Сургалтын төрийн санд таван сургуулийн материал иржээ
2011.02.04

Сургалтын төрийн санд таван сургуулийн материал иржээ

"Хүний хөгжил сан"-гаас иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлэн болон бэлэн бусаар өгөх шийдвэр гараад удаж байна. Энэ мөнгийг их дээд сургуулийн оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр олгохоор болсон. Тодруулбал, оюутны төлбөрөөс 500 мянган төгрөгийг хөдөлмөр халамжийн хэлтэс, БСШУЯ хамтран судалгаа хийж төрийн сангаар дамжуулан олгохоор шийдвэрлээд байгаа. muis_555

Тиймээс их, дээд сургуулиудын удирдлага болон оюутнууд дээрх мөнгийг олж авахын тулд хаана, хэнд хандаж, ямар өргөдөл гаргах вэ, мөн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг, тухайд нь мэдээлсэн.

Өргөдөл цуглуулах энэ ажил нэгдүгээр сарын 10-наас эхэлсэн. Ихэнх сургууль энэ ажлаа оюутнуудын өвлийн амралтыг тааруулж зохион байгуулсан. Гэсэн ч зарим оюутан өргөдөл гаргах тухайгаа огт мэдээгүй. Өөрөө өргөдөл гаргах боломжгүй бол гэр бүлийнхээ хэн нэгнээр дамжуулан өргөдлөө гаргах боломжтой гэдгийг мэдэхгүй явж байгаа нь энэ ажлыг удаашруулахад хүргэж байгаа ажээ. Тиймээс өнөөдрийн байдлаар нэг ч өргөдөл Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт ирээгүй байна гэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн хэлж байна.
Оюутнуудын мөнгө хойшилж магадгүй
Сургуулиуд Боловсролын сургалтын санд нийт оюутныхаа мэдээ материалыг ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар дөнгөж таван сургуулийн материалыг нэгтгэсэн. Ажил 30 хувьтай байна. Харин 70 хувьд нь буюу 110 сургуулийн материалд тодруулга, засвар хийж байна. Бид энэ ажлыг хоёрдугаар сарын 15-нд дуусгах ёстой. Оюутнуудын материалыг нэгтгэхэд зарим оюутны хаяг тодорхойгүй, жилийн чөлөө авсан зэрэг шалтгаан нь хүндрэл үүсгэж байна.

Төлөвлөсөн хугацаанд бүх сургуулийн материалыг нэгтгээд Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл ажил эхлээд 20 хонож байхад ердөө таван сургуулийн материал ирээд байна. Аймаг, сум, дүүргээс нэг ч тодорхойлолт ирээгүй байна гэж Сургалтын төрийн сангийн захирал хэлж байлаа.

Хэрэв дээрх материал хугацаандаа амжиж ирэхгүй бол оюутнуудад олгох 500 мянган төгрөгийг гуравдугаар сарын 1-нээс олгох нь хойшлогдож магадгүй болжээ. Оюутан өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сургалтын 500 мянган төгрөгийг олгох учраас өргөдлөө хугацаандаа өгөхгүй бол энэ мөнгийг олгохгүй гэдгийг оюутнуудад сануулах хэрэгтэй болж байна.

Ц.Мягмарбаяр
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.