Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны анхны хуралдаан боллоо
2011.03.28

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны анхны хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог гурав дугаар сарын эхээр зарлиг гарган байгуулсан билээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо анхны хуралдаанаа өнөөдөр хийлээ. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тус Үндэсний хорооны дарга Д.Баттулга хорооны ажлын албаны даргаар эрчим хүчний салбарт ажиллаж туршлага хуримтлуулсан, дулааны инженер Р.Мягмарыг томилсноо хорооны гишүүдэд танилцуулж, хороо агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах гол үүрэгтэй бөгөөд бидний ажлыг утааны бууралтаар үнэлэх болно гэж хэлэв.

agaaaaa

Тус хуралдаанаар Үндэсний хорооны ажлын албаны бүтэц, 2011 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Ажлын алба төсөл хөтөлбөр, эрчим хүч, байгаль орчин, эрүүл ахуй, мэдээллийн сан, цахим хуудас хариуцсан гэхчлэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Төлөвлөгөөнд бодлогын хэрэгжилтийн  үйл ажиллагаа,  шаардагдах хөрөнгийн тооцоо, эх үүсвэрийн асуудлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих, хязгаарлалтын бүс тогтоох, зарлах, өрхөд урамшуулал олгох журам батлах, зуухны стандарт боловсруулан батлуулах, нөхцөл шалгуур хангасан айлын цахилгааны үнийг 50 хувь бууруулах, цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх  дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих ажлыг эхлүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдол, түүний сөрөг үр дагаврыг ойлгуулах, шатдаг хийг аюулгүй  ашиглах сурталчилгаа хийх, тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах арга хэмээ зэргийг тусгажээ.

 

Үндэсний хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар дэд даргаар,  Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлогын болон Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөхүүд, Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн ИТХ-ын дарга, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний газрын дарга нар, Монголын Мянганы сорилын сангийн гүйцэтгэх захирал, Монголын архитекторчдын холбооны ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга гишүүдээр, Үндэсний хорооны ажлын албаны дарга нарийн бичгийн даргаар тус тус оржээ.

 

Хуралдаанд оролцогчид 5,6 дугаар цахилгаан станцын асуудлыг ҮАБЗ-д оруулах, түлшний стандартыг 5 дугаар сард багтаан шийдэх, хөрөнгийн эх үүсвэрийн талаар Сангийн сайдын илтгэлийг 4-5 дугаар сард багтаан  хэлэлцэхээр тохиролцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.