Энэ заалтыг сайн ярилцах хэрэгтэй байна гэж хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Энэ асуудлыг завсарлага авч ярилцмаар байна. Энэ бол их эмзэг сэдэв. Янз бүрийн лобби орохыг хязгаарлах заалт оруулах хэрэгтэй байна. Энэ томьёолол учир дутагдалтай байна. Зээлийн баталгааг Засгийн газар гаргадаг болох нь аюултай механизм. Засгийн газарт ийм том эрх олгочихоод зүгээр сууж болохгүй гэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Лүндээжанцан энэхүү хуулийн төслийг даваа гаригт намын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх хэрэгтэй болсон тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах санал гарган завсарлага авлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.