Хөвсгөл, Ховд, Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим  газар нутгийн тусгай хамгаалалтад авна
2011.04.25

Хөвсгөл, Ховд, Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим газар нутгийн тусгай хамгаалалтад авна

УИХ-ын чуулганы  өнгөрсөн баасан гаригын хойшхи нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн танилцуулгыг сонсов. gansukh_l_said

Энэ төслийг  Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг байгалийн бүс, бүслүүрийн унаган төрх, үндсэн хэв шинжийг төлөөлсөн, өвөрмөц сонин тогтоц, ховор нандин  амьтан, ургамал бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой газар нутгаар өргөжүүлэх шаардлагыг харгалзан  боловсруулсан байна. Эдгээр газар нутгийг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 25,6 сая га-д хүрч, манай улсын нийт нутгийн 16,4 хувийг эзлэхээр байгааг сайд хэллээ.

Тогтоолын төсөлд Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Баянзүрх сумдын нутагт орших Улаан тайгын байгалийн цогцолборт газрын талбайн хэмжээг дээрх сумдын зарим газар нутгаар өргөтгөж, ангилал дээшлүүлэн Улаан тайгын дархан цаазат газрын ангилалд, Ховд аймгийн Булган сумын нутагт орших Булган голын байгалийн нөөц газрыг Их, Бага Онгог орчмын газар нутгаар өргөтгөж ангилал дээшлүүлэн Их, Бага Онгог-Булган голын байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулахаар тусгажээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын нутаг дэвсгэрт орших Тэнгис-Шишгэдийн ай савыг байгалийн цогцолборт газрын, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын нутагт орших Хантай, Зэд, Бүтээлийн нурууд, тэдгээрийн орчмын газар нутгийг дархан цаазат газрын, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хөлөнбуйр, Булган, Мөнххаан, Сүхбаатар сумдын нутагт орших Жаран Тогоон тал, түүний орчмын зарим газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд шинээр хамруулахаар тусгасан байна.

 

Хуулийн төслийн талаархи Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Сэдванчиг танилцуулав. Засгийн газраас 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Сэдванчиг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ болон Ханх сумын, Хэнтий аймгийн Дадал сумын зарим эдэлбэр газрыг байгалийн цогцолборт газрын хилийн заагаас чөлөөлүүлэх тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд энэ тогтоолын төсөлд хамтатган тусгагдсан тул төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хамтад нь хийх, гишүүн Су.Батболд Монгол Улсын газар нутгаас хил даван гардаг гол мөрнүүдийг хамгаалах ажилд ОХУ, БНХАУ болон олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцаа авах асуудал дээр анхаарах нь зүйтэй гэсэн санал гаргасныг төслийн анхны хэлэлцүүлгийн явцад нарийвчлан авч үзэх боломжтой гэж  Байнгын хороо үзээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.

 

Төсөл санаачлагчийн танилцуулга, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Д.Дондог, Л.Гүндалай, Л.Гантөмөр, Г.Баярсайхан, Су.Батболд, С.Бямбацогт, Х.Жекей, Д.Ганхуяг нарын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа гишүүд тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар саналаа хэлэв. Гишүүн Б.Бат-Эрдэнэ тогтоолын төслийг дэмжихээ илэрхийлээд Засгийн газар урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас тэнд алт олборлолт үргэлжилж, газар нутаг сүйдсээр байгааг сайдад сануулав. Мөн гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар тусгай хамгаалалттай газар нутгийн асуудалд Засгийн газар цогц байдлаар хандаж тууштай, тогтвортой бодлого барьж ажиллах, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний асуудал болон тухайн газар нутагт амьдарч байгаа иргэдийн амьдрал ахуйд нэмэр тус болоход төрийн зүгээс анхаарах, түүнчлэн хил давж буй ан амьтад эргэж орж ирэхгүй байгаа тул энэ талаар хоёр орны хилийн байгууллагатай хамтарч ажиллах нь чухал байгааг хэллээ. Харин гишүүн Л.Гантөмөр нэгэнт гаргасан хууль амьдралд хэрэгжүүлэхгүй байгааг дархан цаазат Богд уулын одоогийн нөхцөл байдлаар жишээ татаад сайн арчилж сайн хамгаалах зарчмыг баримтлах нь чухал байна, ер нь монгол хүн сайхан байгальтай газар нутагтаа хот босгоод аятай тухтай амьдрахыг биш заавал эзгүй хоосон байлгаж зөвхөн гадаадын жуулчдад үзүүлэх гэсэн бодлого бариад байгаад шүүмжлэлтэй хандав. Гишүүн Н.Ганбямба ч түүнтэй санал нэгтэй байгаагаа хэлээд газар нутгийнхаа төдөн хувийг тусгай хамгаалалттай болгоно гэж тоогоор хөөцөлдөх биш асуудалд шинжлэх ухааны үүднээс алс хэтийг харж хандах, энэ чиглэлийн нэгдсэн бодлогоо төлөвлөж оруулж ирэх, нутгийн иргэдэд эрх мэдэл өгөх замаар хамгаалалтын сайн арга замыг эрж хайх нь чухал байгааг хэллээ.

 

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжлээ. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.