2011.02.07

43 саяар авсан алтан нуухтай шүрэн хөөргөөр гангарна

Cap шинийн баяраар хүн бүр үндэсний хувцсаараа гоёж, төрт ёсны олон жилийн түүхт уламжлал, эх орноороо бахархдаг. Хэн ямар торгоор дээл хийлгэн өгснөөр нь тухайн хүний бэл бэнчинг тодорхойлдог ч гэж хэлж болно. УИХ-ын гишүүд энэ жилийн цагаан сараар хэрхэн гоёх гэж байгаа тухай асуулаа.

Ш.САЙХАНСАМБУУ: Эрээн дээл надад зохидоггүй

-Залуучууд дээл өмсдөггүй байхад 1973-1983 оны хооронд би оюутан үедээ чөлөөт цагаараа дээл өмсдөг байлаа. Тэр үед "Дэнжийн "мянга"-ын захаас 30-70 төгрөгийн үнэтэй сатинан тэрлэг авдаг байсан юм. Ингээд сургуулиа төгсөөд инженер болсон цагаас хойш ер дээл өмсөлгүй байж байгаад 2008 оны сонгуулиар аргагүй эрхэнд дээл өмсөж эхэлсэн. Ингээд хэдэн дээл оёулсан юм. Гэхдээ надад торгон дээл байхгүй л дээ.  Би үргэлж даавуун дээл өмсдөг. Энэ  жил нударгатай, үзмэн хүрэн  өнгийн ээл өмсөх гэж байгаа. Бүдүүн, том биетэй болохоороо эрээн дээл надад зохидоггүй. Харин Швейцарьт явж байхдаа "Gucci" брэндийн хар, хүрэн өнгийн хоёр гутал авсныхаа нэгийг өмсөх байх. Бас дөрвөн талтай булган, лам бүчтэй, даруухан малгай оёулсан. Хувцаснаас гадна энэ жил хөөрөг бэлдсэн шүү. Хөдөөнийхөнтэй уулзахаар хөөрөг заавал хэрэгтэй байдаг тул саяхан 43 сая төгрөгөөр алтан нуухтай, шүрэн хөөрөг авчихсан. Хөөрөг ч тэгээд зөвхөн хөдөө л хэрэгтэй байдаг юм билээ дээ. Түүнээс баян таргандаа авч байгаа юм биш, бизнес эрхэлж байсан улстөрч манан хөөрөг бариад явахаар муу хэлэх янзтай байдаг болохоор л авсан даа. Тэгээд ч шүр чинь далайн ёроолд он удаан жилийн явцад бүрддэг, улаан номонд орсон буян хураадаг эрдэнийн үнэт чулуу гэж настайчууд хэлсэн юм. Мана, хаш чинь үнэт эрдэнийн чулуу биш юм билээ. Тэгээд бас зах зээлийнхээ ханшийг дагаад дандаа үнэ нь өсдөг. Одоогоор нэг грамм нь 140 долларын ханштай байна билээ.

Д.АРВИН: БИ ДЭЭЛЭЭ "МОНГОЛ КОСТЮМС”-ААР ХИЙЛГЭСЭН

-Монгол эмэгтэйчүүд эртнээс сайн загварын сайхан дээл өмсөж ирсэн уламжлалтай. Эрт үеэс торгоны замыг нээж, дээл хувцсаа сайхан эдэлж, өмсдөг байсан шүү дээ. Орчин үед бид тэр уламжлалыг дагах хэрэгтэй гэж би боддог. Өнгөрсөн жил би УИХ-ын даргатай Санкт-Петербург хотод явж байхдаа Эрмитажид хадгалагдаж байгаа, манай Ноён уулын булшнаас олдсон дээл бараг шинээрээ шахам байхыг харсан. Ийм л эдийг бид хэрэглэдэг байна шүү дээ. Энэ жил ч гэсэн сайн үйлчний урласан загвар сайтай монгол дээл өмсөнө. Би хөдөө явах, уул, усны ёслол, үндэсний баяр наадам, цагаан сараар заавал дээл оёулж өмсдөг юм. Гэхдээ өнгөний морд гэхээсээ илүү материалын чанар чансааг нь чухалчилж үздэг. Энэ жилийн дээлээ "Монгол костюмс" салоны уран оёдолчдоор оёулсан.

Н.ГАНБЯМБА: ХУРГАН ДОТОРТОЙ, ХҮРЭН ТОРГОН ДЭЭЛ ӨМСӨНӨ

-Цагаан cap бидний өвөг дээдсээс уламжилсан баяр. Цагаан сараар үндэснийхээ дээлийг өмсөхийг илүүд үздэг. Энэ жил ч ялгаагүй нутгийн хэдэн бууралдаа очиж золгохдоо хурган дотортой, хүрэн торгон дээл өмсөнө дөө. Харин бусад арга хэмжээнд бэлгэдлийг нь бодож цайвар цагаан тэрлэг бэлтгэчихсэн байгаа.


Н.АНИР

Өдрийн шуудан сонин /2011.02.02/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.