Хотын гэрэлд шар хантааз гялалзан харагдана
2011.02.01

Хотын гэрэлд шар хантааз гялалзан харагдана

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанаас гудамж талбайн үйлчлэгч нарын буюу “Шар хантаазтаны 3 дугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.

Монголын Хүүхдийн ордны их танхим шар хантаазтай ах, эгч нараар дүүрч, танхимын гэрэл чийдэн, тавилга сэлт заримд нь их л сонин байгаа бололтой сониучирхан харна. Хотын дарга нар энэ удаа тэдэндээ бэлэгтэй очжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шар хантаазтангуудын цалин доод тал нь нэг дахин нэмэгдэж 300 мянгаас дээш болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр мэдэгдсэн. Хотын мээрийн бэлэг тэдэнд урам нэмж, итгэл өгсөн. Бид илүү сайн ажиллана гэж байна лээ. Цалингаа нэмүүлсний зэрэгцээ зарим нь энгэр цоолж, хотынхоо шагналаар шагнагдсан. Энгэртээ зүүсэн хотын “Хүндэт тэмдэг”-ээ байн байн харсаар тайзнаас буух үйлчлэгчийн сэтгэл буртаггүй.
shar_hantaaz
Тиймээс ч хотын удирдлагууд тэднийгээ хайрлаж, дэмжиж байдаг. Хотын иргэдийг соёлд сургах, хотоо хайрладаг болгоход та бүхний оролцоо хувь нэмэр асар их байдаг шүү гэж хэлсэн хотын дарга цаашид гудамж талбайн үйлчлэгч нарыг мэргэшүүлэх зарчим барихыг  дүүргүүдийн ТҮК-ийн захирлуудад анхааруулсан.
Хот тайван нойрcч шөнийн гэрэл дор энд тэндгүй шүүрийн чимээ шур шур хийнэ. Чимээ даган ажвал шар хантааз гялалзан ажилсаг зөгий мэт үйлчлэгч нар бүртэлзэнэ. Үүр шөнөөр албандаа гарч үдшийн бүрий тасарсан хойно амсхийх  тэд хэн нэгний анхаарлыг татаад байдаггүй, өөрсдөө ч энэ тухай бодохгүй, хийх ёстой ажлаа л хийсэн шиг хийх чин эрмэлзэлтэй. Хүн хичнээн энгийн байх тусмаа ажилдаа, эрмэлзэлдээ туйлын үнэнч байдаг билээ. Шар хантаазтангууд тийм л улс. Тэдний чимээгүйхэн үнэнч хөдөлмөрийн үрээр хот цэвэрхэн, иргэд сэтгэл хангалуун байдаг. Нэг үйлчлэгч өдөрт 7000-13000 м.кв талбайгаас 100-150 кг хог хаягдал цэвэрлэдэг гэсэн тооцоо бий. Хотын 270 гаруйхан үйлчлэгч ахадсан их ажил хийж, ачаа үүрдэг ч гомдол гаргадаггүй. Хот эгэл энгийн ийм хүмүүсийнхээ сэтгэл, хүчээр хөгжиж байдаг билээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.