2011.05.26

Д.Дэмбэрэл: Монголчууд бид найман зууны тэртээгээс номын их өргөөний шавыг тавьж, оюуны асар их баялаг өвийг бүтээсэн авъяас билэгт ард түмэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож үг хэлж, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарын нийт ажилтнуудад Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монголчууд бид найман зууны тэртээгээс номын их өргөөний шавыг тавьж, эрдэм мэдлэгийг дээдэлж түүхэн хөгжлийнхөө бүхий л үед оюуны асар их баялаг өвийг бүтээсэн авъяас билэгт ард түмэн билээ. Аль эрт 1279 онд “Монголын бичгийн мэргэдийн хүрээлэн” байгуулж байсан тухай түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байна. Ардын хувьсгал ялсны дараахан “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдан шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл хэргийг эрхлүүлэх болсон байна. Өнөөгийн Шинжлэх ухааны академийн хөгжлийн урьдач нөхцөл, уламжлалт суурь дэвсгэр ийнхүү тавигдсан юм гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1961 оны 5 дугаар сард Шинжлэх ухааны академийг байгуулах түүхэн шийдвэр гаргасан. Ингэснээрээ шинжлэх ухааныг үндэсний хэмжээнд нэгдсэн бодлогоор явуулах, дэлхийн соёл иргэншил, оюуны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх, шинжлэх ухаан, технологийн шинэ шинэ ололт амжилт, үр шимийг монголчууд бидэнд хүртэх боломжийг нээж өгсөн юм.

Хорьдугаар зууны манай орны түүхэнд онцгой байр суурь эзэлсэн энэхүү үйл явдлаас хойш эдүгээ 50 жил өнгөрчээ. Түүхт ойн баярын энэ өдөр Шинжлэх ухааны академийг анх үүсгэн байгуулалцаж, бэхжүүлэхэд оюун билэг, мэдлэг зүтгэлээрээ онцгой хувь нэмэр оруулсан О.Жамъян, Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын зэрэг эрдэмтдийн суу билэг, зохион байгуулах авъяас, зүтгэлийг өнөөдөр бахархан дурсахад таатай байна. Та бүхэн тэдний эхлүүлсэн ажил, үйлсийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна хэмээн онцлов.    

Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн, судлаачид Монгол орны түүх, соёл, хэл шинжлэл, эдийн засаг, байгаль, гүн ухаан, олон улсын харилцааны талаар дорвитой бүтээлүүд туурвиж  нийтийн хүртээл болгожээ. Улс орны хөгжилд эдийн засгийн үр ашигтайгаа харуулсан шинжлэх ухааны олон сайхан бүтээлүүд амьдралд биеллээ олсон. Ашигт малтмалын шинэ ордыг нээх, малын шинэ үүлдэр, үр тарианы сорт гаргах, олон нэр төрлийн эм бэлдмэлийг бий болгох, хагас дамжуулагч, нарны элементийн технологийг боловсруулж, газар хөдлөлтийн бүсчлэл тогтоох зэрэг гайхамшигтай амжилтууд энд багтана.

Онолын физик, эгэл бөөмсийн физик, математик, биотехнологи, палентологи болон ангаах ухаан зэрэг олон салбаруудад манай эрдэмтэд олон улсын түвшинд хүрчээ. Та бүхэн шинжлэх ухааныг салбар салбарын чиглэлээр хөгжүүлэн, орчин үеийн шинжлэх ухааны ололтыг өөрийн оронд түгээн нэвтрүүлж үндэсний сэхээтний бүхэл бүтэн эгнээг төрүүлэн бойжууллаа. Монголын ард түмэн шинжлэх ухаан, эрдэм боловсролын үр шимийг чамгүй хүртэж байна. Энэ бүхэн бидний хэнтэй ч хуваалцахгүй ололт амжилт юм гэж УИХ-ын дарга онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурал шинжлэх ухааныг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал тавьж ирсэн. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг баталж энэ салбарын эрх зүйн үндсийг тодорхойлсон. “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д оюуны шингэц бүхий өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийн эзлэх байр суурийг бэхжүүлж өсгөхийг чухал чиглэл болгон дэвшүүлсэн билээ. Шинжлэх ухаан, технологийн болон өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг батлан ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтоосон бөгөөд мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох явдлыг эн тэргүүн зорилт гэж үзэж байгааг тэрбээр онцлов.

УИХ-ын дарга цааш нь хэлэхдээ, Монгол орны хувьд эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангах, хүн амын амьдралын чанарыг сайжруулах нь шинжлэх ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэхтэй шууд холбоотой бөгөөд  амин чухал шаардлага гэж үзэхээр байна. Дэлхийн зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөр технологи бүхий аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох, цөлжилтийг хязгаарлаж байгаль орчныг хамгаалах зэрэг улс орны хөгжлийн явцаас урган гарсан шинэ шинэ зорилтууд Та бидний өмнө тавигдаж, хариугаа шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэхийг хүлээж байна. Төрийн бодлогыг тодорхойлоход үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний дорвитой бүтээл, зөвлөмж нэн чухал хэрэгцээтэй байгаа. Нийгмийн шинжлэх ухааны үүрэг ч улам бүр өсөн нэмэгдэх боллоо.

Өнөөдөр шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн талаас илүү хувь нь эрдмийн зэрэг, цолтой байна. Их, дээд сургуульд олон мянган эрдэмтэн багш ажиллаж байна. Энэ бол дээрх зорилтыг ханган биелүүлэхэд хангалттай оюуны их хүч, нөөц юм.

Гэхдээ дэлхийн шинжлэх ухаан байгаль, хүн, нийгмийн тухай өнөөгийн мэдлэгийг улам гүнзгийрүүлж, түүнийгээ эрхэм зорилгоо болгон урагшаа хол давшиж байна. Бид үүнээс хоцрох ёсгүй ээ. Энэ өндөр түвшинд хүрэхийн тулд эрдэмтэн, судлаачид Та бид мэдлэг оюунаа дайчлан шаргуу ажиллах хэрэгтэй байна. Суурь судалгааг улам сайжруулж, шинжлэх ухааны шинэ шинэ ололтыг нээн, түүнийгээ ажил хэрэг болгох нь нэн чухал аа. Шинжлэх ухааны ололт амжилтыг үнэлэх, эрдмийн бүтээлийг нь үнэлэх, эрдэмтдээ үнэлэх тал дээр учир дутагдалтай ажиллаж байна. Төрөөс ч, шинжлэх ухааны байгууллагаас ч энэ талаар хаа хаанаа анхаарч ажиллах шаардлага гарч байна. Шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ жил дараалан өсч, эдүгээ 20 тэрбум төгрөгт хүрчээ. Төрөөс шинжлэх ухаанд тавих анхаарлыг цаашдаа нэмэгдүүлэх нь мэдээж.

Төрийн захиалгаас гадна зах зээл өөрөө эрдэмтэн судлаачдын бүтээл туурвилын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг шаардаж байгаа үед бид бүхэн амьдарч байна. Энэ бол эрдэмтэн судлаачид Та бүхэн бүтээлээ үнэлүүлэх, мэдлэг чадвараа харуулах, овсгоо самбаатай ажиллах оюуны орон зай асар их болохыг харуулж байна.

Шинжлэх ухаан, технологийн ололт нь эцсийн дүндээ хүнийг хөгжүүлэх, хүний амьдралын эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдэх болж байна хэмээн онцлон дурдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцлах хэлтэс мэдээлэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.