Татвараа төлөөгүй автомашиныг ирэх сарын нэгнээс хөдөлгөөнд оролцуулахгүй
2011.05.30

Татвараа төлөөгүй автомашиныг ирэх сарын нэгнээс хөдөлгөөнд оролцуулахгүй

Татвараа төлөөгүй машиныг ирэх сарын 1-нээс замын хөдөлгөөнд оруулахгүй байхаар болжээ.

Жил бүр өрнөдөг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажил өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 150 мянган тээврийн хэрэгсэл байгаа учраас энэ ажлыг эрт эхлүүлэхээр болсон билээ. abto-onoshilgoМашины тоо ийнхүү эрс нэмэгдсэн тул иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх үүднээс есөн дүүрэг болон оношилгооны гурван төв дээр ирэх зургадугаар сарын 1-н хүртэл татвар хураамжийг авахаар төлөвлөсөн байгаа билээ.Түүнчлэн энэ жилийн хувьд татварын хэмжээ 25-50 хувиар нэмэгдсэний зэрэгцээ агаарын бохирдлын татвар нэмж авч байгаа юм. Агаарын бохирдлын татварыг авахдаа тухайн машины утааны хэмжээ, утаан дахь нүүрстөрөгчийн хэмжээг харгалзан үнэ тарифыг тогтоож байгаа ажээ.

Хамгийн сүүлд нэгтгэсэн тоогоор техникийн хяналтын үзлэгт улсын хэмжээнд нийт 146887 тээврийн хэрэгсэл хамрагдаад байна.Үүнээс Улаанбаатар хотод 91309, орон нутагт 95578 тээврийн хэрэгсэл хамрагдсан дүн мэдээ байна. Одоогийн байдлаар оношилгоо үзлэгт хамрагдсан авто машин улсын хэмжээнд 51,4 хувьтай байна. Ирэх сарын 1-ний дотор албан татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оруулахгүй. Мөн тогтоосон хугацаандаа оношилгоонд ороогүй бол мөн замын хөдөлгөөнд оруулахгүй.  Өөрөөр хэлбэл,  тухайн авто машин өнгөрсөн жилийн зургаан сард оношилгоонд орсон бол энэ жилийн зургадугаар сараас өмнө оношилгоондоо орсон байх ёстой юм байна. Өнгөрсөн жил 280 гаруй мянган тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд хамрагдсан. Харин энэ жилийн хувьд улсын хэмжээнд 300 мянган тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдах тооцоо гарсан байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.