Төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэв
2011.03.31

Төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэв

Харгиа цэвэрлэх байгууламж анх 1972 онд байгуулагдахдаа арьс ширний таван том үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх зориулалтаар нээгджээ. Харин өнөөдрийн байдлаар энэ байгууламж нийтдээ 28 үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэж байна. 30 гаруй жил технологийн шинэчлэл хийгдээгүй энэ үйлдвэрт нэг тэрбум долоон зуун сая төгрөгний өртөг бүхий техник технологийн шинэчлэлийг Сант хаан компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийж байгаа юм. Харамсалтай нь энэ ажил сүүлийн 30 хоног зогсжээ. Шалтгаан нь арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой юм байна. Хэлээд, яриад, гуйгаад цөхөрсөн Харгиа байгууламжийн захирал, шинэчлэл хийж байгаа компани удирдлагууд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хотын дарга Г.Мөнхбаяр нарыг бодит байдалтай танилцахыг урьж, үйлдвэрийн удирдлагуудтай халуун нүүрээрээ уулзахыг хүссэн байна. Энэ хүсэлтийн дагуу сайд,  хотын дарга хоёр Харгиа дээр очив.

gansukh_sai_000000Одоо тус байгууламж дээр технологийн шинэчлэлийн нэгдүгээр шат дуусч, улсын мэргэжлийн хяналтын газраас 14 үйлдвэрт нь ажиллах зөвшөөрөл олгосон боловч бүх үйлдвэрүүд зэрэг ажилласнаас шалтгаалан асуудал үүсчээ. Эхний станцын хувьд усанд автаж, тохируулгын ажил хийгдэх боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд түр хугацаагаар зогсохыг арьс ширний үйлдвэрүүдэд сануулаад ч нэмэр болоогүй гэнэ. Арга аа бараад өнөөдөр эрх мэдэлтэй дарга нарыг авчирч ийнхүү хайнааг нь хагаллаа.

Байгаль орчныг бохирдуулах, бас тэгээд тавигдаж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол төрийн төмөр нүүрийг арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлнэ гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л. Гансүх сануулав.

Нэгэн үе Харгиа цэвэрлэх байгууламж хувийн мэдэлд байсан. Тухайн үед энэ байгууламжийн эзэд ч тэр, хаягдал усаа хаядаг арьс ширний үйлдвэрүүд ч дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргэж байжээ. Одоо Харгиа эзэнтэй. Энэ байгууламж нийслэлийн сая иргэний амьдралтай салшгүй холбоотой. Тиймээс технологийн шинэчлэл хийж, үйлдвэр хэвийн горимондоо орох тохиргоог хийж дуустал арьс ширний үйлдвэрүүдийг түр хугацаагаар хүссэн ч, эс хүссэн ч хаана гэдгийг мэдэгдэж байна. Төр төмөр нүүрээ арьс ширний үйлдвэрүүдэд үзүүлэх нь ээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.