АБГБ-ын байнгын хорооноос мэдээлэл хийлээ
2011.02.22

АБГБ-ын байнгын хорооноос мэдээлэл хийлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос сэтгүүлчдэд хандан өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, УИХ-ын АБГБ-ын Байнгын хорооны дарга Я.Батсуурь сая завсарласан намрын чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар  мэдээлэл хийсэн юм.

batsuuri_ya_bhoroo

Тус байнгын хороо нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн 8 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлыг хангаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулсан байна.  Мөн олон улсын 9 гэрээ, конвенцийг Байнгын хорооны хуралдаанаар зөвшилцөж, Засгийн газарт хуралдааны тэмдэглэлийг хүргүүлжээ. Тухайлбал: Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай,  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-ний төсөл зөвшилцөх  зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцсэн байна.

 

2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 17 удаа, 9,45 цаг хуралдаж, Байнгын хороо болон дэд хорооны хуралдаанаар 29 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцэж, 29 санал, дүгнэлт гаргажээ.  Мөн Байнгын хорооны хуралдаанаар 9 гэрээ, конвенцийг зөвшилцөж, хурлын тэмдэглэлийг санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлсэн аж. Ажлын хэсэг 5 удаа, 8.25 цаг хуралдсан мэдээтэй байна.

 

Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэд хэдэн хуулийн биелэлтийг шалгаж, зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.

1.Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна. ГХЯ-наас нэмэлт мэдээллийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ниор ирүүлсэн ба мэдээллийг боловсруулан илтгэх хуудсанд тусгах ажил хийгдэж, хаврын чуулганаар Байнгын хорооны хуралданаад оруулахад бэлэн болсон байна.

 

2.Оюу толгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн тухай дүн болон ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцах ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугаар ахлуулан ажилласан аж.  Ажлын хэсгийнхэн 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Байнгын хорооны хуралдаанд дүгнэлтээ танилцуулж, 2011 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Байнгын хорооноос гарах 2 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулж, Засгийн газарт хүргүүлсэн байна.

 

3.1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаагаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Чулуунбатаар ахлуулан ажиллаж байна. Төсөл, хөтөлбөрүүдтэй газар дээр нь явж танилцах ажлын бэлтгэл хийгдэж байгаа аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албатай хамтран шинэчлэн батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг яам, тусгай газрууд, зарим аймгуудын төрийн албан хаагчдад сурталчлан таниулах сургалт-семинарыг зохион байгуулж байгаа аж.

 

2010 оны 11 дүгээр сарын 11, 12, 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод бүх яам, Засгийн газрын агентлагуудаас 320 гаруй төрийн албан хаагчдыг,  2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн 60 гаруй төрийн албан хаагчдыг, 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн төвийн болон ойролцоох сумдын Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдыг төлөөлөн 70 гаруй төрийн албан хаагчид, 2011 оны 2 дугаар сарын 14, 16-ны өдрүүдөд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад тус бүр зохион байгуулагдаж, нийт 130 гаруй төрийн албан хаагчид оролцсон байна. Зохион байгуулсан сургалт-семинарт нийт 580 гаруй төрийн албан хаагч хамрагдаад байна.

 

Байнгын хорооны гишүүд 2011 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар анги, Улаанхус сум дахь Зэвсэгт хүчний дугаар салбар, Цагааннуур сумын Хилийн цэргийн 0285 дугаар ангийн ажил байдалтай тус тус танилцаж, Улаанхус, Цагааннуур сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн байна.  Мөн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хилийн 0129 дүгээр анги буюу Улаан-Уул дахь отряд, тус отрядын 4, 5 дугаар заставууд, гэрээт хилчдийн ажил байдалтай танилцсан аж.

 

УИХ-ын АБГБ-ын байнгын хорооноос хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.