Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар Абу Даби хотноо ажиллаж байна
2011.04.05

Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар Абу Даби хотноо ажиллаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо  энэ  сарын 4-5-ны өдрүүдэд болж буй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн Ассамблейн анхдугаар чуулганд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож байна.  Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлэн оролцож буй тэрбээр ОУСЭХА-ийн Ассамблейн анхдугаар чуулган нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд улс төрийн хийгээд түүхэн ач холбогдолтойг дурдаж, Дүрмийг нь соёрхон баталсан анхдагч нэг орны хувьд Монгол Улс Агентлагийн үүрэг роль, тавьж буй зорилт, үйл ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэжээ. 

Сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцөө өргөн ашиглан түүнийг эрчимтэй хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг сайд Г.Занданшатар онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Түүнчлэн Монгол Улс тус Агентлагийг үүсгэн байгуулагч улсын хувьд ОУСЭХА-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, агентлагтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, өгөгдөл, мэдээллийн сан бүрдүүлэх, нар, салхины нөөцийн асуудлаар судалгаа хийх, олон улсын болон бүс нутгийн түвшинд сургалт зохион байгуулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр агентлагтай хамтран хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхийг зорьж буйгаа мөн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар илэрхийлсэн болно.
zandanshatar_said
ОУСЭХА -ийг үүсгэн байгуулах олон улсын Бага хурал 2009 оны 1 дүгээр сард Бонн хотноо болж Агентлагийн Дүрмийг баталсан. Дүрэм 2010 оны 7 дугаар сард хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогийн байдлаар түүнд 148 улс гарын үсэг зурж, 69 улс соёрхон батлаад байна. Агентлагийн Ассамблейн анхдугаар чуулганд 157 орны 800 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд 80 гаруй улс Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд болон сэргээгдэх эрчим хүчний салбарын сайдын түвшинд оролцож байна.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ОУСЭХА-ийн Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Камерун, Эритрей, Уганда, Гамби, Тувалу, Брунди, Соломоны Арлууд, Маршалын Арлууд зэрэг орны Гадаад хэргийн сайд нартай уулзаж тэдгээр улстай дипломат харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Орчин цагийн Дипломат алба үүссэний 100 жилийн ойг угтах ажлын хүрээнд дипломат харилцаа тогтоогүй 40 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор зорьж байгаа аж.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ОУСЭХА-ийн Ассамблейн чуулганд оролцох үеэрээ Арабын Эмират Улсад ажил, хэргийн уулзалтууд хийж байгаа бөгөөд  мөн түүнчлэн Абу Даби хотноо аялан тоглолт хийж буй “Гайхамшигт урлаг” монгол циркийн уран бүтээлчид болон, Эмират Улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж ярилцав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.