15 тонн зэс утас үйлдвэрлэх үйлдвэр байгуулбал оруулсан хөрөнгөө нэг жил хагаст нөхнө
2011.05.21

15 тонн зэс утас үйлдвэрлэх үйлдвэр байгуулбал оруулсан хөрөнгөө нэг жил хагаст нөхнө

Нэг тонн зэс Лондонгийн металлын бирж дээр өчигдрийн байдлаар 9031 ам.долларын үнэтэй байна. Энэ нь сүүлийн арав хоногт 270 ам.доллараар өссөн гэсэн үг. Өнгөрсөн сард 9600 ам.долларын үнэтэй байсан тонн зэсийн үнэ хямдарч, 8600 ам.доллар хүртэл унасан юм. Зэсийн ханшны энэ хэлбэлзэл нь Хятад, Энэтхэгийн эрэлт болон валютын ханшны байдлаас шалтгаалсан гэнэ. Гэвч металлын зах зээлийн шинжээчид энэ жил тонн зэсийн дундаж үнэ 9500 ам.доллар байна гэсэн байр суурьтай байгаа. Ирэх онд ч зэсийн үнэ ханш өндөр хэвээр байх магадлалтай. Учир нь, Энэтхэг, Хятадын үйлдвэрлэлийн өрсөлдөөн өсөлтөөс шалтгаалах юм байна. Хятад Улс жилд зургаан сая гаруй тонн зэс хэрэглэж буй гэдэг. Энэ нь хотжилт, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой аж. Иймээс манай зэсийн баяжмалын 90 хувийг урд хөрш авч буй юм. Гэвч зэсийн үнэ өндөр байлаа ч манайх экспортолж zesбуй баяжмалаа тэр үнээр нь зарж чадахгүй. Баяжмалаа боловсруулж, цэвэр зэс гаргаж авч чадвал зах зээлд өндөр үнэд хүргэнэ. Өнөөдөр цэвэр зэс үйлдвэрлэж буй ганц үйлдвэр бол "Эрдмин" билээ.

Тус үйлдвэр жилд 2500 тонн цэвэр зэс, 2000 тонн найман мм голчтой зэс утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ үйлдвэр бүтээгдэхүүнээ Солонгосын "Самсунг", Японы "Марубени" корпориацад нийлүүлдэг. Уг үйлдвэрийн зэсийн чанар сайн, Лондонгийн металлын биржийн "А" үнэлгээтэй. "Эрдэнэт" үйлдвэрийн хаягдал шороог ашиглаж зэс ялган авч байна. Энэ хаягдлыг40 жил ашиглах гэрээтэй юм. Иймээс бид Оюу толгой, Эрдэнэтийн зэсийн баяжмалаа ашиглах томоохон үйлдвэр байгуулчихвал ашигт малтмалын үр өгөөжөө жинхэнэ утгаар нь хүртэх болно. Жилд 1500 гаруй тонн зэс утас үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад доод тал нь 180 мянган ам.долларын хөрөнгө оруулалт шаардах тооцоо байдаг.Тэгээд нэг тонн зэс үйлдвэрлэхэд 120-130 ам.доллар зарцуулна. Тэгэхээр зэсийн үнэ өндөр байгаа энэ үед оруулсан хөрөнгөө жил гаруйн хугацаанд нөхөх бололцоо бий. Төр засаг цэвэр зэс хайлуулах үйлдвэр барина хэмээн олон жил ярьж ирсэн. Өнөөдөр ч ярьж байна.

Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалд түшиглэж үйлдвэр барих төлөвлөгөө ЭБЭХЯ гаргажээ. Үүнээс гадна Оюу толгой, Цагаан суваргын ордын баяжмалыг түшиглэж Чойр, Сайншанд, Оюу толгойн аль нэгэнд зэс хайлуулах үйлдвэр байгуулах гэнэ. Одоогийн байдлаар Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунаар ахлуулсан ажлын хэсэг гарч зэс хайлах үйлдвэрийн судалгаа хийж буй аж.Тэд үйлдвэр байгуулах газар сонгох, санал дүгнэлт гаргах юм. Энэ ажил нь удахгүй дуусна гэж байна. Эхний ээлжид "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэж жилд 90-130 мянган тонн цэвэр зэс хайлах үйлдвэр барих боломжтой судалгаа гарчээ. Мөн Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт жилд 200 мянган тонн цэвэр зэс хайлах үйлдвэр байгуулах тооцоо ч хийсэн байна. Ингээд цаашид энэ хоёр үйлдвэрийн технологийг сонгох ТЭЗҮ-ийг нь хийх боломжтой болсон гэнэ.

Түүхий эдийн хувьд аваад үзвэл манайд нөөц нь тогтоогдсон зэсийн 18 орд байдаг. Одоо ашиглаж буй "Эрдэнэт" үйлдвэрээс жилд 25 хувийн агуулгатай 530 мянган тонн зэсийн баяжмал гардаг. Оюу толгой орд 2012 онд ашиглалтад орно.Тус ордыг 1,387 тэрбум тонн нөөцтэй гэдэг. Үүний 98 хувь нь зэс хэмээж буй.Тэгээд жилд 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барьж байна. Цагаан суваргыг орд 220 сая тонн зэсийн нөөцтэй аж. Хүдэр дэх зэсийн агууламж нь 54 хувь ажээ. Энэ ордоос жилд нэг сая орчим тонн зэсийн концентрац үйлдвэрлэх тооцоо бий.Тэгэхээр манайд нөөц бол байна. Харин түүнийг ашиглаж эцсийн бүтээгдэхүүн хийх том том үйлдвэр л үгүйлэгдэж байгаа юм. Зэсийн үнэ өндөр байгаа бас өснө гэж буй энэ цаг үеийг ашиглаад гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах шаардлага бидний өмнө тулгарч буй билээ. Цаг алдалгүй энэ ажлыг амжуулья.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.