С.Ламбаа: “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр та бид л гол үүргийг гүйцэтгэнэ гэдгийг гүнээ ухамсарлах хэрэгтэй
2011.02.25

С.Ламбаа: “Шаварт унасан шарын эзэн” гэгчээр та бид л гол үүргийг гүйцэтгэнэ гэдгийг гүнээ ухамсарлах хэрэгтэй

2010 ОНД “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ”-ИЙН ХҮРЭЭНДХИЙСЭН АЖИЛ, 2011 ОНД “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН БИЕИЙНТАМИРЫГ ДЭМЖИХ” ЖИЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖИЛ
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр
УИХ-ын гишүүн,засгийн газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн тавьсан илтгэл

 

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хорооны дарга, олон улсын байгууллагын  суурин төлөөлөгчид, эрүүл мэндийн салбарын удирдах зөвлөгөөнд оролцогчид та бүхний  энэ өдрийн амгаланг эрж, мэндчилье.

 

Эрхэм нөхөд өө,


lamba_said_suugaaМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай хийсэн уулзалт дээр эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийхийн чухлыг онцлон тэмдэглэж үүрэг даалгавар өгсний дагуу Эрүүл мэндийн яам 2010 оныг “ Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн жил” болгон зарлаж, хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөтөй уялдуулан цогц шинэчлэлийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, Ерөнхий сайдаар батлуулан ажилласан билээ. 2010 он хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон чухал ажил хийгдсэн, эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон жил болж өнгөрсөнийг энд онцлон тэмдэглээд салбарын хэмжээнд хийсэн ажил, цаашид тавих зорилтын талаар илтгэе.

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ”-ИЙН

ХҮРЭЭНД  2010 ОНД  ХИЙСЭН  АЖИЛ

Нэг. Эрүүл мэндийн салбарын бодлого, хууль эрх зүйн  талаар

Манай хамт олон 2010 онд эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд багагүй ажлыг хийж амжууллаа. Тухайлбал “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьж батлууллаа.  “Эрүүл мэндийн тухай”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьж намрын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлээд байна. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд орууллаа. Мөн, “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгээд байна. Эрүүл мэндийн яам Засгийн газрын тогтоол болон эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийн санхүүжилтийн стратеги”, “Түргэн тусламжийн сүлжээ” үндэсний хөтөлбөр, “Эрүүл мэндийн лабораторийг 2010-2015 онд хөгжүүлэх үндэсний стратеги, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх үндэсний хөтөлбөр”, “Вируст гепатиттай тэмцэх үндэсний стратеги”, “Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, суралт, сурталчилгааны үндэсний стратеги”, “Хуурамч эмтэй тэмцэх үндэсний стратеги”, “Эрүүл мэндийн боловсролын 2010-2015 оны үндэсний стратеги”, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх стратеги”, “Эх, нярайн эрүүл мэнд” 2010-2015 оны үндэсний стратеги” зэрэг 20 гаруй хөтөлбөр, стратегийг  боловсруулж батлууллаа.

 

“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар  эмийн зөвлөлийн статусыг шинэчлэх, эмийн зохицуулалтын асуудал хариуцсан бие даасан алба байгуулах,  оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, импортын эмэнд тавих хяналтыг сайжруулах, шинэ эмийг хэрэглээнд гаргах, эмийн зохистой хэрэглээний асуудлыг зохицуулах, эмийн бүртгэлийг боловсронгуй болгох, эмийн зар сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

 

“Дархлаажуулалтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын  дагуу 0-15 насны хүүхдэд хийх вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс олон улсын байгуулагаар дамжуулан худалдан авах, зарим вакциныг шинээр товлолд оруулах, гепатит В вирусын  вакциныг 24 цагийн дотор хийж эхээс хүүхдэд халдвар дамжих нөхцлийг зогсоох боломжийг бүрдүүллээ. “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсанаар архи согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувьтай  тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүллээ.

 

Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуульд ийм өөрчлөлт оруулсанаар санд хуримтлагдах хөрөнгийн хэмжээ 1.6 тэрбумд хүрч хуулийн хамрах хүрээнд  биеийн тамир, чийрэгжүүлэлт, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, эмийн зохистой хэрэглээг дэмжих асуудал багтлаа.

 

“Эрүүл мэндийн тухай” болон “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, шатлал, үйлчилгээний хүрээ тодорхой болж,  эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн нийгмийн баталгааг хангах, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, байр орон сууцаар хангах, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийг боловсронгуй болгох; төлбөртэй тусламж, үйлчилгээ явуулах эрх зүйн орчин бүрдүүлж, эрүүл мэндийн байгууллагууд олсон орлогоосоо эмч, ажилтнуудад урамшуулал олгох, тэдний хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, өөртөө шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээ худалдан авах, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагыг бий болгох, Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багц, түүний санхүүжилтийн механизмыг оновчтой болгох замаар Эрүүл мэндийн даатгалын сангийн ашиглалтыг сайжруулж, даатгуулагчийн даатгалаар хүртэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээнд өөрөөсөө төлөх төлбөрийг бууруулах; Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын хэмжээг тусламж, үйлчилгээний өртөг болон даатгуулагчийн хэрэгцээ, шаардлага болонд нийцүүлэн өөрчлөх; Эрүүл мэндийн даатгалын сан, түүний удирдлага, менежментийн бие даасан байдлыг хангах; Даатгуулагчийн бүлгийг шимтгэл төлөх чадвараар нь нарийвчлан тогтоож, шимтгэл төлөх үүргийг орлогын чадамжид нь нийцүүлэх зэрэг олон чухал асуудал шийдвэрлэгдэх болно.

 

Хоёр. Эрүүл мэндийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын талаар

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох зорилгоор “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн стратегийн баримт бичиг”-ийг анх удаа боловсруулж Засгийн газрын 2010 оны 63 дугаар тогтоолоор сайшаалган Эрүүл мэнд, Сангийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар баталж хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасанаар эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын талаар баримтлах үндсэн чиглэл тодорхой боллоо. Энэ баримт бичгийн хүрээнд төсөв, эрүүл мэндийн даатгал, төлбөрт үйлчилгээний уялдааг сайжруулах, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг дээжлүүлэх талаар онцгой анхаарч ажиллсаны үр дүнд бодитой ахиц дэвшил гарлаа. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн дэмжлэг, санаачлага их байсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

 

Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх зорилтын дор Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхэлд нь өөрчилж ороор бус оношийн бүлгээр санхүүжүүлэх механизмыг өргөжүүлж, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар даатгалын тарифыг шинэчлэн тогтоож 2010 оны 1 дүгээр сараас эхлэн мөрдүүлсэн юм. Ингэснээр эрүүл мэндийн даатгалтай иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, гэрээр эмчлүүлэх, амбулаторийн үзлэгт хамрагдах, оношлогоо, шинжилгээ хийлгэх, уламжлалт эмчилгээ хийлгэх, рашаан сувилалд явахад эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авах боломж бүрдлээ. Мөн өвчтөнд олгох даатгалын мөнгийг оношийн бүлгийг харгалзан ялгавартай тарифаар олгох болсоноор үйлчлүүлэгч өвчний оношийн бүлгээр тогтоосон зардлыг даатгалаас авах, эмнэлэгүүд орны хойноос хөөцөлдөх бус  өндөр тарифтай оношлогоо, эмчилгээг хийх сонирхолтой болж улмаар эмнэлэг хөгжих үндэс бүрдэж байна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хийсэн энэ өөрчлөлтийн үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангийн салбарын нийт зардалд эзлэх хувь нэмэгдэж, нэг хүнд ноогдох даатгалын мөнгө нэг сая гаруй төгрөг болж өслөө. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэдийг даатгалд бүрэн хамруулах шийдвэр гаргаж  2011 оны төсөвт 9.3 тэрбум төгрөг суулгасанаар монголын бүх иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах нөхцөл бүрдэж байгаа төдийгүй иргэн бүр заавал даатгалд хамрагдах нөхцөл бүрдэж байна. Энэ бодлогын хүрээнд ч иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж байна.

 

2010 онд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдэж бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүллээ. Хөрөнгө мөнгөний дутагдлаас болж хот, хөдөөд саатаж байсан барилга байгууламжуудын санхүүжилтийг шийдвэрлэж олон эмнэлгүүд ашиглалтад орлоо.  Тухайлбал, эрүүл мэндийн салбарт 2010 онд эрүүл мэндийн салбарын барилга угсралт, их засварын ажилд улсын төсвийн тодотголоор 95.8 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсанаар 67 объектод 86,2 тэрбум төгрөгийн барилга угсралт, 62 эмнэлгийн барилгад 9,6 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдлээ. Эдгээрээс Баянхонгор, Ховд аймгийн  50 ортой төрөх эмнэлэг, Говь-Алтай аймгийн Бигэр, Булган аймгийн Хишиг-Өндөр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтай, Булган, Увс аймгийн Өндөрхангай сумдын 20 ортой сум дундын эмнэлэг, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Чандмань-Өндөр, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 15 ортой эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүдийн халдвартын эмнэлэг, Увс аймгийн Түргэн, Сэлэнгэ аймгийн Сант, Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад 10 ортой эмнэлэг зэрэг 17,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 41 барилга байгууламж баригдаж байнгын ашиглалтад орлоо. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн барилга байгууламжид 2,0 тэрбум, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжид 3,3 тэрбум, спортын байгууллагын барилга байгууламжид 500,0 сая, аймаг, орон нутгийн барилга байгууламжид 3.8 тэрбум, нийт 9,6 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдлээ. 2010 онд  3,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Нийслэлийн Баянгол дүүргийн 100 ортой эрүүл мэндийн төв, 2,8 тэрбум төгрөгийн өртөгтэй Клиникийн нэгдсэн III эмнэлгийн өргөтгөл, 3,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, 2,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийслэлийн 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 19,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 300 ортой нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндийн төв, 7.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтөй Нийслэлийн I амаржих газрын 150 ортой өргөтгөл, 4.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтөй Баянзүрх дүүргийн 150 ортой амаржих газар зэрэг нийт 46.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 барилга байгууламж шинээр баригдаж эхэллээ.

 

Эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт тогтвортой нэмэгдсээр байна. АНУ-ын Мянган сорилтын сангийн 39,2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” төслийг орон даяар хэрэгжүүлж эхэллээ.  Азийн хөгжлийн банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төслийг Архангай, Говь-Алтай, Дундговь, Төв, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж, эмнэлгийн барилга шинээр барих, засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэхэд 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдлээ. Мөн манай хамт олон 2011 оноос нийслэлийн нэгдсэн эмнэлгүүдийг шинэчлэх төсөл боловсруулах, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг загвар эмнэлэг болгон өргөтгөх, эмийн аюулгүй байдлыг хангахад зориулан АХБ-наас 14 сая ам.долларын буцалтгүй тусламж авах төслийг богино хугацааны дотор чанартай боловсруулж чадсанаар Засгийн газрын хуралдаанаас дэмжлэг авч АХБанкны суурин төлөөлөгч, Сангийн сайд нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ төслөөр нийслэлийн эрүүл мэндийн салбарын шинэчлэлд чухал үүрэг гүйцэтгэх болно. Өнөөдөр бид цусны аюулгүй байдлыг хангах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход АХБ-наас хөрөнгө оруулалт авч 2012 оноос хэрэгжүүлэхээр хоёр талын хэлэлцүүлэгийг амжилттай хийж байна. Энэ ялдамд манай салбарт байнгын хөрөнгө оруулалт хийж олон төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа АХБ-ны хамт олонд талархал илэрхийлье. Глобаль сангийн хамт олон ДОХ, Сүрьеэгийн төсөлд 1,4 сая ам.долларыг зарцуулж, энэ онд сүрьеэгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг бэхжүүлэхэд 18 сая ам.долларын төсөл шинээр нэмж авахаар боллоо. “Бороо гоулд” ХХК-ын 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1-р амаржих газрын өргөтгөлийг шинээр барих,  Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын 6,6 сая еврогийн буцалтгүй тусламжаар “Зүрх судас, эх нялхсын тусламж үйлчилгээнд зайн оношлогоо, эмчилгээг нэвтрүүлэх” төслийг үргэлжлүүлэх ажил амжилттай эхэллээ. Мөн 2010 онд эрүүл мэндийн яамтай байгуулсан гэрээний дагуу Швейцарийн хөгжлийн агентлаг 1,4 сая Швейцарь франкийн үнэ бүхий телемедицины тоног төхөөрөмж, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 14 аймгийн 339 суманд 732,4 сая төгрөгийн үнэ бүхий сум, багийн эмчийн дулаан хувцас, яаралтай тусамжийн иж бүрдэл, багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, олон найрлагат бичил тэжээл, ХБНГУ-аас ЭНЭШТ-д 300.000 еврогийн, Шастины нэрэмжит төв эмнэлэгт 160.000 еврогийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг тус тус олгов. Түүнчлэн, олон улсын байгууллага, Ротари клуб, нийгэмлэгүүдээс олон сая ам долларын тоног төхөөрөмжийг хот, хөдөөгийн эмнэлгүүдэд сурилууллаа.

 

Эрүүл мэндийн яам БНХАУ-ын “Шанхай” групп, Үндэсний машин механизм, техник технологийн импорт, экспортын корпорацитай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Био аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори”, 30 мянган хүний суудалтай, үндэсний цэнгэлдэх хүрээлэн, БНСУ-ын “Тайхан” групптэй дэлхийн стандартад нийцсэн ерөнхий  оношлогооны болон телемедициний төв барих санамж бичигт гарын үсэг зурж монголын талын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

 

Гурав. Хүний нөөцийн хангалтыг сайжруулж, чадавхийг дээшлүүлэх талаар

Хүний нөөцийн хангалтыг сайжруулж, чадавхийг дээшлүүлэх зорилгын хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2010-2014 онд хөгжүүлэх бодлого”,  “Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр” тус тус батлагдан 2010 оноос хэрэгжиж эхлээд байна.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүл мэндийг дэмжих сангийн зарцуулалтын хүрээг өргөжүүлж эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах арга хэмжээнүүдэд  тус сангийн тодорхой хувийг зарцуулах болсоноор салбарын хүний нөөцийг хөгжүүлэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх чухал ач холбогдолтой эрх зүйн орчин бүрдлээ. Уг сангаас анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологиудыг эзэмшүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй оронд эмнэлгийн мэргэжилтнийг сургах, давтан бэлтгэх, гадаад орнуудад анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр боловсрол мэргэжил эзэмшсэн мэргэжилтнүүдийг эх орондоо ирж өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажиллах санал санаачлагыг хөхиүлэн дэмжих,  эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болон орон нутгийн засаг захиргааны удирдах ажилтнуудад урамшуулал олгох зэрэг үйл ажиллагааг санхүүжүүлэх гол чиглэл баримталж, өндөр хөгжилтэй оронд суралцах эмнэлгийн мэргэжилтний тоог үе шаттайгаар нэмэгдүүлж байна.

 

Эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээтэй уялдуулах,  давтан сургалтын эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан хэдэн хэдэн тушаал, журмууд батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Ялангуяа эмнэлгийн мэргэжилтнийг давтан бэлтгэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, давтан сургалтын элсэлт төгсөлтийг нэгдсэн байдлаар зохицуулах, төгсөлтийн дараахь сургалт эрхлэх байгууллагуудад тавих хяналтыг сайжруулах, сургалтын хөтөлбөр, бусад баримт бичгүүдийг стандартчилахад өнгөрсөн онд онцгойлон анхаарал хандуулсан болно. Анагаах ухааны боловсролын зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулж, уг зөвлөл нь чиг үүргийн хувьд зөвхөн төгсөлтийн дараах сургалтын асуудлыг бус эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварын өсөлт, хөгжлийн асуудлыг ч хариуцах боллоо. Ингэснээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд  нарийн мэргэшил эзэмшүүлэх, давтан сургах  сургалтын асуудал нэгдсэн нэг тогтолцоонд орж чанарын хяналт сайжрах үндэс бүрдэнэ гэж үзэж байна.

 

2010 онд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор 300 гаруй эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг гадаадад туршлага солилцох танилцах аялал болон мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцуулж, төрийн сангийн санхүүжилтээр 800 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалт болон бусад богино хугацааны сургалтууд хамрууллаа. Дээр дурьдсан төрийн сангийн санхүүжилтээр давтан сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн дийлэнхи нь хөдөө орон нутгаас байгаа бөгөөд цаашид ч хөдөө, орон нутагт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийг 3-аас дээш жил тутам мэргэшил дээшлүүлэх давтан сургалтад заавал хамруулах бодлогыг Эрүүл мэндийн яам баримталж байна. Үүнтэй холбоотойгоор ерөнхий мэргэжлийн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд нарийн мэргэшил олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий мэргэжил дээшлүүлэх бие даасан институтыг Эрүүл мэндийн яамны дэргэд байгуулах нь зүйтэй гэж үзэж засгийн газрын шийдвэрийн төслийг  боловсруулж байна.

 

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарт мэргэжлийн карьерийн тогтолцоог дэмжих зорилгоор эмнэлгийн мэргэжилтний мэргэшлийн зэргийг ахлах, тэргүүлэх зэргээс гадна зөвлөх зэрэгтэй байхаар шинэчлэн, “Нэмэгдлийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2010 оны 108 дугаар тогтоолоор эдгээр зэргийн нэмэгдлийн доод хэмжээг 10, 15, 20 хувь байхаар тогтоолоо.

 

Шат дараалсан арга хэмжээ авсаар байтал төдийлөн хангалт сайжрахгүй байгааг харгалзан эмгэг судлал, сүрьеэ, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах, хүүхэд нярай, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлүүдээр ажиллаж байгаа эмч, сувилагчдын  цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх эрхийг эмнэлгийн удирдлагуудад олгосоноор багагүй ахиц дэвшил гарч байна. Хамгийн гол нь төрөх болон хүүхдийн төрөлжсөн эмнэлгүүд энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа учраас дээрхи нэмэгдлийг төсөвт суулгаж олгох нь чухал байна. Энэ бол хүн бүр хүсч мэргэшихгүй байгаа эмч сувилагчдын хэрэгцээг хангахад эдийн засгийн томоохон хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм.

 

Эрүүл мэндийн яам хөдөөгийн хүн амд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс 2009 оноос эхлэн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн үндэсний төв, клиникийн эмнэлгүүдийн мэргэжлийн эмч, сувилагч нарын багийг орон нутагт томилон ажиллуулж, 2010 онд гэхэд хөдөө ажилласан эмч сувилагчид давхардсан тоогоор 330 гаруй хагалгаа хийж, 225 өвчтөнд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ хийж, 350 өвчтөнд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж, 30 гаруй эмч, сувилагчийг орон нутагт нь мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулсан байна. Цаашид үндэсний төв, нэгдсэн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг хөдөө орон нутагт, орон нутгийн эмч нарыг нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүдэд шилжүүлэн ажиллуулж эмч мэргэжилтний чадавхийг дэээшлүүлэх зорилт тавьж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууц хөтөлбөр  эрүүл мэндийн салбарын ажиллагсадын нийгмийн баталгааг сайжруулахад ихээхэн дэм болж 679 эмнэлгийн мэргэжилтнүүд орон сууцны хөнгөлттэй зээлийн жагсаалтад хамрагдаж эхнээсээ байрандаа орж байна. Цаашид эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа тэргүүн ээлжинд орон сууцаар хангахад анхаарал тавьж ажиллах болно. Өнөөдөр сум, өрхийн эмнэлгийн эмчийн хангалт эрс сайжирч 2 сумаас бусад нь эмчээр хангагдаад байна. Цаашид бүх шатны эмнэлгүүдийг стандартын түвшинд эмчээр хангахад анхаарч ажиллах шаардлага тулгарч байна.

 

Иргэд үйлчлүүлэгчдийн анхаарлын төвд байдаг нэг чухал  зүйл бол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг бүх шатанд мөрдүүлэх асуудал байдаг. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахад нэгэнт үр дүнтэй нь нотлогдсон олон улсын туршлагуудыг нэвтрүүлэхийг зорьж  төрийн байгууллагуудаас анх удаа эрүүл мэндийн яам “Ёс зүйн ажилтан- эвлэрүүлэн зуучлагч”-ийг  бэлтгэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, клиникийн эмнэлгүүд, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад 2010 оноос ажиллуулж эхлээд байна. Сайн үр дүн гарна гэдэгт бид итгэлтэй  байна.

 

 

Дөрөв. Салбарын бүтэц, зохион байгуулалт, уялдааг сайжруулах талаар

Эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүдийг төрөлжүүлэн хөгжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн эмч, мэргэжилтнийг сурган, сургалт судалгааг өргөжүүлэх бодлогыг баримталж байна. Шастины нэрэмжит нэгдсэн эмнэлэгт “Зүрхний төв”, “Тархины төв”, Улсын клиникийн төв эмнэлэгт “Бөөрний төв”, “Диабетын төв”, Хавдар судлалын үндэсний төвд “Элэгний клиник”, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Гепатитын эмгэг судлалын клиник” байгуулах зөвшөөрөл олгож, АНУ-ын Мянганы сорилтын сан, Глобаль сан, Хавдарын олон улсын нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эхлүүлээд байна. Мөн дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны нэгдсэн төвийн зураг төслийг бэлэн болгоод байна.

 

2009  онд Эрүүл мэндийн сайдын  тушаалаар батлагдсан  “Цахим эрүүл мэнд” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газарт Зайн оношлогоо, эмчилгээний хэлтсийг зохион байгуулж,  телемедициний үндэсний сүлжээний бүтцийг бий болгож, төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-ны харъяа байгууллага, агентлаг, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, нийт 60 гаруй байгууллагыг өндөр нууцлал, хурд бүхий интернетийн сүлжээнд  холбож, улмаар өөр хоорондоо өвчний онош, дуу, дүрсийг уг сүлжээгээр дамжуулах боломжийг  бүрдүүллээ. Цаашид эрүүл мэндийн байгууллагууд бүхэлдээ ийм сүлжээнд холбогдсоноор эрүүл мэндийн салбар дахь үйлчилгээний менежмент боловсронгүй болж үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэхийн дээр оношлогоо, эмчилгээний баталгаажилт сайжирч эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, тэгш байдал сайжрана гэж үзэж байна.

 

2010 онд клиникийн II нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн салбарт анх удаа  чанарын удирдлагын олон улсын “ISO 9001:2000” стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээ хүртэж, нэгдсэн эмнэлэг, үндэсний төвүүд оношлогоо, эмчилгээнд 27 шинэ арга нэвтрүүлж  патентийн гэрчилгээ авлаа.

 

Эмнэлгийн удирдлагын бие даасан байдлыг хангаж, үр дүнд тулгуурласан менежментийг нэвтрүүлэх,  “урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сум, өрхийн эмнэлгүүдийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг давамгайлан үзүүлэх эрүүл мэндийн төв болгон хөгжүүлэх,  эмийн чанар аюулгүй байдалд тавих хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн дагуу эмийн  зохицуулалт, чанар, аюулгүй байдлыг хариуцсан алба байгуулах ажлын бэлтгэлийг хангах ажил амжилттай хийгдэж байна. Түүнчлэн, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дүрэм, бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн боловсруулж Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

 

Эрүүл мэндийн яам эх барихын яаралтай, нярайн нэн шаардлагатай тусламжийн хэрэгцээний үнэлгээг хийж, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийг орон нутагт томилолтоор ажиллуулж, “Эх, нярайн эрүүл мэнд” 2010-2015 онд хэрэгжүүлэх стартеги“, “Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандарт”-ыг шинэчлэн баталж, амаржих газрын чадавхийг бэхжүүлэх,  нийслэл, аймгуудын амаржих газар, төрөх эмнэлгүүдийг засварлах, шинээр барих ажлыг өргөтгөх талаар олон чухал арга хэмжээг богино хугацааны дотор хэрэгжүүлсэнээр эхийн эндэгдэл 1990 оны түвшингөөс бараг дөрөв дахин, өнгөрсөн оны түвшингөөс хоёр дахин буурч 100.000 амьд төрөлтөд 45,5 болж, МХЗ-ын 2015 оны зорилтыг хангалаа. Гэхдээ  үүнд тайвширч болохгүй бөгөөд хүрсэн үзүүлэлтийг тогтвортой барихын төлөө чармайн ажиллах шаардлагатай гэдгийг 2009 оны үзүүлэлт харуулсан болохыг сануулж байна.  Мөн нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2009 онд 1000 амьд төрөлтөнд 20,2 байсан бол энэ онд 19,4 болж буурлаа.

 

Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд хийх  томоохон ажлын нэг нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн салбарыг  2010-2015 онд хөгжүүлэх стратегийн баримт бичгийг боловсруулж батлах ажил байлаа. Бид өнгөрсөн онд  Архангай, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарыг 2010-2015 онд хөгжүүлэх стратегийг боловсруулж, Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга  нар хамтран баталгаажуулж хэрэгжүүлтийг зохион байгуулж эхэллээ. Энэхүү стратегийн баримт бичгийг боловсруулахтай холбогдуулан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын бодит байдалтай танилцах зорилгоор эрүүл мэндийн сайд 18 аймагт өөрийн биеэр очиж тулгамдсан олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

 

Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтоосон харилцааг улам гүнзгийрүүлэх зорилгоор 2009 оноос олон талт идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс ДЭМБ-ын удирдах зөвлөлд нэр дэвшиж, 2010 оны 5-р сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар батлагдлаа. Бас Монгол Улсын засгийн газар 2010-2015 онд  ДЭМБ-тай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг боловсруулж эрүүл мэндийн сайд, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал гарын үсэг зурж  баталгаажууллаа.

 

Энэ онд анагаах ухааны салбарт шинжлэх ухааны докторын зэргийг 1, анагаах ухааны докторын зэргийг 25 судлаач хамгаалж, 130  гаруй стандарт шинээр батлагдаж, эмийн үндэсний бодлогын YI бага хурлаар үндсэн зорилтоо тодорхойлж,  Эрүүл мэндийн сайдын  тушаалаар “Эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх журам”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт сурталчилгааны удирдамж”-ийг баталж, анх удаа  эмийн фармакопейн 450 өгүүллийг  боловсруулж баталснаар фармакопейн  өгүүллийг ашиглан эмийн үйлдвэрийн лабротори, эмийн сорилын болон итгэмжлэгдсэн лабораториуд эмэнд хими, физик, биологийн шинжилгээ хийж чанарыг баталгаажуулах үндэс бүрдлээ.

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 2009 оны 9 сарын 16-нд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2009 оны 427 тоот тушаалаар батлагдсан “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн эрхийн бичгийг  “Орлого орлуулан тооцох” аргаар тодорхойлогдсон ядуу өрхөд орон нутгийн засаг захиргаагаар дамжуулан олгож эхэллээ.  Эрхийн бичгийн хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр эм олгох, амбулаторийн үзлэгт хамруулах, оношлогоо шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх гэсэн 4 төрлийн тусламж үйлчилгээг хамруулсан бөгөөд хөнгөлөлттэй үнээр эм олгох  үйлчилгээг хот, хөдөөгийн нийт 357 эмийн сан, бусад тусламж үйлчилгээг  аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг,  бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг хоёрдогч шатлалын тусламж үзүүлдэг 46 эрүүл мэндийн байгууллага эрхийн бичиг бүхий иргэдэд үзүүлж эхэллээ. Ингэснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эмзэг бүлгийн иргэдэд эрхийн бичгээр эмнэлгийн тусламж үзүүлэх зорилт хэрэгжиж эхэлж байгаа юм.

 

Эрүүл мэндийн сайдын  тушаалаар дархлаажуулалтын хамралтыг вакцины бүрэн тун авсан хоёр хүртэлх  насны хүүхдээр гаргах мэдээллийн тогтолцоог нэвтрүүлж, ОХУ-д халдварт саа өвчин гарсантай холбогдуулан “Халдварт саа өвчин үүсгэгч зэрлэг омгийн вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах төлөвлөгөө”-г баталж халдварт саагийн эсрэг вакцинд 1-5 насны 350 гаруй мянган хүүхдийг хамрууллаа.

 

“Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр үзүүлэх тусламж үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулалтын хугацаа, шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал”-ыг шинэчлэн баталж, улсын хэмжээнд сонгон шалгаруулалтад 149 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага шалгарч, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх болов.

 

Засгийн  газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  2010 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор  “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг  Засгийн газрын хуралдаанаар батлуулж, яаралтай тусламжийн төвийн салбаруудыг нийслэлийн бүх дүүрэгт байгуулах зорилт тавьж, Баянзүрх дүүрэгт шинэ салбараа нээлээ. 2011 онд Чингэлтэй, Сонгино хайрхан, Хануул дүүрэгт ийм салбар байгуулана. Ингэснээр эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээний  хурдыг нэмэгдүүлж олон улсын стандартын дагуу 5-8 минутад багатан эмнэлгийн тусламж үйлчлүүлэгчид хүрэх нөхцлийг бүрдүүлэх юм.

 

Эрүүл мэндийн сайдын 2010 оны  73 тоот тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн хашаанд эмнэлгийн хог хаягдлыг шатаахыг хориглож, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын хогийг нэгдсэн байгууламжид төвлөрүүлэн халдвартай хог хаягдлыг уураар халдваргүйжүүлж, зөвхөн биологийн гаралтай хог хаягдлыг шатааж устгах шийдвэр гаргаж, энэ шийдвэрийн дагуу ЭМЯ-наас  235 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар “Элемент” ХХК-тай гэрээ байгуулан  Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран “Наран”-гийн энгэрт  Эмнэлгийн хог хаягдлын нэгдсэн байгууламжийг байгуулсанаар нэгдсэн байгууламжид ЭМЯ-ны харъяа 13 эмнэлэг, дүүргүүдийн 38 эмнэлэг, өрхийн 35 эмнэлэг, хувийн хэвшлийн 239 эмнэлэг, нийт 325 эмнэлгээс 497  тонн аюултай хог хаягдлыг цуглуулан авч устагсан байна. Түүнчлэн ЭМЯ-наас Дархан-Уул, Эрдэнэт хотуудад эмнэлгийн хог хаягдлыг устгах тоног төхөөрөмжийг  нийлүүлж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг хог хаягдлын төвлөрсөн байгууламж нээж, хотын хэмжээнд 97 эмнэлгийн хог хаягдлыг цуглуулан устгаж байна.

 

Монгол Улсын засгийн газар биеийн тамир спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч биеийн тамир спортын зардал, хөрөнгө оруулалтад 12.5 тэрбум төгрөг зарцуулж  тамирчдын амжилтыг ахиулах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсний дээр тамирчдын бэлтгэл сургуулилтад 500 орчим сая төгрөг зарцуулж, жудо-гийн дэлхийн цомын тэмцээн, эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн гранпри аварга шалгаруулах тэмцээн, Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн даамын болон Пауерлифтингийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо  зохион байгуулж 730 гаруй сая төгрөг зарцууллаа. Үүний үр дүнд тамирчдын амжилт тогтвортой сайжирч, 2010 онд  алтан медаль 120, мөнгөн медаль 85, хүрэл медаль 134, нийт 339 медаль авч,  спортын салбарын түүхэнд энэ онд анх удаа дэлхийн цом, дэлхийн аваргаас 29, тивийн наадмаас 2 аварга шинээр төрж, анх удаа оюуны спортын тамирчдаас  дэлхийн аварга, хүүхдийн Олимпийн наадмаас 2 аварга төрөн гарлаа.

 

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засаг, Техникийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн дагуу Улаанбаатар хотод БНХАУ-ын 160 сая юаны буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газраас 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдсан 5045 хүний суудалтай спортын ордонг хүлээн авлаа. Түүнчлэн Өвөрхангай, Төв, Баян-Өлгий аймгийн 600 суудалтай спорт цогцолборыг ашиглалтад авч, 1000 хүний суудалтай  нийслэлийн спорт цогцолборын суурийг тавьж, УИХ-аас  баталсан 2011 оны төсөвт нийслэлийн 6 дүүрэг, хэд хэдэн аймагт усан басейн бүхий спортын ордны зураг төсөл хийх, барьж эхлэх хөрөнгийн эх үүсвэр тусгагдлаа. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-Эрүүл мэндийн яам байгуулагдсаны 80 жилийн ойг анх удаа  тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн хүрээнд  Эрүүл мэндийн яамны 80 жилийн түүхэн замналыг харуулсан ном, баримтат кино бүтээж, “Эмчилгээ оношлогооны технологийн дэвшил” үзэсгэлэн гаргаж, эрдэм, шинжилгээний бага хурал, төрийн захиргааны төв байгууллага хоорондын болон салбар, яамны хэмжээнд спортын цуврал тэмцээнүүдийг зохион байгууллаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ оны 6-р сард эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойг тэмдэглэхээр тогтож ой угтсан олон бүтээлч ажлыг хийхээр төлөвлөж хэрэгжүүлж эхлээд байна.

 

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРЫГ ДЭМЖИХ”

ЖИЛИЙН ХҮРЭЭНД 2011 ОНД ХИЙХ АЖИЛ


Нэг. Орчны эрүүл мэндийн байдлын талаар

Улс орны тогтвортой хөгжлийн үндэс болсон хүний эрүүл мэндийн асуудал   нь хэдийгээр хувь хүний зан үйл, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай шууд холбоотой ч олон салбарын бодлого, оролцоо, хамтын ажиллагаанаас хамаарах  өргөн хүрээтэй, нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага гэж ойлгож болно.

Бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах үндэсийн үндэс болсон  өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрүүл мэндийн бодлогын цөм болгон хэрэгжүүлэх нь асар их ач холбогдолтой учраас эрүүл мэндийн салбар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2008-2012 оны хөтөлбөрт “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар”, “эрүүл эхээс эрүүл хүүхэд” уриан дор үндсэн зорилтуудаа тодорхойлсон юм. Эрүүл мэндийн яам “эмч мэргэжилтний ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх”, “эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх” жилийн хүрээнд 2009, 2010 онд хийсэн ажлаа бататган үргэлжлүүлэхийн хамт 2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн  биеийн тамирыг дэмжих  жил”  болгон салбарын хэмжээнд зарлаад байна.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад төр, засгаас онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарт нийгмийн эрүүл мэндийн бүтцийг бий болгон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, хүний  эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн 9 үндэсний хөтөлбөр,12 стратеги, 15 удирдамж, 20 гаруй удирдамж, заавруудыг сүүлийн сүүлийн хоёр жилийн дотор  батлан хэрэгжүүлсэнээр 10 жилийн өмнөхтэй харьцуулахад монгол хүний дундаж наслалт  4 насаар нэмэгдээд байна.

 

УИХ-ын 81 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод “Нийгмийн эрүүл мэндийг нийгмийн бүх салбарын оролцоонд тулгуурласан  цогц үйл ажиллагаа” гэж тодорхойлсон. Гэвч өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх болон нийгмийн эрүүл мэндийн ажил, үйлчилгээ зөвхөн эрүүл мэндийн салбарын хүрээнд хязгаарлагдаж, бусад салбарын уялдаа холбоо, бодлого, төлөвлөлт хангалтгүй байгаагаас зарим талаар гаргасан шийдвэрийн үр дагавар ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Тухайлбал: Хүүхдийн байгууллагын ачаалал хэт нэмэгдэж, хөрс, ус бохирдож, хог хаягдал, цэвэр, бохир усны дэд бүтэц шийдэгдээгүйгээс халдварт өвчин голомтлон гарч байна. Хот, суурин газруудад агаарын бохирдол хэрээс хэтэрч, хүний эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх болоод байна.

 

Агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, харшил, хавдрын өвчлөл ихсэхэд нөлөөлж, эдгээрээс шалтгаалсан эрүүл мэндийн нийт зардал ДНБ-ний 1.9-3.8 хувьд хүрсн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.