2011.06.01

В.Путин нефтийн асуудалд онцгой анхаарахаа амлав

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин нефть хангамжийн
асуудалд онцгой анхаарахаа амлав

Оросын Холбооны Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, тус улсын Засгийн газрын дарга В.В.Путин бараалхлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярианыхаа эхэнд бид ОХУ-тай уламжлалт, найрсаг харилцаатай бөгөөд стратегийн түншлэлийн түвшинд хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа билээ. Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой тохиож байна. Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд анхаарлаа хандуулж, шийдвэртэй арга хэмжээ авч ажилладагт Танд талархаж байна гэлээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин , 2010 онд Монгол-Оросын худалдааны эргэлт 42 хувиар, энэ жил 50 хувиар өссөн гэсэн сайхан мэдээ байгааг тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал Монгол-Оросын харилцаанд шинэ түлхэц өгөхөд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

Ерөнхиийлөгч Ц.Элбэгдорж яриагаа хамгийн тулгамдсан асуудлаас эхэлье гээд “Та бүхний мэдэж байгаачлан, манай улс ОХУ-аас түлшний хэрэгцээгээ үндсэнд нь хангадаг. Сүүлийн саруудад түлшний хомсдол бий болж, хөдөө аж ахуй, уул уурхай, нийтийн тээврийн болон бусад салбарт хүндрэл учраад байна” гээд ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээс энэ байдалд анхаарлаа хандуулахыг хүсэв. Хэдийгээр оросын дотоодын зах зээлд шатахууны асуудал үүсч байгаа ч, хоёр улсын цаашдын найрсаг хамтын ажиллагааг харгалзан яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэлт болгов. Ноён В.В.Путин боломж нөхцөлөө тооцон үзэж, “Роснефть” компанийн нөөцөөс даруй нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Засгийн газрын орлогч дарга И.И.Сечин болон бусад холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Тэрчлэн нефть хангамж, тээвэрлэлтийн хувьд цаашид алсыг харсан арга хэмжээ авах талаар 2 талаас бодолцож үзэхийг Путин санал болгов. Энэ асуудлаар ойрын өдрүүдэд холбогдох засгийн газрын гишүүдийн хэмжээнд уулзаж холбогдох зохицуулалтыг хийхээр болов.

Хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын хамтын ажиллагааны талаар мөн хөндөж ярилцлаа. 1949 оны хэлэлцээрийг шинэчлэхтэй холбогдсон асуудлаар санал солилцов. Энэ чиглэлээр 2 тал үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах нь хоёр орны харилцааны чухал асуудал болохыг тэмдэглэж, энэ талаар урьд өмнө Засгийн газрын хэмжээнд тохирсон зүйлээ хугацаанд нь хэрэгжүүлэх, “Дорнод Уран”компанийн үйл ажиллааг эхлүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч ажиллахаар боллоо.

Мал эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаад хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлэв.Оросын талаас үзүүлж буй 375 сая рублийн буцалтгүй тусламжийн хүрээнд 37 сая тун шүлхийний вакцин, 22 ариутгалын машин нийлүүлэхэд бэлэн болсноо ноён В.В.Путин мэдэгдсэн. Вакцины эхний ачилт болох 4 сая тун вакциныг ойрын үед ачихаар болсон байна. Мөн монголын талын хүсэлтээр монголд бэлтгэгдсэн үхрийн махыг байцаагч явуулж шалгуулсан гээд байцаагч нарынхаа шалгалтыг үндэслэн ОХУ руу үхрийн мах экспортлох зөвшөөрөл ойрын үед олгохоо мэдэгдсэн.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, өнгөрсөн онд Монгол Улсад учирсан зудын хүндрэлийн үеэр оросын талаас шуурхай арга хэмжээ авч малын тэжээлийн туслалцаа үзүүлсэнд болон ОХУ-д суралцах монгол оюутны тоог жил бүр нэмэгдүүлж байгаад ОХУ-ын Засгийн газрын тэргүүнд талархлаа илэрхийллээ.

Энэхүү уулзалтад монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгийг дагалдаж яваа албан ёсны төлөөлөгчид, оросын талаас Засгийн газрын даргын орлогч И.И. Сечин, Тээврийн сайд И.Е. Левитин, ХАА-н сайд Е.Б.Скрынник, Гадаад хэргийн дэд сайд А.Бородавкин болон , Монгол- Оросын ажил хэргийн зөвлөлийн оросын талын тэргүүн “Ростехнологи” корпорацийн ерөнхийлөгч С.Чемизов, “РосАтом” корпорацийн тэргүүн С. Кириенко, Оросын Төмөр зам нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нар оролцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.