Сайд Х.Баттулга Японы ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийллээ
2011.03.13

Сайд Х.Баттулга Японы ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийллээ

ЗТБХБЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлав

battulga_h_said

Япон улсад болсон байгалийн гамшгийн улмаас тус улс их хэмжээний хохирол амсч, зарим хотуудад нөхцөл байдал хүнд байгаа билээ. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх нар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такуо Кидокород эмгэнэл илэрхийлж ням гаригт ЭСЯ-нд нь хүрэлцэн очиж уулзлаа. Сайд Х.Баттулга түүнд гардуулсан эмгэнэлийн захидалдаа “Япон улсад газар хөдлөлт болж, цунами үүсэн олон хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө сүйдсэнд гүн эмгэнэл илэрхийлье. Энэхүү хүнд хэцүү цагт манай нийт хамт олон, Монголын бүх ард түмний хамт сэтгэл зүрхээрээ Японы ард түмэнд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Японы ард түмэн энэхүү байгалийн гамшгийг эр зоригтойгоор давж чадна гэдэгт итгэж байна” гэсэн байна.


ЗТБХБЯ, тус салбарыхан нэг өдрийн цалингаа Японы ард түмэнд хандивлахаар болсныг энэ үеэр сайд Х.Баттулга Элчин сайдад дуулгалаа.


ЗТБХБ-ын салбарт Япон улсын зээл, буцалтгүй тусламжаар олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Тухайлбал, “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл буюу Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбосон ган төмөр хийцтэй гүүр барих төсөл” 37 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж 2012 оны сүүлчээр ашиглалтад орно. Мөн  14.5 тэрбум төгрөгийн өртөгтэй “Дархан хотын ус хангамийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”, “Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл” гэх мэт олон төсөл тус улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байна. Төв аймгийн Хөшгийн хөндий Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл Япон улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.