Монголыг “ITB Берлин-2011” дэлхийд сурталчлав
2011.03.21

Монголыг “ITB Берлин-2011” дэлхийд сурталчлав

Монгол Улс олон улсын аялал жуулчлалын “ITB Берлин-2011” үзэсгэлэнд “Соёлын түнш орон”-оор анх удаа оролцсон нь дэлхийд өөрийн орноо сурталчлан танилцуулах, жуулчдын сонирхлыг татах нэг чухал арга хэмжээ боллоо. Үзэсгэлэнд БОАЖ-ын сайд Л.Гансүх тэргүүтэй төр засаг, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Монголыг сурталчлах ажлыг хүн бүхэн чадлынхаа хэрээр хийсэн гэж болно. Монголыг сурталчилсан томоос том самбар “Messe Berlin”-ий төв хаалганаас холгүй харагдаж байв. Сурталgansukh_eh-_delkhiiчилгааны самбар үзэсгэлэнгийн танхим руу орох гол замаар явж буй хэн бүхэнд харагдахаар тод ажээ. Түүнчлэн долоон хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй, олон улсын томоохон арга хэмжээ, үзэсгэлэн яармаг, чуулга уулзалт зохион байгуулдаг “Messe Berlin”-ий гадна болон дотор талд Монгол Улсын аялал жуулчлалын лого, туг, танилцуулга байв. “ITB Берлин-2011” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа соёлын түншээр оролцсон нь ийнхүү гол түнш болох Польшоос гадна дэлхийн 180 гаруй орноос давуу эрх эдэлсэн нь энэ.

Гуравдугаар сарын 9-13-нд үргэлжилсэн үзэсгэлэнгийн үеэр Монголыг сурталчилсан арга хэмжээ гурван өөр танхимд тасралтгүй үргэлжиллээ.

Монголын нүүдэлчин ард түмэн хүн төрөлхтний түүхэнд хосгүй соёлын өвийг хадгалан үлдээж, дэлхийн улс түмний соёлын олон талт байдалд хувь нэмрээ оруулж иржээ. Тухайлбал, морин хуурын аялгуу, монгол биелгээ, монгол тууль, монголын эрийн гурван наадам, уртын дуу, хөөмий зэргийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн. Энэ утгаараа үзэсгэлэнд оролцсон “Арга билэг” хамтлагийн тоглолт, хөөмий, уртын дуу, уран нугаралт, бүжиг, үндэсний хувцасны “Хатад” үзүүлбэр зэргээс Монголын урлагийг цогцоор нь үзэж болохоор байлаа. Мөн энэ бүх арга хэмжээг амжилттай зохион байгуулсан БОАЖЯ болон ХБНГУ-д суугаа ЭСЯ-ныханд талархах хэрэгтэй.

Үзэсгэлэнгийн эхний өдөр “Монголын чуулган” нэртэй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан нь өнгөрсөн 20 жилийн түүхэнд анхны тохиолдол байв. Танхим дүүрэн Монголыг сонирхсон хүмүүс, олон улсын сэтгүүлчид гээд 500 гаруй төлөөлөгч энд цуглажээ. БОАЖ-ын сайд Л.Гансүх “Манай улсын 2021 он хүртэлх хөгжлийн бодлогын суурь баримт бичигт 2015 он гэхэд Монгол Улсад айлчлах жуулчдын тоог нэг саяд хүргэхээр заасан. Энэ зорилтод хүрэхийн тулд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч, бодлогоо чиглүүлж буй бөгөөд төрөөс аялал жуулчлалыг тэргүүлэх салбарын нэг хэмээн үзэж, дэс дараатай олон арга хэмжээг авахаар төлөвлөж байна” гэв.

Уг чуулганд үзэсгэлэнгийн албан ёсны түнш Польш улсын төлөөлөгчдийн ахлагч, Польш улсын ерөнхийлөгч асан Лех Валенса, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай зэрэг нэр хүндтэй хүмүүс албан ёсоор оролцсон нь манай улсыг дэлхийд сурталчлах, үнэлгээг өсгөх бас нэг түлхүүр болов. “Монголын чуулган” бүтэн өдрийн турш үргэлжилсэн. Энэ үеэр Монгол болон гадаадын эрдэмтэн судлаачид Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, төрөөс барих бодлого, манай орны онцлогийг танилцуулсан илтгэлүүд тавив. Мөн Аялал жуулчлалын салбарыг Монголд улам хөгжүүлэхэд, жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарах ёстой ямар асуудал байгааг хөндөж байв.

Энэ удаагийн үзэсгэлэнд аялал жуулчлалын 12 компани албан ёсоор оролцсон. Тэд “Урд жилүүдэд дээд тал нь зургаан компани оролцдог байсан. Гэхдээ их өрөвдөлтэй. Маш жижиг талбайд хэдүүлээ шахцалдаад суудаг байлаа. Баргийн хүмүүс биднийг тоож харахгүй, хажуугаар яваад л өнгөрнө. Харин энэ жил үнэхээр хэлэх үг алга, маш сайн зохион байгуулжээ. Бидэнд ногдох талбайн хэмжээ томоос гадна, урлагийн тоглолт, Монголыг сурталчилсан танилцуулга, хэвлэлийн хурал, хүлээн авалт зэрэг олон арга хэмжээ тасралтгүй болж байна. Үүнийг сонирхож хандах, гэрээ хэлцэл хийхийг хүссэн маш олон санал ирсэн. Дараа жил бас ингэж зохион байгуулалттай оролцвол тун сайн байна” хэмээн ярьж байлаа.

Харин хоёр дахь өдөр “Ази Номхон далайн бүсийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ба далайн төвшин 0 метрээс дэлхийн дээвэр 8000 метр хүртэл” сэдвээр гурван улсын сайд нарын оролцсон уулзалт болов. Балба улсын Ой ба хөрс хамгааллын яамны сайд Дийпак Бохара, Мальдив улсын Аялал жуулчлал, урлаг ба соёлын яамны сайд доктор Мириам Зульфа, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээх үүрэг хариуцлагын талаарх энэ уулзалтаар өргөн хүрээтэй ярилцав. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн хүчтэй нэрвэгдэж буй Балба, Мальдив, Монгол Улсын тулгамдсан асуудлууд болох Гималайн цас мөс хайлах, далайн усны түвшин нэмэгдэх, цөлжих үйл явцын эсрэг хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний тухай БОАЖ-ын сайд Л.Гансүх онцлон хөнджээ. Энэ арга хэмжээнд 250 шахам хүн оролцож, өргөн хэлэлцүүлэг хийлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.