Бар жил ямар байв.Туулай жилийг хэрхэн төсөөлж байна вэ?
2011.02.07

Бар жил ямар байв.Туулай жилийг хэрхэн төсөөлж байна вэ?

uih_gishuudБар жил өнгөрч туулай жил ирлээ. Өнгөрсөн онд Монголын улс төрийн амьдрал хэрхэн өрнөв. Сонгуулийн өмнөх туулай жилд уяс төрийн хэмнэл ямар аястай байх бол. Энэ талаар УИХ-ын зарим гишүүний бодлыг хуваалцлаа.

Ч.УЛААН: "Буцлам" жил болж магадгүй
Ч.Улаан: -Бар жилд Монголын улс төрийн амьдрал харьцангуй тогтвортой, аядуухан байлаа. Өөрчлөлт шинэчлэлтийн асуудлуудаа ярилцаж, уул уурхайн томоохон гэрээ, төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Том намууд их, бага хурлаа хийж, жижиг намуудын нэгдэх үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Ерөнхийдөө аядуу жишиг монголчууд үдлээ. Туулай жилийг их аятайхан гэж ярьдаг. Гэхдээ сонгуулийн өмнөх жил болохоор улс төрийн амьдрал тийм байхгүй болов уу гэсэн төсөөлөл байна. Сонгууль ойртож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн бататна. Оюутолгой, Таван толгойн гэрээ хэлцлийг эцэслэн шийдвэрлэж. түүнийг тойрсон асуудлаар хурцхан маргаан өрнөж магадгүй. Тийм учраас туулай жилд улс төрийн амьдрал нэлээд оргилуун. зарим үед *буцлам" болж мэднэ. Ямар ч байсан бар жил шиг аядуу намуун байхгүй нь ойлгомжтой.
Д.ДАМБА -ОЧИР: Хэлэх үгтэй байхын тулд хийж бүтээе

Д.Дамба-очир: барьж байгаа МАН-ын хувьд томоохон шинэчлэлт өөрчлөлтийг бар жилд хийж чадлаа.АН-ын хувьд ч ҮЗХ-ны хурлуудаа хийж ажлаа сайжруулах, ойрын жилүүдийн зорилтоо тодорхойлсон зэргээp том намууд шинэчлэгдэж өөрчлөгдсөн жил байв. Энэ ажил туулай жилд үргэлжлэх байх. Жижиг намуудын хувьд нэгдэх үйл явц үргэлжилж байна.Сонгуулийн өмнөх жил учраас туулай жилд нэлээд бужигнах байх гэж зарим нь үзэж байх шиг. Би хувьдаа тийм болоосой гэж хүсэхгүй байна. 2011 оныг Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласан. Улстөржихгүйгээр энэ ажилдаа гол анхаарлаа хандуулах юмсан. Туулай жил тогтуун байгаасай. Хамтарсан дээрээ нэлээд ажил амжуулчихмаар байгаа юм. 2012 онд сонгууль болдгоороо болох учраас хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх хэрэгтэй. УИХ, Засгийн газар ч нэлээд дорвитой ажиллах байх гэж найдаж байна.

Л.ГАНТӨМӨР: Шинэ бодлого тойрч бужигнаасай

Л .Гантөмөр:-Бар жилд нэлээд шинэлэг хандлагууд бий болгож чадлаа. Бизнесийн салбар дахь төрийн оролцоог багасгах талаар чамлахааргүй зүйл хийсэн. 100 гаруй тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг амжилттай тэмдэглэв. Монголчууд орчин үеийн бизнес хийх боловсролтой байх ёстой. Энэ чиглэлээр эдийн засгийн эрх чөлөөг хангах, боловсролын салбарт тодорхой дэв-шил гаргах бодлогоо тодорхойллоо.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар төсвийнхөө ирээдүйн хандлагыг харж чаддаг боллоо. Уул уурхайгаас хамааралтай орны хувьд орж ирсэн мөнгийг шууд үрэн таран хийхгүй, түүгээрээ тодорхой хуримтлал бий болгож, эдийн засгаа дэмжсэн бодлого явуулахад хууль үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Монголчууд Үндсэн хуулиа хамгаалалттай болгож чадав. Ингэснээр, монгол Төрийн ардчилсан тогтолцоог хамгаалах болно. Тулгамдсан асуудлаар ард түмнийхээ дунд санал асуулга явуулж шууд ардчиллын хэлбэрийг хэрэгжүүлж эхлээсэй. Санал асуулгад хэдэн ч хүн оролцож болно. Тэдний олонхын шийдвэр нь ард түмнийх байдаг. Миний хувьд тойргийнхоо сонгогчдын дунд шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард түмнээсээ асуудаг байх хэрэгтэй.Ийм суурь бүрдлээ.Сонгуулийн өмнөх жил болохоор маргаан мэтгэлцээн нэлээд гарах байх. Гэхдээ дээр хэлсэн хандлагыг тойрч мэтгэлцээн өрнөөсэй. Энэ суурин дээр Монголын улс төр бужигнаасай гаж хүсэж байна. Түүнээс бус орон зай булаацалдсан, ард түмний амьдралаар, төрийн хүчгүй байдлыг ашиглаж тоглосон улс төр бүү өрнөөсэй гаж хүсэж байгаа.

Я.БАТСУУРЬ: Улс төр "халах"байх...

Я.Батсуурь:Бар жилд Монголын улс төрийн амьдрал ерөнхийдөө хэвийн, тогтвортой байлаа. Туулай жилд бас ийм байгаасай. Сонгуулийн өмнөх жил учраас улс төр "халах" байх. Гэхдээ улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө, эдийн засгийн өсөлтөө хангаж, ядуурлыг бууруулахын тулд хамтарсан Засгийн газраа тогтвортой ажиллуулах ёстой. Түүний төлөө хаа хаанаа анхаарах хэрэгтэй гэж бодож байна.

Э.ТӨР
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.