Намрын чуулган төлөвлөсөн асуудлын 58 хувийг хэлэлцсэн
2011.02.08

Намрын чуулган төлөвлөсөн асуудлын 58 хувийг хэлэлцсэн

УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

uih_2010-Намрын чуулган хэзээ завсарлах вэ?

-Энэ оны нэгдүгээр сараас дагаж мөрдөж байгаа УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бол намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 10-ны хооронд хуралддаг байхаар заасан. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг ирэх пүрэв гариг хүртэл гаргасан байгаа. Гэнэтийн, онцгой, зайлшгүй шаардлагатай асуудал гарахгүй бол энэ сарын 10-нд намрын чуулган завсарлана. Тэгээд ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхэлнэ.

-Намрын чуулганаар төлөвлөсөн асуудлын хэдэн хувийг хэлэлцсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар хэлэлцэх асуудлын биелэлт 58 хувьтай байгаа. Хэд хэдэн асуудлууд хойшилсон. Энэ нь хоёр шалтгаантай. Намын бүлгүүд эрхийнхээ дагуу зарим хуулийн төслөөс завсарлага аваад хэлэлцүүлгийг хойшлуулсан байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын тухай хуулиас завсарлага авсан учраас хаврын чуулган руу шилжихээс өөр аргагүй болж байна. Мөн Өмгөөллийн тухай хууль бий. Зарим хуулийн төслийн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийх үүднээс хойшлуулсан. Чуулганы завсарлагаанаар Төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгаас санал авах зайлшгүй шалтгаанаар хаврын чуулган руу шилжиж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл дээр малчид иргэдээс санал авна.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэрхэх вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хууль ч гэсэн мөн ялгаагүй. Нэр бүхий гишүүд хоёр хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Ажлын хэсэг дээрх хоёр төслийг нэгтгэж хэлэлцүүлэхэд бэлэн болгосон байгаа. Улс төрийн намуудын удирдлага, судлаач, эрдэмтдийн саналыг авах учир ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байна.

-Хойшлуулсан хуулийн төслүүд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын эхний жагсаалтад бичигдэх үү?

-Шинэ хуулийн дагуу баталж амжаагүй хуулийн төслүүд дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд орж байхаар хуульчилсан. Хаврын чуулган эхлэнгүүт л эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг гарцаагүй хугацаатай баталдаг хуулиуд орж ирдэг. Энэ бүхнийг харгалзан үзээд хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга тогтоох байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.