Зургадугаар сарын 10 гэхэд түлшний нийлүүлэлт жигдэрнэ гэлээ
2011.06.02

Зургадугаар сарын 10 гэхэд түлшний нийлүүлэлт жигдэрнэ гэлээ

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдлын талаар ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү болоод албаны бусад хүмүүс өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийлээ.

 

shatahuun-20Тэрхүү мэдээлэлд,

2011 оны 4 дүгээр сараас ОХУ-д газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүссэнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудад дотоодод борлуулах автобензины үнийг 5 хувиас хэтрүүлэхгүйгээр нэмэгдүүлэхийг /2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр/ зөвшөөрч  газрын тосны бүтээгдэхүүний экспортын татварын хэмжээг өмнөх сараас 44 хувиар нэмэгдүүлэн 408.3 ам.долл/тонн болгож 124,4 ам.доллараар нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан. Үүний зэрэгцээ гадаадад экспортлох газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг хязгаарлах арга хэмжээ авч байна.

 

Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг “Роснефть” компанийн зүгээс ОХУ-ын дотоод нөхцөл, байдалтай уялдуулан Монгол Улсад нийлүүлэх дизелийн түлшний хэмжээг 4, 5 дугаар сард ихээхэн хэмжээгээр хассан бөгөөд манай газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниудад 5 дугаар сард 17 000 тонныг олгоод байна. Монгол Улсын дизель түлшний сарын дундаж хэрэглээ дунджаар 34000 орчим тонн байдаг. ОХУ-д шатахууны хомсдол үүссэнээс манай манай улсын иргэд аж ахуйн нэгжүүд дизель түлшийг нөөцлөх болсоноос дизелийн түлшний эрэлт огцом нэмэгдсэн.

 

Иймд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаас ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Сергей Иванович Кудряшовт хандаж Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэгцээт хэмжээгээр тасалдалгүй нийлүүлэх талаар арга хэмжээ авахыг хүсч албан захиа хүргүүллээ. Мөн ОХУ-ын “Роснефть” НХН-ийн Ерөнхийлөгч Э.Ю. Худайнатовт,  хандан 5 дугаар сард Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. 2011 оны 5 дугаар сарын 11-нээс 13-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотод очин холбогдох хүмүүстэй уулзсан бөгөөд уг уулзалтын үр дүнд Роснефть компаниас 2011 оны 05 дугаар сард нэмэж 8000 тонн дизелийн түлш олгохоо албан бичгээр мэдэгдсэн. Гэвч уг бүтээгдэхүүн өнөөг хүртэл үйлдвэрээс ачигдаагүй байна.

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын “ТНК-БП” компаниас 16 000 тонн дизель түлш нийлүүлэгдэх бөгөөд улсын хилээс 5400 км холоос авч байгаа тул тээврийн зардал нэмэгдэж, хилийн үнэ 1250 ам.доллар/тонноор авахаар болоод байгаа боловч 6 дугаар сарын 10-ны үеэр орж ирэхээр байна.

 

2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Дизелийн түлшний үлдэгдэл Улсын хэмжээнд 4800 тонн байгаа нь ердөө 4 хоногийн нөөц юм.

 

Монгол Улсын Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэвийн бус өсөлт, хангамжийн тасалдал, хомсдол үүсч болзошгүй байгаа нөхцөл байдалд шат шатанд холбогдох зохицуулалтыг  хийж төр, орон нутгийн онц чухал ач холбогдолтой байгууллагуудын хэвийн ажиллагааг хангахад чиглэсэн дараахь арга хэмжээг авч байна. Үүнд:

 

1/ Улсын нөөцөөс 2050 тонн дизелийн түлш гаргаж төр, иргэний болон орон нутгийн онц чухал ач холбогдол бүхий хэрэглэгчдийг хангах ажлыг зохион байгуулж байна.

2/ Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд ОХУ-ын Роснефть компаний Ангарскийн үйлдвэрээс өөр бусад ОХУ-ын Саратов, Уфа, БНХАУ зэрэг эх үүсвэрүүдэс харьцангуй өндөр үнээр /1250-1400 ам.долллар/ гэрээ хийгдэж байгаатай холбогдуулан автобензин, дизелийн түлшний хангамжийг нэмэгдүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлэх зорилгоор автобензин, дизелийн түлшинд гаалийн татварыг чөлөөлсөн. Мөн дизелийн түлшинд ногдуулж байгаа онцгой албан татварыг 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс чөлөөллөө.

3/ Шатахууны хомсдолын улмаас үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дулааны цахилгаан станцуудыг хангадгаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэх ажлыг 10 хоногийн хугацаагаар түр зогсоох зохицуулалтын арга хэмжээг авч байна.

4/ Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хэрэглэх дизелийн түлшний хуваарилалт, хэрэглээнд хатуу хяналт тавин, түлш хэмнэх талаар тодорхой арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга, ЗТБХБ-ын яамтай хамтран авч байна.

5/ Цаашид автобензин, дизель түлшний Улсын нөөцийн агуулахын зориулалтаар Улсын төсвийн хөрөнгөөр 2009-2010 онд газар авч, зураг төсөв нь хийгдсэн Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр аймагт баригдах агуулахуудад шаардагдах шаардагдах хөрөнгийн асуудлыг Улсын төсвийн тухай хуульд тусгахаар төлөвлөж байна.

6/ Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний яаралтай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр ЭБЭХ-ний сайд БНХАУ-д очсон, мөн Ерөнхийлөгчийн айлчлалын үеээр ОХУ-д очихоор төлөвлөж байна.

 

ОХУ-ын Роснефть компаниас 2011 оны 6 дугаар сард Монгол Улсад нийлүүлэх А-80 автобензины үнэ 118 ам.доллараар, АИ-92   123 ам.доллараар, дизелийн түлш 68 ам.доллараар тус тус нэмэгдсэн байна гэж дурджээ.

 

Байнгын хорооны гишүүд гадны орнуудыг царайчилж байхаар өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэр байгаалах ажлаа түргэвчилбэл яасан юм бэ хэмээн хэлж байсан. Н.Болдхүү даргын хэлснээр, яам болоод холбогдох газрууд боловсруулах үйлдвэрийн тал дээр сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаа гэнэ. Эхний ээлжинд Зүүнбаянд жилдээ 300 мянган тонн түлш, шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийг барихаар холбогдох зөвшөөрлийг олгон бэлтгэл ажилдаа оржээ. Мөн Чойбалсанд 121 мянган тоннын чадалтай үйлдвэр барих бол, ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар Улаанбаатарын бүсэд 200 мянган тонн түлш үйлдвэрлэх үйлдвэр барихаар болсон байна. Зунаас ажил нь эхлэх бөгөөд үйлдвэрийн эхнийх 2012 оны сүүл, дараагийн хоёр нь 2013 он, 2014 оны эхээр ашиглалтад орох юм байна. Энэ гурван үйлдвэр улсын нийт хэрэгцээний 70-80 хувийг хангах бололцоотой ажээ.

 

Чойбалсанд барих үйлдвэрийг барих ажлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийн, тодорхой хувийг улс эзэмших саналыг ирэх Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэхээр бэлтгэж байгаа аж. Нэг үйлдвэр барих зардал нь 38.3-53 сая ам.доллар бөгөөд зөвшөөрөл авсан компаниуд хөрөнгийн тал дээр асуудал үүсэхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм байна. Ийм хэмжээний түлш боловсруулах үйлдвэр бага оврынход тооцогддог бөгөөд бүтээгдэхүүний гарц 75-93 хувьтай байдаг гэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евро-3 стандартын тоног төхөөрөмжийг суурилуулах юм байна. Одоогоор газрын тосны хайгуул бүх нутагт хийгдэж байгаа бөгөөд ихээхэн хэмжээний нөөц тогтоогдсон тохиолдолд нэг тэрбум ам.долларын өртөгтэй том үйлдвэр барих асуудлыг ярилцах ажээ.

 

АНУ түлшний 500 хоногийн, Хятад 90 хоногийн Япон 6 сарын нөөцтэй байдаг гэнэ. Харин манай улс Замын-Үүдэд барьж эхэлсэн 16 мянган метр куб багтаамжтай түлшний агуулах, ирэх оны төсөвт мөнгө нь суувал барьж эхлэх 60 мянган метр куб агуулах ашиглалтад орвол 30-40 хоногийн нөөцөө хадгалах боломжтой болох юм байна
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.