2011.05.23

УИХ-ын дарга Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Британийн Нийтийн танхимын гишүүн, Британи-Монголын парламентын бүлгийн дарга ноён Эндрью Розинделл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Британийн парламентын төлөөлөгчид УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн урилгаар манай улсад зочилж байгаа юм.

Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа, Британи нь Европын орнуудын дотроос манай улстай худалдаа, эдийн засгийн өргөн харилцаатай орны нэг гэдгийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд цохон дурьдаад цаашдаа ч хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих бодит боломжтой нь хоёр орны дээд удирдлагуудын харилцан айлчлал, ялангуяа парламентын түвшний хамтын ажиллагаас харагдаж буйд сэтгэл өндөр байна. Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, тэр дундаа парламент дахь найрамдлын бүлгүүд, гишүүдийн харилцаа, хамтын ажиллагаа нь парламент хоорондын, түүний удирдах байгууллагуудын төдийгүй хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлов.

Монголын ардчиллыг эхнээс нь идэвхтэй дэмжиж, тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлж байсан Британийн төр, засаг, ард түмэнд монголчууд талархалтай байдгийн тэрбээр хэлээд Монгол Улс эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх, ялангуяа уул уурхайгаа түшиглэн хөгжих гарц нээгдэж байгаа, энэ чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай боломж бийг дурдлаа. Мөн Монгол Улс Европын Холбоотой хамтын ажиллагаа түншлэлийн хэлэлцээр байгуулахаар гарын үсэг зурахад бэлэн болсныг дуулгаад энэ талаар Британийн зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Британид байгаа манай нэг иргэний асуудал санаа зовоож буйг дурдаад энэ асуудлыг хоёр тал Засгийн газрын түвшинд шийдэх байх, гэхдээ та бүхэн ч бас анхаарал тавиарай гэдгийг хүслээ.

Монголд айлчлах боломж олгож, халуун дотноор хүлээн авч уулзаж буйд нь ноён Эндрью Розинделл Британийн парламентын удирдлагууд болон бүлгийнхээ гишүүдийн өмнөөс УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Бид анх удаа Монголд зочилж байгаадаа их баяртай байна. Цөөн хоногт Монголын тухай ихийг таньж мэдэж авлаа. Бас Монгол бол Британийн зүгээс зайлшгүй тусалж дэмжиж, хамтран ажиллах орон юм байна гэдгийг баттай мэдэрлээ” хэмээн өгүүлэв. Уулзалтад оролцсон Британийн парламентын Лордын танхимын гишүүн, Британи-Монголын парламентын бүлгийн дэд дарга ноён Уэйвэрли Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагаа түншлэлийн гэрээг байгуулахад өөрсдийн зүгээс хүчин чармайлт гаргаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэдгээ илэрхийлэв. Мөн Британид байгаа манай нэр бүхий нэг иргэний асуудал нь эрх зүйн хувьд нэлээд бэрхшээлтэй асуудал болоод байгааг тэд хэллээ.

Британийн парламентын төлөөлөгчид хоёр орны парламент, тэр дундаа найрамдлын бүлгүүд, парламентын гишүүд хоорондын улам харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд УИХ-ын даргыг ойрын үед Британид айлчлахыг урив.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Торда Абботт Вотт, албаны бусад хүн байлцав.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн дарга Р.Амаржаргал мөн өдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзсаны дараа Парламентын бүлгүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт хоёр парламентын бүлгийн дарга нар гарын үсэг зурлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.