2011.02.17

УИХ-ын 2010-2011 оны намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хийсэн ажлын тайлан

УИХ-ын 2010-2011 оны намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хийсэн ажлын тайлан

khayankhyarvaa_suugaaУлсын Их Хурлын Төсвийн байнгын хороо нь тайлангийн хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, олон улсын байгууллага, гадаад орны төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны чиглэл бодлогыг тодорхойлох, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажил зохион байгуулах, Байнгын хорооны гишүүд сонгогчидтойгоо уулзалт хийх, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоол, төр, засгийн бодлого шийдвэрийг таниулах чиглэлээр  ажиллаж ирсэн байна.

 

Байнгын хорооны үйл ажиллагаа нь Улсын Их Хурлын  намрын чуулганы хугацаанд хэлэлцэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл дээр ажиллах, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх хууль, бусад шийдвэрийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэн санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргахад чиглэгджээ.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд:

-Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

-Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ, хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газраас 2010.05.24-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн баригдсан/,

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн/

-Монгол Улсын 2011 оны төсвийн тухай

-Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төслийн тухай

-Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай

-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай

-Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

-Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /шинэчилсэн найруулга/

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн/

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлсэн/

- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн/ гэсэн нийт 18 хууль, үүнээс бие даасан 4 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах 13, шинэчилсэн найруулга 1 хуулийн төслийг хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн,

-  Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

- Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай /БОХХААБХ-нд саналаа хүргүүлсэн/ УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

 

Монгол Улс гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулах зээлийн гэрээний төсөл, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн төслийг хэлэлцэж зөвшилцөх эсэх талаар санал, дүгнэлт гаргаж УИХ-ын АБГББХ-нд хүргүүлэв. Төсөв, санхүү, татвар, аудитын асуудлаар холбогдох байгууллагуудын тайлан, судалгаа, дүгнэлтийг хэлэлцэн батлуулав. Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2009 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна.

 

Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан.

 

Намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо 65,8 хувийн дундаж ирцтэйгээр 20 удаа хуралдаж 38 асуудал/давхардсан тоогоор/ хэлэлцсэнээс 30 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл 5, хяналт шалгалтын ажил 1, тайлан, мэдээлэл 4 хэлэлцлээ. Эдгээрээс давхардсан тоогоор 29 санал, дүгнэлт, 6 танилцуулга, 117 саналын томъёолол бэлтгэн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

 

Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, мөн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, Улсын Их Хурал, Төсвийн байнгын хорооноос өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон Улсын Их Хурлаас баталсан төсөл, арга хэмжээнүүд хэрхэн хэрэгжиж байгааг танилцаж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын тайлан сонсох, үнэлэлт, дүгнэлт өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулсан 8 тогтоол гаргасан байна.

 

Байнгын хорооноос энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сонгогчдоос 94 /152 хуудас/ албан бичиг хүлээн авч хугацаанд  нь хариу өгсөн байна. Байнгын хорооноос хариутай 15, хариугүй 5З, нийт 68 /96 хуудас/ албан бичиг явуулжээ.

 

Тайлангийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс Засгийн газар, төрийн байгууллагуудад Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр албан бичгээр өгсөн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад тодорхой хяналт тавьж холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулан авч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн.

Нэг: Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан талаар

Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хороо дор дурдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажиллаж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав. Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд тайлангийн хугацаанд бие даасан хууль 4, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль 13, шинэчлэн найруулсан хууль 1, Улсын Их Хурлын 2 тогтоолын төсөл хэлэлцүүлжээ.

Эдгээрийг товчлон дурдвал:

Нэг. Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, Д.Дондог нарын 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Хууль батлагдсанаар төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг бэхжүүлж ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтоож байхаар хуульчилж өгөв.

Хоёр. Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлэгдсэн "Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн/ төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Уг хууль батлагдсанаар бичил уурхай эрхлэгчийн сард төлөх татварын хэмжээг 53000 төгрөгөөр тогтоож өгсөн.

Гурав. Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлэгдсэн "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Уг хууль батлагдсанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4.16-д гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд шинээр нэмлээ. Ингэснээр гэмт хэргийн хохирогчдын нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангаас тодорхой хугацаатайгаар олгож байх эрх зүйн орчин бий болгосон юм.

 

Дөрөв. Монгол Улсын 2010 оны Төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын бүх Байнгын хороод, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэн, нэгтгэсэн танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

2011 оны төсвийг Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий УИХ дахь Монгол ардын нам, Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг, Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг төсвийн орлого дайчлах, нэмэгдүүлэх, зарлага бууруулах,  хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, оновчтой тодорхойлох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хангахад чиглэгдсэн арга хэмжээг тусгах, мөн төсвийн орлого, зарлагын талаархи судалгаа, мэдээлэл дээр дүгнэлт гарган ажилласан юм. Хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлэг болон УИХ-ын Байнгын хороод намын бүлгүүдийн хуралдаан дээр гарсан саналын дагуу Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийн орлого, зарлага хөрөнгө оруулалтад зарчмын өөрчлөлт оруулах шаардлага гарсан тул төслүүдийг Засгийн газар татан авч холбогдох өөрчлөлт оруулан өргөн мэдүүлсэн бөгөөд уг төслийг 4 үе шатаар хэлэлцүүлэн хуулийн хугацаанд төсвийг батлуулав.


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн төсөл, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг баталснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн үр дүнгийн үзүүлэлтэд дараах өөрчлөлт гарсан.

Монгол улсын 2011 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3,284.2 тэрбум төгрөг байсныг 3,304.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 42.2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 3,954.9 тэрбум төгрөг байснгын 4,084.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.1 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 670.7 тэрбум төгрөг байсныг 779.5 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий -9.9 хувь болж өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал -1.3 хувиар нэмэгдлээ.

 

Улсын төсвийн 2011 оны тэнцвэржүүлсэн орлого 2,492.3 тэрбум төгрөгт хүрч Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийн орлогын дүнгээс 38.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 2,785.9 тэрбум төгрөгт төлөвлөгдөн өргөн барьсан төсвийн төслөөс 106.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, улсын төсвийн нийт тэнцэл 290.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал 68.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдсан юм.

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2011 оны төсвийн төслийн II хэлэлцүүлэг хийсний дараа улсын төсвийн хөрөнгийн зардал 737.9 тэрбум төгрөгт хүрч Засгийн газрын өргөн барьсан зардлаас нийт 95.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

 

Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн нийт орлого 301.2 тэрбум төгрөг буюу өргөн барьсан төсвийн төслөөс 28.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага 805.2 тэрбум төгрөгт төлөвлөгдөн Хүний хөгжил сангийн нийт алдагдал 504.0 тэрбум төгрөгт хүрэхээр тооцоо гарсан.

 

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн халамжийн томоохон зорилтуудыг тусгасан, иргэд хоршиж өрхийн орлого, амжиргаагаа дээшлүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгосон хөрөнгийн эх үүсвэрт 27,9 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангаас олгох бэлэн мөнгийг жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр бөөнөөр авах боломж бий болгосон, Монгол мал үндэсний хөтөлбөрийн санхүүжилтийг 27.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн, Сум хөгжүүлэх сангийн сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрөнгө орууллалтад 24,0 тэрбум төгрөг, орон нутагт төсвийн эрх мэдэл, санхүү, төсвийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр аймагт бүрт 500-800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг орон нутгийн төсөвт суулгасан, мөн төсвийн хууль, болон дагалдах хууль тогтоомжид /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай/ холбогдох өөрчлөлтийг оруулсан,  эрх зүйн баримт бичиг болж төсвийн шинэчлэлийг бодитой ахиулсан төсөв болсон.

 

2012 оны Улсын Их Хурлын сонгууль болохоос өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суусан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх суурь жил гэдэг үүднээсээ төсвийн зарлага нэлээд томорсон байгаа нь урд жилүүдийн төсвөөс онцлох төсөв болсон.

 

Тав. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгээр зохицуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнээс 0.6 хувийн албан татвар тооцож ногдуулдаг байсныг өөрчилж, эд хөрөнгийн байршилт, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1 хувь байх энэ хэмжээнд орон нутгийн ИТХ тогтоох эрхийг хуульчилж өглөө.

Зургаа. Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Энэ хууль батлагдсанаар Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтоодог зарим татварын төрлийг нэмэхээр боллоо. Тухайлбал, рашааны нөөц ашигласны төлбөр болон байгалийн ургамал ашигласны төлбөрийг орон нутаг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан тогтоодог байсныг өөрчлөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, нийслэл хотын албан татвар гэсэн татварын төрлүүдийг нэмэхээр эрх зүйн зохицуулалт хийв.  

Долоо. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар:

Орон нутгийн бие даасан байдлыг хангах зорилгоор автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зам засварын хөрөнгө оруулалтын бодлого, хил гаалийн ачаалал, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэгтэй уялдуулан тогтоож байх зарчмын үүднээс уг хуулийг баталсан.

Ачааны автомашинаас татвар авахдаа  ангилал нь 10 тн-оос дээш даацтай гэж байсныг уул уурхайн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан энэ ангилалыг  100 тн-оос дээш даацтай хүртэлх болгон 10 ангилал нэмж баталлаа.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогоор ирэх 2011 онд 10.8 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсөвт төвлөрөх тооцоотой байгаа бөгөөд энэ хууль батлагдсанаар 8.0 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрөхөөр  боллоо. 

Найм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 1993 онд батлагдан мөрдөгдсөнөөс нийгмийн хөгжлийг дагаад улсын тэмдэгтийн хураамж тогтоох шаардлага бүхий  үйл ажиллагаанууд шинээр бий болсон, мөн зарим салбарын онцлогийг харгалзан хуулиар зохицуулах шаардлага гарсантай холбогдуулан энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан юм. Төслийг хэлэлцэх явцад төсөл санаачлагчийн өргөн барьсан хувилбарт зохих өөрчлөлтүүдийг оруулж, иргэдийн бүртгэлтэй холбоотой хураамжуудын хувь хэмжээг зохих хэмжээгээр бууруулж, харин тодорхой ажил үйлчилгээнд тухайлбал, иргэдийн эрүүл мэнд, нийгэмд хор хохирол учруулж болзошгүй, гэмт хэрэг үүсэх шалтгааныг бий болгож байгаа тамхи, согтууруулах ундаа худалдан борлуулах болон согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлсний төлөө, мөн ашигт малтмал хайх, олборлохтой холбоотой үйлчилгээнд төлөх хураамжуудын хэмжээг нэмэх нь зүйтэй гэсэн бодлогыг Байнгын хорооны зүгээс баримталсан.  Ингэснээр бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хариуцлагатай байх зарчим үйлчлэх юм.

Энэ хууль батлагдсанаар Улсын тэмдэгтийн хураамжийн дагуу улсын төсөвт 22.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого улсын төсөвт нэмж төвлөрөх юм.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь  үзлээ.

Ес. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Архидан согтуурах, мансуурахтай тэмцэхэд тусгай хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүднээс Архидан согтуурах, мансуурахтай тэмцэх санг Засгийн газрын тусгай санд нэмж өлгөө. Ингэхдээ энэ сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, иргэдийн хандив, зээлээс гадна согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдүүлэхээр эрх зүйн зохицуулалт хийв.

Арав. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн талаар:

Энэ хуулийг баталснаар газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн, дотоодын түүхий эдээр үйлдвэрийн аргаар боловсруулан дотооддоо боловсруулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр болов.

Дээрх хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр дотоодын үйлдвэрлэлүүдийг дэмжих зорилготой юм.

Арваннэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн талаар:

Энэ хуулийг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас, энэ үйл ажиллагаанаас олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр боллоо.

Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг татварын бодлогоор урамшуулж буй бодлогын асуудал юм.

Арван хоёр. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

Улсын хөгжлийн шинж чанартай төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилтын хүрээнд үнийн дүнгийн хувьд их хэмжээний, аливаа нэмэлт нөхцөл, тусгай шаардлагагүй зээл, санхүүжилт буюу Засгийн газар арилжааны нөхцөлтэй зээл авах эрхийг нээх асуудлыг шийдвэрлэх хуулийн өөрчлөлтийг баталлаа.

Хуулийн төслүүд батлагдсанаар улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл, хөтөлбөрт Засгийн газар баталгаа гаргах боломжтой болж байна.

Улсын Их Хурлын тогтоолууд:

Нэг. Төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Тогтоолоор төсвийн тогтолцоог боловсронгуй болгох, Хүний хөгжил  сангаас иргэн бүрт хишиг, хувь хүртээх, уул уурхайн томоохон ордоос иргэдэд хувь эзэмшүүлэх зорилгоор давуу эрхийн хувьцааг бүх ард түмэнд эзэмшүүлэх,  Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголд анхаарах зарим асуудлыг зохицуулахаар болсон.

Хоёр. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн БОХХААБХ-нд саналаа хүргүүлсэн.

"Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд  "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 2011 онд бууруулах талаар  хэрэгжүүлэх арга хэмжээ,  шаардагдах хөрөнгийн тооцоог гарган Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулан  2011 оны 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэсэн заалтыг нэмэх саналыг  Байнгын хорооноос оруулж батлуулсан юм.

Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолууд:

Нэг. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өргөн мэдүүлснийг Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсвийн дүнгээс хэтрэхээргүй байхаар зааж хуульчилсан нь орон нутгийн хөгжлийг сааруулах, тухайн бүс нутгийн эдийн засгийн чадавхид сөргөөр нөлөөлж, тухайн бүс нутагт очиж ажиллах, амьдрах иргэдийн хүсэл сонирхлыг бууруулах зэрэг сөрөг үр дагаварыг бий болгож байгаа тул   Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 57 дугаар зүйлд "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн төсөвт түүнтэй тэнцэхүйц хэмжээгээр нэмж хуваарилна" гэсэн 57.5 дахь хэсэг нэмэх нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзэж төслийг боловсруулсан байв.

Энэ хуулийн төслүүд одоогоор хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Хоёр. Төсвийн тухай хууль /Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Уг хуулийн төслийг Нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн Төсвийн байнгын хорооны 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолоор байгуулагдсан.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж УИХ-аар төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд бэлтгэх ажлын хэсгийн гишүүд дараахь асуудлыг нарийвчлан судлах, хуулийн хүрээнд хөндөгдөж буй асуудлаар бусад орны хууль эрх зүйн орчны хэрэгжилт, зохион байгуулалт, ажлын механизмын талаар танилцах, судлах хүсэлт гарган Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн ажлын хэсэгтэй хамтран ажиллаж байна.

Төсвийн тухай хуулийн төслийг 2011 оны хаврын чуулганы эхэнд Улсын Их Хурлаар батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гурав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн  /Засгийн газраас 2010.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Улс орны эдийн засгийн хөгжлийн хурдцыг дагаад Засгийн газрын худалдан авах ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч  үзжээ. Засгийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжлийн байгууллага бий болгох, орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах гэсэн үндсэн зарчмын томоохон асуудлуудыг хуулийн төсөлд тусгасан байна.    

Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын нарын мэдүүлсэн/

Тендерийн хорооны бүрэлдэхүүний 50 хувийг орон нутгийн засаг захиргаанд ажиллаж буй албан тушаалтнуудаас бүрдүүлэх, мөн тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй мэдээллийг гүйцэтгэж буй обьектын дэргэд байруулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч үзэж төслийг боловсруулсан байна. Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэхээр Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд 2011 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр төлөвлөж ажиллаж байна.

Тав.  "Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хаягжилтын нэгдсэн тогтолцоо, иргэний ухаалаг үнэмлэх төслийн тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцээд хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал, дүгнэлт гарсан бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тогтоолын төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.

Зургаа. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, "Засгийн газарт эрх олгох тухай", "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэсэн байгаа.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь импортоос хамаарч буй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны хангамж болон үнийг тогтвортой байлгах, мах, улаан буудай, дотоодын гурилын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор эдгээр бүтээгдэхүүнийг гаалийн татварын уян хатан бодлогоор дэмжих үүднээс боловсруулжээ.

Энэ төслүүд хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.

Монгол Улсын Засгийн газар, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээл, гэрээгээр хэрэгжих төслүүдийг Байнгын хороогоор зөвшилцөх асуудлын талаар:

Монгол Улсын Засгийн газар, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээл, гэрээгээр хэрэгжих төслүүдийг Байнгын хороогоор зөвшилцөх асуудлыг хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд цаг тухай бүрт хүргүүлж байв. Үүнд:

-Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл"-ийн хоёрдугаар үе шатны зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгсөн.

-Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк хооронд байгуулсан "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд олгох нэмлэт зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгсөн.

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгсөн.

-НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн болно.

-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан "300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаарх зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх "Шинэ зууны боловсрол, цахим эрүүл мэнд төсөл болон бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах" төслийг хэлэлцээд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн болно.

-Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн ассоциацийн хооронд  хооронд байгуулах "Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн болно.

Хоёр: Бусад ажлын талаар

1.Үндэсний Татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, шалгах үүрэг бүхий Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Үндэсний Татварын Ерөнхий газарт очиж ажил байдалтай нь танилцсан. Ажлын хэсэг ажлын дүнгээ Байнгын хорооны удирдлагад танилцуулсан болно.

2.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам хамтран төсвийн зарлага, хариуцлага, гүйцэтгэлтэй холбогдуулан "Төсвийн зарлагад тавих Парламентын хяналт" сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулж төсвийн зарлагыг бууруулах, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах чиглэлээр Санхүү, эдийн засгийн бодлогын судалгааны төвийн тэргүүн доктор, профессор Л.Энхтайван, Удирдлагын академийн ахлах багш, доктор Б.Баясгалан, Удирдлагын академийн багш, доктор Н.Бурмаа нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

3.Төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд орон нутгийн бие даасан байдал, санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, орон нутгийн төсвийн хүрэлцээг нэмэгдүүлэх, төсвийн зохицуулалт, харилцааг хэт төвлөрсөн бус орон нутагт шилжүүлэх шинэчлэлийг хэрхэн хууль эрх зүйн шинэчлэлд тусгах талаар орон нутгийн засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарыг оролцуулсан семинар, уулзалт ярилцлагыг Төрийн ордонд 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулсан болно.

Монгол Улсад төсөв зохиох, батлах, зарцуулах, тайлагнах, төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим, төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон асуудлыг 2003 оноос Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн бүртгэлтэйхолбогдсон харилцааг 2002 оноос Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулиар тус тус зохицуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаар 2009 онд "Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их хурлын 38 дугаар тогтоолоор "Төсвийн талаархи төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг, орон нутгийн эрх мэдэлтэй холбогдсон асуудлыг боловсронгуй болгох" гэсэн шаардлагын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудыг шинэчлэн найруулах талаар тусгасан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн төвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн үндсэн үзэл санааг өөрчлөхгүйгээр төсвийн харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах, хуулиудын давхардсан болон зөрчилтэй заалтуудыг уялдуулан нэгтгэж засаж сайжруулах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол болон бусад эрх зүйн актаар зохицуулагдаж байгаа болон шинээр хуульчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай зарим харилцааг хуулийн төсөлд тусгажээ.

Семинарт Сангийн сайд, Өвөрхангай аймгийн иргэдийн хурлын дарга  Тогтохсүрэн, Сэлэнгэ аймгийн засаг дарга Эрдэнэбат нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

-Хэлэлцүүлгийн хүрээнд Орон нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг төвлөрсөн байдлаар зохицуулж санхүүжилтийг хэт багасгасан нь орон нутгийн бие даасан байдал, бүс нутгийн хөгжил, орон нутгийн удирдлагын хариуцлагыг сулруулж, төрийн үйлчилгээ болон төсөвт тавих иргэдийн хяналтыг бууруулж байгааг зохистой зохицуулах,

-Орон нутаг болон төвлөрсөн төсвийн одоогийн харилцаа нь эдийн засгийн шилжилтийн эхэн үед төсвийн зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зайлшгүй шаардлага, ойрын жилүүдэд ч энэ зарчмыг хадгалах нь үр дүнтэй байж болох ч улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох шилжүүлэг болон орон нутгийн төсөвт орох татварын уян хатан оновчтой зохицуулалт хийх талаар асуудал хөндсөн болно.

4."МИАТ" ХК-д нийлүүлж буй шатах тослох материалын тендер шалгаруулалтын үр дүн, үр нөлөө сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлан сонссон.

5."Утаа бага гаргах зориулалт бүхий түлш боловсруулахаар төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалт, үр дүн" сэдвээр Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонссон.

6.2008 оноос хойш Засгийн газраас гаргасан бонд, түүний эргэн төлөлтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож Байнгын хорооны тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн болно.

7. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл"-ийн нэгдүгээр үе шатны төслийн хэрэгжилтийн байдлыг шалгаж танилцсан Ажлын хэсгийн дүнгийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанаар сонсч, Байнгын хорооны саналыг АБГББХ-нд албан тоотоор хүргүүлсэн.

8. "Тогтвортой амьжиргаа-II" төслийн 2009, 2010 оны жилийн тайланг Байнгын хорооны хуралдаанаар сонссон. Уг төслийн хэрэгжилтийн байдлыг УИХ-ын гишүүд орон нутагт ажиллахдаа биечлэн танилцах болов.

Тайлангийн хугацаанд Төсвийн байнгын хорооноос төсөв, татварын бодлого, төсөв санхүү, татварын хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг агуулсан хуулиудын төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг хийж ихээхэн ачаалалтай байсан тул байнгын хорооны гишүүд хуулийн төсөл дээр ажиллахад ихэнх цагаа зарцуулан ажилласан болно.

Төсвийн байнгын хорооноос 2010 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар товч дурдахад ийм байна.

Төсвийн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн шинэчлэлийг гүнзгийрүүлж орон нутгийн бие даасан байдлыг бататгах , Засгийн газрын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн харилцааг боловсронгуй болгож төгөлдөржүүлэх, Монгол Улсын 2011 оны төсвийн хуулийг хэрэгжүүлэх явцад төсвийн хяналтыг сайжруулан төсөв, санхүү татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхэд чиглүүлсэн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч ажилласан болно. 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.