Монгол улсад цөмийн хаягдлын агуулах талаар хэлэлцээ явагдаагүй  болохыг нотлов
2011.05.11

Монгол улсад цөмийн хаягдлын агуулах талаар хэлэлцээ явагдаагүй болохыг нотлов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2011 оны  5 дугаар сарын 10-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Кидокоро-г өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай тохиролцож, Хамтарсан мэдэгдэл гаргасан нь харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой болсныг дурдаад Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг нийгмийн бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөхцөл бололцоо их байгааг тэмдэглэв.
japan_elchinЭлчин сайд Т.Кидокоро Монгол Улсын хөгжлийг түргэтгэхэд Япон Улсын Засгийн газар өөрийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсад урьдын адил тусламж дэмжлэг үзүүлж хамтран ажиллах байр суурь баримталж буйг онцлон тэмдэглээд Японы Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд /ODA/ Монгол Улсад цаашид  ч эдийн засгийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Талууд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал үүрэгтэйг болохыг харилцан илэрхийлээд энэхүү хэлэлцээрийг байгуулах чиглэлээр  бэлтгэл ажлууд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд хоёр тал Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барих тухай “Майничи” сонинд гарсан нийтлэлийг ор үндэслэлгүй ташаа мэдээлэл болохыг тэмдэглэж, энэ асуудлаар хоёр орны хооронд аливаа нэгэн яриа хэлэлцээ явагдаагүй  болохыг харилцан нотлов.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.