УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймагт зохион байгууллаа
2011.02.18

УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймагт зохион байгууллаа

Өдөрлөгийн ажиллагаанд 1600 гаруй хүн оролцжээ

Дорноговь аймгийн “Саранхөхөө” театр, аймгийн Засаг даргын Тамгын газар энэ сарын 15-ны өдөр олны хөлд дарагдан өнжив. УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг энэ өдөр Дорноговь аймгийн төвд болсон бөгөөд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Ж.Батсуурь, Я.Батсуурь  нар болоод аймгийн удирдлагууд иргэд, сонгогчиддоо ажлаа тайлагнан санаа бодлоо хуваалцан өнжлөө. Аймгийн иргэд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагатайгаа уулзахын зэрэгцээ УИХ-аар хэлэлцэж байгаа заudurlug_uixрим хуулиудын талаар мэдээлэл сонсон, нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон юм.

 

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч, хөгжсөний 20 жилийн  ойн арга хэмжээний хүрээнд УИХ, УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн билээ. Эхний өдөрлөгийг Орхон аймагт зохион байгуулсан бөгөөд удаах өдөрлөг Дорноговь аймагт ийнхүү болж өнгөрлөө. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 1600 гаруй хүн оролцсон бөгөөд хуулийн нээлттэй хэлэлцүүлэгт 200 гаруй, эрхэм гишүүдийн уншсан лекц, уулзалт ярилцлагад 700 гаруй хүн оролцсон байна. УИХ-ын Тамгын газраас өдөрлөгийн үеэр 4400 гаруй бичмэл материал, гарын авлага, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуулиудыг багтаасан 600 шахам дискийг  тараасан юм.

 

УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн өдөрлөгийг нээн хэлсэн үгэндээ , УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах орон нутаг дахь төвийг түшиглэн  аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран нээлттэй өдөрлөгийг хийж байгаагийн  зэрэгцээ Дорноговь аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй эрхэм төрийн түшээдтэйгээ иргэд, сонгогчид та бүхэн биечлэн уулзаж, харилцах өргөн боломж нээгдэж байна.

Түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи хугацаанд УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийн талаарх ойлголт, мэдээллийг иргэдэд түгээн сурталчлах,  хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгоход өдөрлөгийн зорилго оршиж байгаа юм.  Мөн хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн зүгээс хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнах  нөхцөл  бүрдэж буйг дурдах нь зүйтэй” хэмээсэн юм.

Дорноговь аймаг ойрын үед хөгжлийн хамгийн том төв болно

Өдөрлөгийн нээлтийн ажиллагааны дараа эрхэм гишүүд оюутан, сурагчидтай уулзан лекц уншсан юм. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Монгол Улс болон Дорноговь аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр  ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутнуудад лекц уншсан бол Я.Батсуурь гишүүн “Саранхөхөө” театрт оюутан, сурагчдад “Нийгмийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх нэг гарц бол англи хэл сурах явдал мөн” сэдвээр лекц уншсан юм. Ж.Батсуурь гишүүн оюутан залуучуудад хуулиа ягштал биелүүлэн ажилладаг хариуцлагатай хүн байгаарай хэмээн захисан бол Я.Батсуурь гишүүн сурагчдад мэргэжлээ зөв сонгохоос гадна гадаад хэлийг шамдан суралцахын чухлыг ойлгуулсан. Тэрбээр, “Ойрын жилүүдэд бүтээн байгуулалтын том том төслүүд хэрэгжиж эхлэх гэж байна. Манай аймагт төмөр зам шинээр барьж, Сайншандад Аж үйлдвэрийн парк босох гэж байна. Ингэхээр Дорноговь аймаг ойрын үед хөгжлийн хамгийн том төв нь болно. Энэхүү бүтээн байгуулалтын энэ том ажлыг гардан гүйцэтгэгчид нь та нар. Гадны том хөрөнгө оруулалтаар хийгдэх энэ ажилд оролцохын тулд мэргэжлээ зөв сонгон сайн суралцахаас гадна гадаад хэлийг шамдан суралцаарай” хэмээн захисан юм.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хөдөөгийнхөн хүлээж байна

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн сүүлийн хориод жилийн хугацаанд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үйл ажиллагаа нь нэгдсэн зохион байгуулалтгүйгээс хязгаарлагдмал хүрээнд, хувь хүн, ченжүүдийн туршлага дээр тулгуурлан хөгжиж иржээ.

Төвлөрсөн зах зээлээс хол, мэдээлэл муутай малчид, тариаланчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж байхгүй тул бүтээгдэхүүнээ хямд үнээр голдуу ченжийн сүлжээгээр  борлуулж байгаа юм.

Тухайлбал иргэдийн гар дээр очиж буй махны үнийн өсөлтийн 60 хувь нь зөвхөн ченж буюу дамжуулан борлуулагчдын үйл ажиллагаанаас шалтгаалан өсдөг байна.

Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг зах зээлд нийлүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа ямар ч зохион байгуулалтгүй байгаагаас эрүүл ахуйн баталгаагүй, гараас гарт дамжсан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, элдэв халдварт өвчин эмгэг үүсэх нэг нөхцөл нь болж байгаа аж.

Иймд мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох, түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий болоод байгаа билээ.

Судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнх улс орнууд мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эдийн зах зээлд учирсан дээрхи хүндрэл бэрхшээл, сөрөг үзэгдлийг "Бөөний худалдааны сүлжээний төрөлжсөн зах ажиллуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах" замаар шийдвэрлэсэн байдаг аж. Ингээд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэхүү хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлгийг явуулсан юм.

 

Улс орон болгонд адилгүй байдаг боловч биржийн үйл ажиллагаа амжилттай явуулж байгаа ихэнх орны туршлагаас үзэхэд биржийг эхний ээлжинд Засгийн газрын оролцоотойгоор байгуулж, хөгжлийн явцад хувьчилдаг нь Английн ноосны бирж, Японы үр тарианы бирж, Хятадын бараа, түүхий эдийн биржийн түүх харуулж байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд жилд 6.3 сая ширхэг арьс, шир, 6000 тонн ноолуур бэлтгэдэг байна. Манай улс ноолуурын нөөцөөр дэлхийд хоёрт, чанараар нэгдүгээрт жагсдаг байна. Түүнчлэн 22.000 тонн ноос, 230.000 тонн мах бэлтгэдэг гэсэн тооцоо байдаг байна. Жилд 493.7 сая литр сүү үйлдвэрлэн, 322.9 мянган тонн үр тариа хураан авч байгаа ажээ. Гэтэл эдгээр түүхий эдийн нэлээд хувь нь ченжийн гараар орон хэрэглэгчдэд өндөр үнээр очин бэлтгэн нийлүүлэгч болоод хэрэглэгчдийг давхар хохироосоор  байгаа юм.

 

Энэхүү хуулийн төсөл батлагдаж биржийн үйл ажиллагааг эхлүүлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч, малчид нь бэлтгэсэн түүхий эдээ олон шат дамжлагагүйгээр  хэрэглэгчид  байнга, шууд нийлүүлэх боломжтой болж тэдний орлого болон  түүхий эдийн үнэ ханшны хэлбэлзэл тогтворжих юм. Түүнчлэн боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.

Мөн малчид, тариаланчдын сайн дурын бүлэг хоршоо биржид түүхий эдээ чанар, стандартын дагуу ангилан багцалж, дагалдах бичиг баримтын хамт бүртгүүлэн биржээр арилжиж сурснаар түүхий эд бэлтгэлийн тогтолцоонд  дэвшил гарч, түүхий эдийн чанар сайжирч, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахад түлхэц үзүүлэх юм байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны референт Б.Мяхдадаг нар хөтлөн явуулсан. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд дээрх хуулийн төсөл батлагдахыг хүлээж байгаагаа илэрхийж байсан бөгөөд орон нутгийнхны сонирхлыг хамгийн их татаж байгаа энэ хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд батлуулах талаар ажиллахаа ч эрхэм гишүүд амалсан юм.

Дорноговьчууд УИХ-ын сүлжээтэй шууд холбогдлоо

Өдөрлөгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн аймаг дахь Парламентыг сурталчлах төвд дөрвөн сая гаруй төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хууль, тогтоолын мэдээллийн санг багтаасан хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай компьютерийг хүлээлгэн өгсөн. Мөн интернэтээр УИХ-ын сүлжээтэй шууд холбогдох цахим самбар /touch screen/-ыг бэлэглэсэн. Дээрх төхөөрөмжөөс УИХ-тай холбоотой бүхий л мэдээллийг авах бөгөөд Дорноговь аймагтай холбоотой мэдээллийг давхар суулгаснаараа онцлог юм. Аймгийн Парламентыг сурталчлах танхимаар үйлчлүүлсэн хэн бүхэн хууль, тогтоолын сан, УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаатай бүхий л шинэ мэдээллийг эндээс авах боломжтой болж байгаа юм.

 

Энэхүү арга хэмжээний дараа аймгийн иргэд сонгогчид УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга болоод аймгийн удирдлагаас сонирхсон асуултынхаа хариултыг авч нээлттэй ярилцлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.