Сангийн сайд азийн хөгжлийн банкны захирагчдын 44 дүгээр жилийн уулзалтад оролцлоо
2011.05.09

Сангийн сайд азийн хөгжлийн банкны захирагчдын 44 дүгээр жилийн уулзалтад оролцлоо

Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн хөгжлийн банкны Захирагчдын 44 дүгээр жилийн уулзалтад Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

bayartsogt_tv

Уулзалтын үеэр Сангийн сайд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэд Ерөнхийлөгч Хироши Кодэратай уулзаж хамтын ажиллагааны хүрээнд ажиллах салбар чиглэлүүдийн талаар хэлэлцэж, одоо хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар санал солилцов.

 

Япон Улс Тусламжийн хөтөлбөрөө шинэчлэхээр төлөвлөж байгааг бөгөөд тэргүүлэх 3 чиглэл дээр хамтран ажиллахаа Японы талаас мэдэгдээд байгаа юм. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагийн төлөөлөгчидтэй үндсэн чиглэлийн хүрээнд цаашид нарийвчилсан чиглэл, салбаруудын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа Сангийн сайд С.Баярцогт илэрхийллээ.

 

Төлөөлөгчид энэ үеэр Азийн хөгжлийн банкны Стратеги, бодлогын газрын дарга ноён Сакай, Зүүн Азийн газрын дарга ноён К.Герхауссер нартай уулзаж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, АХБ-ны энгийн эх үүсвэрээс санхүүжих боломжийн талаар хэлэлцэв. Мөн Сангийн сайд Азийн хөгжлийн банкны судалгааны ажлын хэсгийн явцын тухай мэдээллийг сонслоо. Монгол Улс нь АХБ-ны энгийн эх үүсвэрээс санхүүжих боломжтой болсноор томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх боломжтой болох юм. Монгол Улсын Засгийн газар, АХБ хоорондын 2015 он хүртлэх хамтын ажиллагааны стратегийн баримт бичиг боловсруулагдаж байгаа бөгөөд энэхүү баримт бичгийг эцэслэн шийдвэрлэхэд Монгол Улсын зээлжих зэрэглэл, санхүүжилттийн эх үүсвэрийн асуудал чухал байгаа юм. АХБ-ны Стратеги, Бодлогын газрын дарга ноён Сакай Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг  Азийн хөгжлийн банкнаас энэ ондоо багтан Захирлуудын зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа Сангийн сайдтай уулзах үеэр мэдэгдсэн.

 

Төлөөлөгчид Зүүн Азийн газрын дарга ноён К.Герхауссэртэй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, явцын талаар санал солилцож, тулгараад байгаа асуудлын талаар ярилцав. АХБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичгийн хүрээнд нэмүү өртгийн сүлжээг бий болгох, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор тус салбарыг хамтран ажиллах чиглэлүүдийн нэг болгохыг санал болгосон.

 

Мөн Сангийн сайд С.Баярцогт Японы олон улсын хамтын ажиллагааны банкны Ерөнхийлөгч Хироши Ватанабэтэй уулзаж банкны өнөөгийн үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлтийн талаар мэдээлэл авч, Монгол Улсад хийж байгаа шинэчлэл, бодлогын талаар танилцуулав.

 

Түүнчлэн Японы олон улсын хамтын ажиллагааны банкны шугамаар Хөгжлийн банкаар санхүүжүүлэх болон концессийн жагсаалтад байгаа Монгол Улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, хамтран ажиллах боломжтой эсэх талаар санал солилцов. Энэхүү асуудлыг тус банкны зүгээс дэмжиж байгаа бөгөөд цаашид нарийвчилсан судалгаа хийж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.