Алслагдсан бүсийн иргэдэд нэмэгдэл олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
2011.04.13

Алслагдсан бүсийн иргэдэд нэмэгдэл олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Ц.Баярсайхан, Х.Жекей, Д.Одбаяр, Р.Раш, А.Тлейхан. Ж.Энхбаяр  нарын 30 гишүүн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх, Онцгой албан татварийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд боловсруулж УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өнөөдөр өргөн барив.

byambatsogt_uih09Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний  хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасны дагуу эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр хангалтгүй, төвөөс алслагдсан, байгаль цаг уурын хувьд эрс тэс, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн алслагдсан болон говийн бүсийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор бүсийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах нь зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан гишүүд эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

 

Иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах үүднээс алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн болон боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа албан хаагчид бүсийн нэмэгдэл олгох, эдгээр бүс нутагт ажиллаж байгаа улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах, алслагдсан болон говийн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Дорнод, Говь-алтай, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх боомтуудаар импортоор оруулж байгаа нэгдүгээр зэргийн гурил, шар болон цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг Гаалийн болон Нэмэгдсэн өртөгийн албан татвараас 5 жилийн хугацаагаар чөлөөлөх, 90 хүртэл октантай автобензин, дизель түлшийн тухайд онцгой албан татваргүй байх зохицуулалтуудыг бий болгох зорилгоор эдгээр хуулийн төслүүдийг боловсруулжээ.

 

Нэмэгдэл, тэтгэмж олгох алслагдсан болон говийн бүс нутгийг Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгасан байна. Алслагдсан болон говийн бүс нутгийг тогтоохдоо бүс нутгийг нийслэлээс алслагдсан байдал, хүн амын тоо, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан тогтоожээ.

 

Алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн алслагдсан 92 сумдыг, говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн хувьд доогуур, байгаль цаг уурын хувьд онцлог, дэд бүтэц, үйлдвэрлэл сул хөгжсөн 87 сумдыг оруулахаар тооцсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.